АНУ-д эзэмшсэн боловсролоо Ховдод түгээж яваа бүсгүй

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

АНУ-д эзэмшсэн боловсролоо Ховдод түгээж яваа бүсгүй

-Иннноваци технологийн инкубатор төвийг нээн, хоёр ч үйлдвэрийг ашиглалтад оруулж, гурван үйлдвэрийг туршиж, мөн эко байшингийн технологийг нутагшууллаа-

Ховдын Их сургууль бол хөдөө орон нутагт дээд боловсрол олгодог цөөн сургуулийн нэг. Тус сургуулийн захирал, математикийн ухааны доктор, профессор Ж.Янжмаатай ярилцлаа.

-Сайн байна уу? Таныг Улааанбаатарт ирсэн сургаар тантай уулзах гэж ирлээ. Ямар ажил амжуулах гэж ирэв?

-Энэ удаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд болж буй сургалт, семинарт оролцохоор ирлээ. Мөн бусад ажил байна. Мэдээж хийж байгаа ажил маань боловсролын салбар учраас тэр бүгдтэй холбоотой ажил их бий. Миний хувьд орон нутгийн их, дээд сургуулиудын холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Баруун бүсийн ууган их сургуулийн захирлын хувьд БСШУЯ-д тавьсан саналууд олон байгаа.

-Таны хувьд БНСУ, АНУ-д суралцаж байсан. Мөн АНУ-д математикийн онолоороо докторын зэрэг хамгаалжээ. Монголдоо ирсэн даруйдаа яагаад орон нутагт ажиллах болсон бэ?

-Бид гэр бүлээрээ ярилцаж байгаад Монголдоо очиж ажиллах шийдвэр гаргаж байсан. Гэхдээ энэ сонголт би эхэлж хийгээгүй. Манай нөхөр АНУ-д байхдаа Худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн төлөөлөгчийн ажилтай байсан. Баруун аймгуудаас төлөөлөгч нар очоод бидэнтэй уулзаж байх үеэрээ санал тавьж байсан юм. Миний хувьд Ховд аймагт шинжлэх ухааны парк байгуулах төсөл биччихсэн байсан. Монголд ирсэний дараа Боловсролын сайдтай уулзах боломж гарсан. Би Ховд аймгийн боловсролын байгууллагыг ингэж хөгжүүлж болох юм байна гэдгийг цаасан дээр биччихсэн байсан болохоор түүнийгээ хөгжүүлэх хүсэлтэй байлаа. Тухайн үед мөн захирлууд нь солигдож байсан үе таараад томилогдсон. Маш хурдан шийдвэр гаргаад Ховд аймаг руу явж байсан. Гадаадад 10 жил амьдарсан учраас хөдөө очиход гайхах хүн олон байлаа. Миний хувьд Монголын төрийн их, дээд сургуулиудын орон нутаг дахь салбарын анхны эмэгтэй захирлаар 2013 оны хоёрдугаар сард томилогдсон. Их хүсэл зоригтой Ховд аймаг руу явж байсан.

-Та Ховдын Их сургуулийн захирлын үүрэгт ажлыг авснаас хойш хэдийнэ гурван жил өнгөрсөн байна. Энэ хооронд хийсэн ажлынхаа талаар уншигчдад сонирхуулаач.

-Баруун бүсийн хувьд Ховдын Их сургууль том айл. Би хамгийн түрүүн их, дээд сургуулийн хариуцлагыг сайжруулахад анхааран ажилласан. Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран инноваци технологийн инкубатор төв, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр, Цөлжилт экологийн сургалт судалгааны төв, мөн ОХУ-тай хамтран Мөстөл, уур амьсгал мониторингийн төвүүдийг байгууллаа. Мөн яам сургалтын хөтөлбөрүүдийн шинэчлэл хийж байна. Орон нутагт эдийн засаг, нийгэмд хэрэгцээтэй асуудлыг шийдэхэд их, дээд сургуулийн үүрэг чухал байдгийг барууны орнуудын туршлагаас харснаа хэрэгжүүлэх олон ажлыг хийж явна. Би БНСУ, АНУ-д шинжлэх ухааны практиктай их ойр ажиллаж байсан. Ховд аймагт шинжлэх ухааны парк байгуулахтай холбоотой судалгаа зөвлөмжийг БСШУЯ-нд хүргүүлсэн байгаа. Иннноваци технологийн инкубатор төвийг нээн, хоёр ч үйлдвэрийг ашиглалтад оруулж, гурван үйлдвэрийг туршиж, мөн эко байшингийн технологийг нутагшууллаа. Бидний амьдралд гарч буй тэр бүх дэвшил шинжлэх ухаантай холбогдон гардаг. Амьдралд хэрэгцээтэй технологийг нэвтрүүлэх зорилго тавьсан. Үүнийхээ нэгэн зорилгыг биелүүлсэн. Бас клубүүдээс эхлээд их зүйл байгаа.

-Заримаас нь дурдахгүй юу?

-Бид “Ажилла, амьдар, сур, тогло” гэсэн загвар төлөвлөгөөг 2013 онд боловсруулж байсан. Ер нь бид ажил ажил гэж гүйсээр байгаад нэг мэдэхэд цаг хугацааг алдчихсан байдаг. Гэтэл хүн урлаг, спорт руу анхаарлаа хандуулах юм бол илүү их бүтээмжтэй харагддаг. Тиймээс ном унших, өглөө эрт босох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гээд олон клуб нээсэн. Одоо ХИС дээр 30 гаруй клуб ажиллаж, 2000 гаруй оюутан хамрагдаж байна. Бидэнд боломж байна. Харин түүнийг нь хийх сэдлийг төрүүлэх ажлууд чухал байна. Манай сургуулийн багш нар маш чадварлаг. Тэнд үнэхээр ажиллах сэтгэлтэй багш нар үлдсэн. Бид маш олон туршилт хийж байна. Элсэн байшингийн технологийг анх удаа нэвтрүүллээ. Мөн газар тариалангийн 100 хувийн органик бордоо гаргаж, хэрэглээнд нэвтрүүлсэн. Багш нар олон зүйлийг туршиж үзэж байна. Гол нь судалгааныхаа ажлыг амьдралтай холбож эхэлсэн. Энэ л чухал байлаа. Сүүлийн жилүүдэд орон нутгаас Улаанбаатар хот руу шилжсэн шилжилт хөдөлгөөн их болсныг бид бүхэн мэдэж байгаа. Үүнийг сааруулах талаар төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага анхаарч ажиллах шаардлагатай.Ялангуяа иргэдийг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллахад нь анхаарах нь чухал юм. Үүнд улам их анхаармаар байна. Азийн хөгжлийн банкнаас хэрэгцээтэй төслүүд яригдаж байна. Үүн дээр орон нутагт түлхүү анхаарах нь зүйтэй байгаа.

-Эргээд харахад эхлүүлсэн ажлынхаа үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Боловсролын салбар өөрчлөлт, шинэчлэлт удаан явагддаг гэж хүмүүс хэлдэг. Миний хувьд АНУ-д математикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан хэрнээ удирдах албанд ажиллаж байгаагүй хүн. Монголд ирсэн хойноо энэ ажилд шууд томилогдсон.Оюутнуудын клубийн үйл ажиллагааг харахад тэд өөрсдийгөө хөгжүүлэх боломж нь сайн болсон байна. Инкубатор төвийг маш сайн тордож явахгүй бол их хөрөнгө хэрэгцээтэй салбар. Инноваци технологийн төвд хийгдэж байгаа туршилтуудад алдах, дутагдах зүйлүүд бий. Энэ бол хэрэгцээтэй салбар учраас анхаарах юм байна. Мөн сургалтын тал дээр улам сайн анхаарна. Гадаад хэлний мэдлэг дээр ихээхэн анхаарч байна. Англи, солонгос, хятад, франц хэлний төвийг ажиллуулж байгаа. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэсэн аяныг эхлүүлсэн. Энэ нь бие биенээсээсуралцах зорилготой. Дээхэн үед бол тэргүүн туршлага судлах гээд байсан шүү дээ. Ер нь бол хийх зүйл маш их байна.Зорьсон зүйлээ бага багаар хийсээр байна. Бид өөртөө их итгэх хэрэгтэй. Заавал гадаадад байсан хүн чадалтай, мундаг байх албагүй шүү дээ. Бид дотроо маш их нөөцтэй. Түүнийгээ л сайн олж, харах хэрэгтэй. Манай сургуульд маш чадварлаг багш нар олон байдаг. Анх очиход манай сургууль тав орчим тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байсан. Гэтэл энэ нь хоёр орчим тэрбум төгрөгөөр өссөн байгаа. Гадаад харилцааг өргөжүүлж, хамтран ажиллах, мөнгө босгох арга байдаг. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтад ихээхэн анхааран ажиллаж байна.

-Баруун бүсийн ууган их сургуулийн хувьд томоохон шинэчлэлт хийсэн нь харагдлаа. Мөн гадаад харилцаа ихээхэн өргөжсөн байна.

-Сургалтын чанар дээр их анхаарч байгаа. Гадаад харилцаагаар дамжуулаад багшийн мэргэжил дээшлүүлэхэд ихээхэн анхаарлаа. Өнгөрсөн онд 180 багш мэргэжлээ дээшлүүлсэн. Үүнээс давхардсан тоогоор 90 нь гадаадад богино, урт хугацааны сургалтад хамрагдсан байна. Ховд нутгийн нэг давуу тал нь хоёр хөрштэйгээойр байдаг. Тиймээс бүсийн сургуулиудтай хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн анх удаа Ховд их сургууль АНУ, БНСУ-ын их, дээд сургуультай хамтын ажиллагаатай боллоо. Одоогоор Япон, БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг гадаадын нийт 35 оюутан суралцдаг. БНХАУ-аас бол Шинжан Уйгарын монгол хэлтэй оюутнууд сурдаг учраас хэлний хувьд хүндрэл багатай. Гэхдээ БНСУ, Японоос ирж суралцаж байгаа оюутнуудын хувьд монгол судлалын ангийг сонгоод судалчихсан байдаг. Гадаад оюутнуудын хувьд хэлний чиглэлээр түлхүү суралцдаг. Угсаатан зүй судлал, түүх, газар зүй зэрэг чиглэлээр эрдэмтэд ч судалгааны ажил хийдэг.

-Таны хувьд өнгөрсөн онд “Азийн шилдэг залуу удирдагч” гэсэн шагналыг авч байсан. Энэхүү шагналынхаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-Азийг дэлхий нийтэд түгээх зорилготой Азийн нийгэмлэгээс энэхүү шагналыг олгодог. Өнгөрсөн онд 22 улсаас 32 залуу удирдагч сонгогдсон.Гол үзүүлэлт нь хүний нийгмийн төлөө ямар зүйл хийсэн бэ, чи бусдаас юугаараа өвөрмөц байна вэ гэдэг нь чухал байсан юм билээ.Тухайн улс орноос 40 хүртэлх насны залуусыг сонгож авдаг. Гэхдээ энд би өөрөө нэрээ дэвшүүлэхгүй. Өөр хэн нэгэн дэвшүүлнэ. Анх бол 800 орчим хүн хандсан гэж байсан. Надад 2013 онд Азийн нийгэмлэгээс таны нэр дэвшигдсэн байна гэж мэдэгдэж байсан. Тэгээд шалгаруулалт нь өнгөрсөн оны зургадугаар сард болсон юм. Энэхүү шалгаруулалтыг жил бүр хийдэг байсан бол сүүлийн жилээс хоёр жилд нэг удаа шалгаруулдаг болсон байсан. Миний нэг давуу тал бол орон нутагт ажиллаж буй эмэгтэй захирал гэдгээрээ бусдаасаа ялгаатай байсан байх.Шагналыг 2015 оны арванхоёрдугаар сард Хонконгт гардуулсан. Тэнд эдийн засаг, нийгэм, боловсрол, хууль эрх зүй, медиа гээд олон салбарын шилдэг залуус байсан. Улс төрийн салбарынх бол харьцангуй цөөн байдаг юм билээ. Энэхүү шагналыг авсандаа баяртай байдаг. Азийн нийгэмлэгээс тухайн шилдгээр шалгарсан хүнийг шагнаад орхидоггүй. Нийгэмлэгийн гишүүн болоод маш том сүлжээг үүсгэдэг. Эрч хүчтэй залуустай уулзахад сайхан байсан. Бас тэр хүмүүс “яаж чамд туслах вэ” гэж асууж байлаа. Ер нь бол маш том сүлжээг бий болгож чадлаа. Энэ л чухал байлаа. Яг энэ цаг үед тухайн улс орондоо амжилт гаргаад явж байгаа тэр залуустай уулзаад тэднээс туршлага судалж, байнга холбоотой байна гэдэг бол өөрөө маш том боломж.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж