Тост, Тосон Бумба дахь компаниудыг шалгах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Тост, Тосон Бумба дахь компаниудыг шалгах хэрэгтэй гэв

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон Бумбын нуруунд хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл байдаг талаар өнөөдөр “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс мэдэгдлээ. Тост, Тосонбумбын нуруу орчмын эко системд аюул учруулж буй зургаан лиценз нь бүгд БНХАУ-ын иргэдийн эзэмшилд байдаг аж. Тодруулбал, “Элбэг орд” компанийн эзэн нь Ли Чин Нинг, “Фокс Майнинг”, “Мөнхийн нохон далай”, “Намуун тод” компаниудыг Тан И Хан, “Эн Си Ар Ай” компани нь Ван Чан гэсэн Хятад иргэдийн эзэмшилд байдгийг “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн онцлон дурдсан юм. Мөн дээрх хятад эзэдтэй хайгуулын талбайд талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хамгаалж байсан ирвэсүүд нутагладаг юм байна. Иймээс ирвэс хамгаалагч, биологич залуу яагаад амиа алдав гэдгийг хуулийнхан шалгахдаа, мөрдөн байцаалтын ажиллагаагаа өргөжүүлж, хятад эзэдтэй дээрх компаниудыг шалгах саналыг “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн хөндөн тавьсан юм.

Энэхүү лицензтэй холбоотой мэдээллийг Ашигт малтмалын газрын /АМГ/ тоон мэдээлэл дээр тулгуурлаж мэдээлснээ тус хөдөлгөөнийхөн тодотгоод дээр хятад эзэдтэй зургаан компани хайгуул хийх зөвшөөрлөө 2007-2009 оны үед АМГ-аас авч байжээ. Зөвшөөрлийг анх авсан иргэд нь М.Одон, М.Буян гэсэн Өвөр Монгол хүмүүс байсан. Удалгүй Тан И Хан, Ван Чан гэсэн хятад иргэдтэй лицензийн зөвшөөрлөө 10 сая төгрөгөөр худалдсан гэж “Эрс шинэчлэл” хөдөлгөөний гишүүн Д.Энхбат ярилаа. Мөн тэрбээр “13107, 13108, 13109 гэсэн дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2010 онд дууссан байдаг. Гэхдээ тухайн үед АМГ-аас зөвшөөрлийн хугацааг сунгаагүй. Яагаад гэвэл байгаль орчноо хамгаалах буюу нөхөн сэргээх үйл ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй байна гэж үзсэн байдаг. Гэвч хоёр жилийн дараа буюу 2012 онд нөгөө хятад иргэд хайгуулын лицензийнхээ хүчинтэй хугацааг сунгуулсан байсан. Хэрхэн яаж сунгуулсныг хуулийнхан нэхэн шалгах хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нуруунаас 20-30 километрийн зайд нүүрсний дөрвөн том уурхай байдаг юм байна. Тост, Тосонбумбын нуруунд 22-24 тооны ирвэс болон аргал, янгир тэргүүтэй ан амьтад нутагладаг. Иймээс дээрх байгалийн ховор амьтдыг хамгаалж, экологийн тэнцвэрийг хамгаалах шаардлагатай. Ингэхийн тулд Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалттай болгох саналыг “Ирвэс хамгаалах сан”-аас гаргасан. Улмаар 652527.98 га бүхий талбайг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нөөцөд авахаар болсон. Ингэснээр тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй бөгөөд өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа хязгаарлагдах юм.  

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж