“Ардчилсан шинэ үндсэн хууль” батлагдсаны 24-н жилийн ойн өдөрт зориулсан “Нийтийн монгол бөх”-ийн шандастаны барилдаан 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Ням гараг”-т Зуунмод суманд боллоо.
Зуунмод сумын ИТХ, сумын “Үндэсний бөхийн холбоо”-тойгоо хамтарч 3 дахь жилдээ зохион явуулж байгаа тус барилдаанд 24 бөх барилдсанаас: Баян-өнжүүл сумын харъяат Гэрэлийн Найдандорж түрүүлж, аймгийн Цагдаагийн газрын бөх М. Адъяаболд, Баянхошуу багийн иргэн тус барилдааны 2015 оны аварга Ч.Батсуурь нар удаах байрт шалгарав.
Шинэ оны анхны барилдаан болон зохиогддог барилдааныг сумын ИТХ-ын дарга Д.Бэрцэцэг нээж хэлсэн үгэндээ “Бид бүхэн энэ их өв соёлоороо бахархаж хууль дүрэм, журмыг хүндэтгэн мөрдөж, элдэв хорт зуршилуудаас татгалзсан, эрүүл чийрэг бие бялдартай, ёс суртахууны зөв төлөвшилтэй, шилдэг тэргүүний үлгэр жишээч иргэд байх ёстой” гэж онцлоод ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсч, шинэ оны мэндийг дэвшүүллээ.
Аймгийн Заан С.Баярсайхан эзэнтэй “Ноён уул” зоогийн газар, сумын Заан Б. Зоригтбаатар захиралтай “Номин даатгал” ХХК-ийн Төв аймаг дахь салбарын хамт олон тус барилдааныг ивээн тэтгэж, Нацагдорж багийн иргэн хувиараа бизнес эрхлэгч, баялаг бүтээгч П.Цогтбаяр түрүү бөхийг монгол гутлаар байлсан зэрэг нь монголоороо бахархаж, бөхөө хүндэтгэн дээдэлдэг Монгол түмний сэтгэлийн хүндлэл байлаа.
ТӨВ ЗУУНМОД СУМЫН ҮБХ-НЫ НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА П.АМГАЛАН