Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.01.21/ өргөн барилаа.
Хууль санаачлагч болон Улсын Их Хуралд албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах санал оруулсан Улсын Их Хурлын гишүүн тодорхой шалтгаангүйгээр уг асуудлыг хэлэлцэх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байх, санаачилсан асуудлаа хуралдаанд танилцуулахгүй байх нь Улсын Их Хурал үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна. Түүнчлэн хуулиар тухайн асуудлыг хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон байхад нам, эвслийн бүлэг завсарлага авч байгаа нь хууль зөрчигдөхөд хүргэж, асуудлыг хуульд заасан хугацаанд хэлэлцэх боломжгүй болгож байна.
Мөн хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байгааг хууль санаачлагч танилцууллаа.
Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хууль санаачлагч болон Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан санал оруулсан Улсын Их Хурлын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй эсхүл, төсөл, саналаа танилцуулаагүй бол түүнийг уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, саналаа татан авсанд тооцох агуулгатай заалтыг хуульд нэмэх, 4.6 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авахыг хориглосон зохицуулалтыг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа боловсронгуй болж, Улсын Их Хурал үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад ач холбогдолтой гэж үзсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС