Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөг монголчуудад ашиггүй болсон хэмээн үзэж УИХ-ын 20 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болж байгаа “Дубайн гэрээ”-ний талаар “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.
-Дубайн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг буруутгаж байна. Энэ гэрээ ашиггүй болсон гэдэг нь үнэн үү?
-Гурван мянган ажлын байрыг шинээр бий болгох суурь тавьсан. Өнөөдөр 6500 хүн Оюутолгойн уурхайд ажиллаж байгаа. Дээрээс нь 4.4 тэрбум ам.долларын зээлийг Монголд босгосон. Гол нь бид хууль зөрсөн нэг ч зүйл хийгээгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн нэг ч заалт байхгүй. Дубайн төлөвлөгөөнд бүх зүйл хуулийн дагуу явж байгаа. Хэрэв муу, сайн гэж ярих юм бол байгаа нөхцөл байдлыг харин ч сайжруулсан. Өөр зүйл байхгүй.
-Гэтэл энэ асуудал Засгийн газрыг огцруулах хүртэл хэмжээнд яригдаад байна шүү дээ?
-Бид Оюутолгой гэдэг компанийг бизнесийн зарчмаар явуулахыг зорьж байна. “Эрднэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компани бол хувьцаа эзэмшигч Засгийн газрын өмнөөс буюу Монгол Улсын иргэд бидний өмнөөс хувьцаагаа эзэмшээд явж байгаа. Тэгэхээр Оюутолгой компани ашигтай ажиллаж байж л бидэнд үнэ цэнэ нь ирнэ. Тийм зорилготой л ажиллаж байна. Улс төр бизнесээс тусдаа асуудал.
-Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд Монголын талын ногдол ашиг хүртэх хугацааг хойшлуулж, сунгасан гэрээ байгуулсан гэж онцолсон. Ашиг хүртэх хугацааг хойш сунгаснаар сөрөг тал нь юу вэ?
-Бид санхүүжилтийнхээ өртгийг багасгаж, зээл авч байгаа нь хүртэх ашгаа л түрүүлж авах гэсэн бодлого. Харин бидний тогтоон барьж чаддагүй зэс, алтны үнэ унаад байвал компани ашиггүй, үнэ өсвөл бид ашгаа хурдан авна. Оюутолгойг ашигтай ажиллуулдаг компани болгох нь бидний зорилго. Ашгаа заавал тэр заасан хугацаанд авна гэсэн үг биш. Ашгаа хурдан авахын төлөө л ажиллаж байна. Бид бүгдээрээ хувьцаа эзэмшигчид.
-Улс төрийн иймэрхүү нөхцөл байдал Оюутолгойн гэрээнд хэрхэн нөлөөлөх бол?
-Оюутолгой бол УИХ-аар батлагдсан хөрөнгө оруулалтын гэрээтэй маш том бүтээн байгуулалтын процесс. Хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд таван жил болж байна. Бүх зүйл хуулийн хүрээнд явж байгаа болохоор янз бүрийн асуудал үүсэхгүй байх. Улс төрийн орчин тодорхойгүй байвал эцсийн эцэст юу болдог вэ гэхээр зардал нэмэгддэг. Засгийн газрын бонд босгож байгаа процесс нь зөв. Бүх Засгийн газар олон улсын зах зээлд бонд босгодог. Гэтэл бид дотооддоо янз бүрийн асуудал үүсгээд, тэр асуудлын үр дагаврыг зөвхөн дотроо болоод байна гэж бодоод байдаг. Үүний үр дүнд Монголд бизнес эрхлэх зардал нэмэгддэг байхгүй юу. Тэгэхээр хариуцлагатай байх хэрэгтэй.
-Үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлаас болж Оюутолгойн хувьцааны үнэнд өөрчлөлт орсон уу?
-Зэс болоод нүүрсний зах зээл хүнд байна. Үүнтэй холбоотойгоор Монголын олон улсын зах зээлд хувьцаа нь арилжаалагддаг компаниудын нөхцөл байдал хүндэрсэн. 2016 он бол чухал он. Дэлхийн хэд хэдэн нөлөө бүхий улсад сонгууль болно. Зарим бүс нутагт мөргөлдөөн болж байна. Тэгэхээр 2016 он бол манай улсын хувьд ч чухал он. Тиймээс бид бизнесээ л сайн явуулах ёстой. Эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдлыг бид яаж давах вэ гэхээр зардлаа багасгаж л давна.
-Банкууд зээл олгохоор гарын үсэг зурсан. Мөнгө нь хэзээ манай талд орж ирэх вэ?
-Бүтээн байгуулалтын үйл ажиллагаа одоо үргэлжлээд явж байгаа. Өнөөдөр хүйтний улиралд үйл ажиллагаа хязгаарлагддаг. Бид бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Зээлийн санхүүжилт хавраас орж ирнэ. Бид зардлаа багасгаж, тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх боломжтой болж байгаа. Өнөөдөр дутуу баригдсан барилгууд нийслэлд их байна. Эд санхүүжилтээ төлөвлөж чадаагүйнх. Бид ийм алдаа гаргахгүйгээр санхүүжилтээ шийдсэн.
-Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимчиж эхлэхээр хичнээн ажлын байр нэмэгдэх вэ?
-2016-2020 оны хооронд 3000 шинэ ажлын байр нэмэгдэнэ. Энэ нь Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, барилгын ажилтай холбоотой. Өнөөдөр Оюутолгойд 6500 хүн ажиллаж байгаа. Оюутолгойн барилгын ажил ид явж байх үед 10 мянган монгол хүн ажиллаж байсан. Ажлын байр нэмэгдэж байгаа нь манай эдийн засагт маш том дэмжлэг болно. Иргэдийн хувьд ч ипотекийн зээл, хүүхдийн сургалтын төлбөр зэрэг өрхийн амьжиргаанд дэмжлэг болж байгаа юм.
-Ханган нийлүүлсэн компаниуд санхүүжилтээ авч чадахгүй байна гэсэн гомдол гарсан нь үнэн үү?
-Энэ худал мэдээлэл. Дүрэм журмынхаа дагуу явж байгаа. Компани ханган нийлүүлэгчдээ 45 хоногийн дотор хоногийн дотор гэрээний дагуу төлбөрөө хийдэг.
Т.ДАВААНЯМ