Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Монголчууд их гэнэн юм аа. Гэнэн гэхээсээ илүү тэнэг ч юм шиг.
Хууртсаар, алдсаар, хууртагдсаар байж хаширдаггүй. Амар хялбархан аргаар
хөлжихийг хүссэн шунал хүслээсээ болоод бусдад дандаа ашиглуулж,
мадлуулна.  Гэнэн тэнэг занг нь далимдуулан зарим нь хөлжинө.

Ердөө 650 мянгахан төгрөг тушаагаад япон машин авах санал тавьж байсан
“Байгаль эрдэнэ сан”-гийнханд залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад
хандсан гэнэ. Байгаль эрдэнэ сан” гэх гоёмсог нэрийн дор машины,
тавилгын, байрны сүлжээг эхлүүлж, гэнэн тэнэгхэн иргэдийн хэтэвчийг
хэсэг нөхдүүд сэгсэрчихэж. Он залуу, сүүлийн үеийн машиныг сүлжээгээр
авахын төлөө олон ч хүн хууртагдсан юм байх. Одоо тэд алдсан мөнгөнийхөө
хойноос аргаа барж байна.

Хориодхон хоногийн өмнө машины сүлжээг, хоёр хоногийн өмнө байрны
пирамидыг өрж эхэлсэн тус компанид 25-110 сая төгрөгөө залилуулсан
иргэд ихээхэн гомдолтой байгаагаа телевизээр илэрхийлэв.  Бүр байраа
зараад баахан хүн доороо элсүүлсэн гэх нэгэн хүн гомдоллох нь үзэгдэв.
Энэ залилан Монголд анх удаа  гарч буй хэрэг биш л дээ. Үүнээс өмнө өч
төчнөөн иргэд Хадгаламж зээлийн хоршоонд хамаг мөнгө алдаж, түүнийг нь
төрөөс төлж байсан тохиолдол бий. Хамаатан садангуудынхаа орон гэрийг
зараад өндөр хүүтэй хадгаламжаас мөнгө цохих гэсэн шуналаасаа болоод
хохирч үлдсэн өчнөө хүний гашуун туршлага уг нь бий. Иймэрхүү төрлийн
сүлжээний бизнест итгээд хоосон хоцорсон хохирогчид захаас аван байгаа.
Ийм жишээ цөөнгүй байхад иргэд яагаад өмнөх гашуун туршлага, болсон
явдлаас сургамж авалгүй шуналдаа хөтлөгдөж, нэг нь залилаж, нөгөө нь
залилуулж байна вэ. “Оюуны хөрөнгө оруулалт хийнэ. Интернэтээр мөнгийг
чинь өсгөнө” хэмээн иргэдээс багагүй хэмжээний мөнгө залилсан “Start
work marketing” гэх компанийн хэрэг цагдаа, шүүхдээ тулж байж л асуудал
нь шийдэгдсэн. “Шинэ санаа төв”-ийн хэрэг ч шинэхэн хэвээр байгаа. "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье" уриатай “Ундран цацрах" компанийн 55-ын
сүлжээнд байдгаа барсан иргэд байгаа. Энэ мэт аргаар иргэдээс их
хэмжээний мөнгийг залилсан хэрэг зөндөө бий. Одоо дахиад “Байгаль
эрдэнэ сан”-гийн хэрэг асуудал үүсгээд байна. Хэн ч бодсон 650 мянган
төгрөгөөр япон машинтай болно гэдэг хүний санаанд багтамгүй. Тэр тусмаа
сүлжээгээр байртай болно гэдэг тэнэг хүний л санаанд багтах үйлдэл.  
“Энэ чинь залилан шүү” гэсэн анхааруулга, сэрэмжлүүлгийг эс тоон хөнгөхөн аргаар хөлжих гэсэн игэдийн хувьд өөрийнхөө ухсан нүхэнд өөрөө
ойччихсон л хэрэг шүү дээ. 

Сүлжээгээр байртай, машинтай болохыг рекламдаж, иргэдийн шунал хүслээр
багагүй хөлжөөдавсан  “Байгаль эрдэнэ сан”-гийн эзэд болох нөхдүүд усанд
ойчсон чулуу шиг алга болчихсон гэнэ. Тэд нийтдээ 600 сая төгрөгийг 
иргэдээс залилсан гэх хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгээд эхэлсэн талаар
цагдаагийнхан ярьж байна.  Машины пирамид өрж, өрсөн пирамид нь нурахаас
өмнө өвөртөлсөн хэдээ аваад “Байгаль эрдэнэ сан”-гийн эзэд зугтчихаж.
Яасан танил зураг вэ. Энэ зураг монголчуудад их танил санагдаагүй гэж
үү. "Байгаль эрдэнэ сан" ТББ буюу 650.000 мянгын сүлжээний эзэн
Т.Уранчимэг болоод түүний хамсаатан Н.Содномпил, Г.Мэндсайхан нарт
Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.4-д
зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Гэхдээ тэр хүмүүс нь хаашаа юм
алга болчихоод цагдаагийнханд олдохгүй байгаа аж.   Энэ хэрэг дээр
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар,
УМБГ-ынхны хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.  Маш
хямдхан,650 мянган төгрөгөөр машинтай болно гэсэн заруудын хойноос
цагдаа нар яагаад санаа тавьдаггүй юм бол. Тэгсэн мөртлөө дараа нь бөөн
сүржигнэл болдог. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгчээр өч
төчнөөн иргэд бусдад залилуулахаас өмнө энд тэнд тавигдаж байгаа элдэв
мэдээллийн мөрөөр  цагдаагийн байгууллагаас шалгалт хийсэн бол энэ
хэрэгт ийм олон хүн залилуулахгүй байсан ч юм билүү, хэн мэдлээ. Өөрөө
унасан хүүхэд уйлдаггүй гэдэг.  Өнгөрсөн гашуун түүхээсээ сургамж авсан
бол өнөөдөр үсээ зулгаагаад уйлах хэрэг гарахгүй ч байсан юм билүү.
Сүлжээний бизнесийн залиланг монголчууд бид анх удаа мэдрээгүй шүү дээ.
Амар хялбар аргаар амьдрах гэсэн шунал хүслээсээ болоод ашиглагдаад
байгаа юм биш үү, бусдад. Мэхт мэхэндээ гэдэг  энэ л байх даа.

Ж.ЭРХЭС

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж