Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Сайдын цаг” уулзалтад оролцож, мэдээлэл хийлээ.
2015 онд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбоотойгоор батлан хамгаалах салбарын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн орчин тавигдсан. Энэ хүрээнд Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хуулиуд, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ. Мөн “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон, “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийг боловсруулж байна гэж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон онцоллоо.
Бүтээн байгуулалт, энхийг дэмжих, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй “Барилга-инженерийн батальон”-ыг Архангай, Говь-Алтай аймагт байгуулахаар болжээ. Үүнээс гадна Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний барилгын тусгай салбарыг “Барилга-инженерийн батальон” болгон өргөтгөх, энхийг дэмжих ажиллагааны бригадын штаб, Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний ангийг түшиглэн цэргийн II шатны эмнэлэг байгуулах асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлсэн байна. Мөн энхийг сахиулах ажиллагааны хүрээнд инженерийн ротыг илгээх чиглэлээр судлан, бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж, 1000 гаруй оюутныг хамруулсан бөгөөд энэ онд ч хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид тус хөтөлбөрт хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын оюутнуудыг хамруулах зорилт тавин ажиллаж байна гэдгийг Ц.Цолмон сайд тодотголоо.
Батлан хамгаалахын салбарт ажиллаж буй алба хаагчдын нийгмийн хамгаалалд анхаарч, нийслэлд цэргийн алба хаагчдын 300, албан тушаалын 63, Баян-Өлгий аймагт 40, Завхан аймагт 24 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулсан байна. Бүтээн байгуулалтын хувьд “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга зэргийг ашиглалтад оруулсан гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж, "Төмөр зам" бүтээн байгуулалтын ажилд 2000 гаруй хугацаат цэргийн алба хаагчид оролцохоор болсон зэрэг мэдээллийг хийсний дараа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР