ДНБ-ий 45 хувьтай тэнцэх хөрөнгө одоогоор ил боллоо

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

ДНБ-ий 45 хувьтай тэнцэх хөрөнгө одоогоор ил боллоо

-Компанийн засаглал сайжирна, хөрөнгийн дахин хуваарилалт явагдана, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ-

Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Танхимын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо та бизнес эрхлэгчдэд хоёр зүйл амалж байсныг санаж байна. Нэг нь НӨАТ-ын хуулийг шинэчлэх, нөгөө нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулах. НӨАТ-ын шинэ хууль хэрэгжээд хагас сар өнгөрлөө. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль ирэх сарын 20 хүртэл хэрэгжинэ. Ингэснээр Монголын Улс санхүүгийн системд том реформ гарна гэж итгэж болох уу?

-Монгол улсын ДНБ-ий 40 хувьтай тэнцэх хөрөнгө сүүдрийн эдийн засагт эргэлдэж байсан. Далд байгаа их мөнгийг ил болгохын тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Хууль бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын хуулийн удиртгал нь гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс цоо шинэ систем Монголд үйлчилж эхлэх нөхцөлийг энэ хуулиар бүрдүүлсэн. Ихэнх аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан шинэчлэгдэж байгаа. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд хэрэгжсэн НӨАТ-ын хууль үндсэн философиосоо үнэхээр гажсан хууль байсан. Харин шинэ хуульд энэ алдааг засаад НӨАТ-ын эцсийн хэрэглэгч нь иргэн та шүү гэдгийг нь хуульчилж өгсөн хэрэг. НӨАТ-аа иргэн та төлж байгаа, буцаагаад НӨАТ-ынхаа 20 хувийг авах эрхийг нь олгож байгаа юм. Дээр нь сугалаанд оролцох эрхтэй болно. НӨАТ-ын хууль хэрэгжээд хагас сар өнгөрч байна л даа. Одоо иргэд маань НӨАТ төлсөн баримтаа авч байгаа. Аливаа худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгж НӨАТ төлсөн баримтыг иргэнд олгож эхэлсэн. Ингэснээр эцсийн хэрэглэгч төлсөн НӨАТ-ын баримтаа төртэй холбосноор татвар төлдөггүй худалдаа, үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байхгүй болно гэсэн үг. Том, жижиг гэлтгүй.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар хэдий хэмжээний хөрөнгө ил гарсан бэ?

-Энэ хуулийг батлуулах үедээ бид 6-7 их наядын хөрөнгө ил болох болов уу гэж таамаглаж байсан. Гэтэл төсөөлж байснаас ч илүү их хөрөнгө ил болж байна. Одоогоор ес гаруй их наядын ажил үйлчилгээ, хөрөнгө ил болоод байна. Монгол Улсын нэг жилийн төсвөөс давчихлаа. ДНБ-ий бараг 45 хувьтай тэнцэх хөрөнгө одоогоор ил боллоо. Энэ бол маш том амжилт. Аж ахуйн нэгжүүд их хамрагдаж байна. Үүний дараа шинээр хөрөнгө хуваарилалт явагдана. Дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Энэ оны эхний улирлын татварын дүнг хараарай. Татварын бааз багагүй нэмэгдсэн байх болов уу?

-Монгол Улсын жилийн төсвөөс давсан их хөрөнгө “гудсан” доор нуугдсан байсан гэсэн үг үү?

-Тийм, өнгөрсөн хугацаанд есөн их наядын хөрөнгө огтоос бүртгэлгүй байжээ гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, монголчууд гудсан дороо маш их хөрөнгө нууж байсныг л харууллаа. Орлого бүртгэдэг, ямар ч тохиолдолд хянаж болдог хяналтын зөв систем, бодлого хэрэгтэй байсан болохоос хүчтэй цагдаагийн байгууллага, хүчтэй татварын байгууллага байгаад ч энэ хөрөнгийг илрүүлж чадахгүй. “Зөв нь буруугаа, зөөлөн нь хатуугаа иддэг” гэдэг шүү дээ. Зөөлөн аргаар зөв системээр л төр эдийн засгийг хяналтдаа байлгах ёстой болгохоос цагдаа, татвар, шорон гяндангаар айлгаад нэмэргүй гэдгийг л харуулсан явдал. Одоо харин татвараас нуугдаж, хөрөнгөө нуух бололцоо цаашид аж ахуйн нэгжүүдэд байхгүй. Хэрэв хөрөнгөө нуувал зах зээлээс хүссэн ч эс хүссэн ч арчигдана гэж ойлгох хэрэгтэй. НӨАТ-ын хуулийн араас Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн албан татварын хуулийг шинэчлэхээр УИХ дээр хүлээгдээд байж байна. Энэ гурван хуулийг энэ намрын чуулган дуусахаас өмнө нэн даруй баталмаар байна. Дээрх хуулийг баталснаар манай татварын бүх систем шинээр эхлэх учиртай юм. Мөн нэгдүгээр сарын 1-нээс Нягтлан бодох бүртгэлийн хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Аудитын хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ оны есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн болон зөрчлийн хууль шинээр хэрэгжээд явна. Энэ бүх хууль бол эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлдэг. Тиймээс нөлөө үзүүлдэг хуулиудаа шинэчлээд эхлэхээр эдийн засагт, бизнест эрхлэхэд таатай байдал үүсч байгаа юм.

-Иргэд санасныг бодоход Ил тодын хуулийг идэвхтэй ашиглаж байх шиг. Мэдээлэл ч сайтай байна?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг ашиглахыг иргэд, аж ахуйн нэгж үнэхээр чармайж байна. Энэ боломжийг ашиглахгүй бол цаашид энэ зах зээлд оршин тогтнохгүй юм байна гэдгээ ойлгосон байна. Ямар нэгэн худалдан авалтаар иргэдийн оролцоотойгоор хянах нөхцөл бүрдэж байгааг манай бизнес эрхлэгчид сайн ойлгож.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хөрөнгө орлого мэдүүлдэг 40 мянган хүн хамрагдахааргүй болсон. Энэ 40 мянган хүнтэй холбоотой 200 мянган хүн хөрөнгө ил гаргаж боломжгүй байгаа. Энэ тохиолдолд дахиад л нөгөө авлига бий болох, татвар, цагдаагийнхны үнээ,гахай болдог явдал хэвээр үлдэх биш үү?

-Хөрөнгө орлого мэдүүлдэг 40 мянган хүнийг энэ хуульд хамруулахгүй гээд заалтыг нь хасчихсан. Энэ асуудлыг удахгүй УИХ-аар хэлэлцэх болов уу. Хөрөнгө орлогоо мэдүүлдэг 40 мянган хүн, түүний ард байгаа 200 мянган хүн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг ашиглаж чадахгүй болж байгаа юм. Ашиглалаа гэхэд ажлаа өгөхөөс өөр аргагүй. Хөрөнгө орлогоо нуусан бол хуулийн хариуцлага хүлээнэ гээд заачихсан байгаа шүү дээ. Ажлаасаа халагдахгүй гэвэл хөрөнгөө нуусан чигтээ үлдэхээс өөр аргагүй. Энэ бол дахиад л нөгөө хууль хяналт, татварынханд барьцаалагддаг байдлыг бий болгоно. Өөрөөр хэлбэл, нэг хоёр жилийн дараа энэ байдлыг субьектив байдлаар ашиглаж магадгүй байдал харагдаад байгаа юм. Ерөнхийдөө бүгд гаргаад өгчихвөл ийм асуудал гарахгүй. Тиймээс энэ асуудлыг яаж шийдэх вэ гэсэн янз бүрийн хувилбар УИХ дээр яригдаад байгаа юм билээ.

-Яг үнэндээ хөрөнгө орлого мэдүүлдэг 40 мянган хүнээс маш их хөрөнгө илэрч магадгүй шүү?

-Тиймээс л хэсэг хөрөнгө сүүдрийн эдийн засагт үлдээж байхаар нэг мөр бүгдийг нь гаргая л гэж яриад байгаа юм. Сүүдрийн эдийн засгийг дагаад нөгөө л авлига хээл хахууль, хар мөнгөөр бизнесийн дарамталдаг, хэвлэл мэдээллийг дарамталдаг, төрийн дарамталдаг нөгөө бүх юм үлдэх гээд байгаа юм. Тэгэхээр энэ хөрөнгийг заавал ил гаргах ёстой.

-Жижиг дунд бизнес эрхлэгчид бол НӨАТ-аар дамжуулан биднийг хянах нь гээд их дургүй байгаа?

-Одоо олгож байгаа хоёр боломжийг ашиглахгүйгээр татвараас бултаад, зугатаад амьдраад байна гэдэг бол эндүүрэл шүү. Өөрийгөө хорлож, зах зээлээс шахагдах боломжоо бүрдүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Малчид хүртэл энэ хуулийг боломжийг ашиглаад нуусан мал хуйгаа гаргах хэрэгтэй.

-Ил тод байдлын тухай хуулийг батлах нэг зорилго нь “Чингис” бондтой холбоотой гээд зарим хүн яриад байгаа?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар ес гаруй их наядын хөрөнгө ил боллоо. Энэ оны нэгдүгээр улирлаас гэхэд татварын бааз суурь нэмэгдээд эхэлнэ. Монгол Улс он гараад эхний нэг 500 сая ам.долларын өрийг төлж эхэлнэ. Энэ өрийг төлөхийн тулд мөнгө төлнө гэж байхгүй. Тиймээс татвараа нэмэх үү, татварын бааз сууриа нэмэгдүүлэх үү гэсэн хоёр арга байсан. Татвараа нэмэгдүүлэлгүйгээр татварын бааз сууриа өргөжүүлээд өрөө төлөөд явах нь ашигтай биз дээ. Нөгөө талаар хямралаас гарахад асар том түлхэц болно. Өнгөрсөн 2011 онд эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарсан нь 2007 оны Татварын өршөөлийн хуулийн үр дүн байсан шүү дээ. Ер нь бол энэ хуулийг хэрэгжүүлснээр олон эерэг үр дагавар гарна. Компанийн засаглал сайжирна, хөрөнгийн дахин хуваарилалт явагдана, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Монголд нэг хүний засаглалтай компанийн засаглал ингээд дуусч байна гээд ойлгочих хэрэгтэй. Монголын нийт компанийн 99 хувь нь нэг хүнийх шүү дээ. Гэтэл цаанаа нэг хүн биш нэг хэсэг хүнийх байдаг. Бид засаглалаа сайжруулчихвал газрын баялаг руугаа том тоглогч болон орж ирэх боломж бүрдэж байгаа юм. Өнөөдөр 20 сая тонн нүүрс гаргах том компани хэрэгтэй. Төр биш хувийн хэвшил л эцсийн эцэст нүүрс ухна шүү дээ.

-Төр өөрөө нүүрсээ ухаад төмөр замаа тавиад явна гэж зарим улстөрч яриад байдаг. Та болохоор компаниудаа томруулаад эрдэс баялгийнхаа зах зээлд оруулах боломж бүрдлээ гэж баярлаад байдаг?

-Төрийн нийтийн хамааралтай өмчийг эзэмших, ашиглах эрхийг яаж өгөх вэ гэдгийг өнөөдрийг хүртэл Үндсэн хуульдаа хуульчилж өгөөгүй. Энэ манай өнөөдрийн нэг алдаа. Нөгөө талаасаа нийтийн мөнгө гэж байдаг. Төсвийн мөнгө, төсвийн хөрөнгө оруулалт, даатгал. Энэ нийтийн мөнгөн дээр тоглодог сайн улстөрч гарч ирэхгүй байна. Манайд нийтийн мөнгөнөөс хулгайлдаг нөхдүүд гарч ирээд байгаа болохоос нийтийн мөнгийг эргэлтэд оруулж, том тоглолт хийдэг менежер алга. Засгийн газар бол улсын нэгдсэн төсөв дээр тоглож байгаа менежерүүд шүү дээ. Нөгөө талд нь 60, 70 мянган хувийн хэвшлийн тоглогч байна. Уг нь төр ямар байдлаар эдийн засаг руу орж ирдэг вэ гэвэл татварын зохицуулалтаар. Харамсалтай нь, энэ тоглолтууд тодорхой болчихвол төр өөрөө бизнес хийгээд явах хэрэггүй гэсэн үг. Төр бол аль болох иргэддээ эрх чөлөөг нь өгөөд өөрсдөө бизнесээс холдох хэрэгтэй. Харин ардчилсан чөлөөт зах зээлийг тунхаглаж гарч ирсэн улсууд маань төрийн хамааралтай компани байгуулдаг болжээ. Ялангуяа ардчиллын өвөө нараа та нар зарчим дээрээ зогс гэж хэлмээр байна. Одоо өөрсдийгөө хаан гээд ойлгочихсон. Бараг Монголбанк хуулиа зөрчөөд баахан мөнгө тараасан шүү дээ. Үүнээс болоод мөнгөний ханш навс унасан. Тиймээс ардчиллын өвөө нараа одоо болно гэж хэлмээр байна.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж