Албан ёсны мэдээ болон Хятадын эдийн засгийн бодит байдал зөрж байна гэж нэртэй топ-хөрөнгө оруулагч, тэрбумтан, санхүүгийн шинжээч, "The Gloom, Boom & Doom Report" товхимолыг хэвлэн нийтлэгч Марк Фабер үзэж байна.
Хятад эдийн засгийн өсөлтөө долоон хувь гэж зарласан ч бодит байдал дээр дөрвөн хувь гэж 2015 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн тухай илтгэлдээ тэр хэлжээ.
"Эдийн засаг бол маш ээдрээтэй үзэгдэл юм. Эдийн засгийн зарим салбар нь өргөжиж байхад нөгөө хэсэг нь буурч байдаг. Хамгийн нааштай дүгнэлтээр эдийн засаг нь дөрвөн хувиар өссөн байгаа юм шиг надад санагдаж байна. Бага байхыг ч үгүйсгэх аргагүй” гэж Фабер CNBC телевизээр ярихдаа мэдэгдсэн байв.
Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт 2015 онд 6,9 хувь хүртэл саарч, 25 жилийнхээ хамгийн доод төвшинг харуулсан тухай Мягмар гаригт нийтлэгдсэн статистикийн мэдээ харуулсан юм. Өнгөрсөн жилийн сүүлийн улиралд ДНБ нь 6,8 хувь өссөн гэсэн ч энэ нь эргэлзээ төрүүлж байгаа билээ.
"Итгэж болохоор үзүүлэлтүүд бий. Тухайлбал, Тайвань, Өмнөд Солонгосын Хятадад хийсэн экспорт-импортын мэдээ байна. Үзүүлэлт нь үнэн хэрэгтээ нэлээдгүй сул гэсэн сэтгэгдэл төрөөд байгаа юм” хэмээн Фабер өгүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт Хятад мэдэгдэхдээ, өмнөх оныхоос экспорт нь арванхоёрдугаар сард 1,4 хувиар буурлаа гэсэн байв. Гэтэл импортын уналт 7,6 хувийг заасан нь шинжээчдийн хүлээлтээс хамаагүй доогуур байлаа. Гэсэн хэдий ч үзүүлэлт буурч байгааг зургаа дахь жилдээ дараалан ярьж байна.
“Баавгайн” зах зээл үүсгэх Хятадын өрийн талаар зовинож буйгаа тэр бас хэлэв. “Хятадад өрийн хөөс маш томорсон нь банкны салбарт асар том хохирол дагуулах эсвэл хөрөнгө оруулагчдын үнэт цаасны зах зээлд үнэгүйдэх магадлалтай байна” гэж тэр мэдэгджээ. Албан ёсны мэдээгээр, Хятадын гадаад өр нь есдүгээр сарын сүүлчээр 1,53 их наяд ам.доллар болсон байлаа.
"Үүний зэрэгцээ, одоо аажмаар унаж байгаа хөрөнгийн зах зээлийн бас нэг том хөөс байна” гэж Фабер тэмдэглэв.
Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш Shanghai Composite индекс 20 хувиар унасан. Энэ нь өнгөрсөн оны зургадугаар сард доод хэмжээндээ очсон 52 долоо хоногийн дунджаас 40 хувиар бага байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР