2011 оны гуравдугаар сарын 19-нд АНУ-ын Нисэх хүчний онгоцнууд НАТО-гийн холбоотнуудын нисэхийн дэмжлэгтэйгээр Ливийн агаарын хилд нэвтрэн муу нэрт Мауммар Каддафийн хүчний байрлалуудад цохилт өгч эхэлсэн билээ. “Одиссея. Үүр цайлт” гэх алсыг харсан нэртэй уг ажиллагааг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоолоороо дэмжжээ. Харин Америкийн Конгресс тогтоол байтугай сонсоо ч үгүй байсан юм. Ливийн компанийг ерөнхийлөгч Барак Обама бие даан шийдээд эхлүүлсэн нь тэр юм.
Хууль тогтоох байгууллагадаа ихээхэн хүндэтгэлтэй ханддаг АНУ эхлээд Обамаг ойлгосонгүй. Ингээд л конгрессменүүдийн дургүйцэл ассан ба мэдээж сөрөг намын бүгд найрамдахчууд идэвхтэй сөрөг байр суурьт зогссон. Цэргийн эрх мэдлийг хуваах тогтоолын шаардлагаар биш ерөнхийлөгч онгоцуудаа Ливид илгээсэн нь тэднийг маш их бухимдуулж байна.
Энэ тухайгаа Обама хууль тогтоогчдод бичгээр тайлбарлах гэж оролдов. “Хүмүүнлэгийн сүйрэл гаргахгүй байх, Олон улсын аюулгүй байдлын зандалчдыг зайлуулах” гэх мэтээр ерөнхийлөгч захидалдаа Ливи дэх АНУ-ын үүрэг, зорилгыг тайлбарлаад “Америкийн онгоцнууд Жамахирийн тэнгэрт удаан байхгүй” гэж амласан юм.
Өмнөхөн нь тэр өөрийн туслахуудаар дамжуулан дээрх тогтоолыг зөрчөөгүй гэж мэдэгдэхэд “Одиссея” ажиллагаа дөрөв дэх хоногтоо үргэлжилж байжээ. Хэрэв цэргийн ажиллагаа 60 хүрэхгүй хоногт явагдвал ерөнхийлөгч тэр талаар хууль тогтоогчдод тайлагнах албагүй. Ерөнхийдөө тэр үеэр Обамагийн хүрээнийхэн конгрессменүүдтэй хэд хэдэн хагас албаны зөвлөлдөөн хийсэн ба хууль тогтоогчид ч Ливийн кампанийг нэг их эсэргүүцээгүй билээ.
Бүгд найрамдахчуудын уцаар дарагдаад ирэх үеэр Америкийн татвар төлөгчид Ливийн ерөнхийлөгчийн учир шалтгааныг нарийвчлан сонирхож эхлэв. Санал асуулгаас дүнгээс харахад, америкчууд “Ливид ардчилал тогтоох нь зүйтэй” гэж байснаа гэнэтхэн “Одиссея” хэрэгтэй байсан уу гэж эргэлзээд эхлэв. Сонгуулийн өмнөх жил ийм зүйлүүд аюултай учраас ерөнхийлөгч ард түмнийхээ өмнө тайлагнахаар яарсан юм. Тэрээр гуравдугаар сарын 28-нд телевизээр ярихдаа Конгресст бичсэн захидлаа бараг давтсан ба дэлхий дэх АНУ-ын үүрэг ба хүч султны өмнө хүлээх хариуцлагын талаар хоёр өгүүлбэр нэмэхээ мартаагүй.
Тэр нь бүрхэгдүү ч илтгэгч Обамагийн хүчтэй үг байснаас нэг хэсэгтээ хүмүүсийг тайвшруулж, "Одиссея"-г (дараа нь "Нэгдсэн хамгаалагч" нэр авсан зөвхөн НАТО-гийн командлал орноороо өөр) тайван үргэлжлүүлэх боломжтой боллоо. Гурав, дөрөвдүгээр сард Умарт Атлантын эвсэл Ливийг Вашингтоны хараан дор бөмбөгдөж, Обама өөрийн нь эсрэг гарч байсан цөөн тооны шүүмжлэлд анхаарахгүй байлаа. Тийм байдал тавдугаар сарын 20 хүртэл үргэлжлэв. Энэ үеэр Конгрессийн дэмжлэггүйгээр ажиллагааг явуулах хугацаа дуусан юм.
Обама тэр үеэр конгрессменүүдэд ээлжит захидалаа явуулсан нь “Битгий саад хий. Бид ажил хийж байна” гэсэн утгатай байлаа. Жар хоногийн хугацааг зөрчсөнөө “Ливийн дайн нь Конгрессаас дэмжлэг авахаар бүтэн хэмжээний дайн биш” гэж Обамагийн захиргаа тайлбарлажээ.
Үүний дараа тэдний зөрөлдөөн эхлэв. Эхлээд сенатор ардчилагч Жон Керри ба бүгд найрамдагч сенатор Жон Маккейн нар Ливи дэх ерөнхийлөгчийн ажиллагааг дэмжсэн тогтоолын төсөл оруулав. Тэр нь санал хураалтад ороогүй байгаа. Хэрэгт Төлөөлөгчдийн танхим оролцож, зургадугаар сарын 3-нд Обамад хандав. Энэ ажиллагааны зорилго, зардалыг 14 хоногийн дотор ойлгомжтой, тодорхой тайлбарлахыг тэд ерөнхийлөгчөөс хүссэн юм. Түүнд цэргээ Ливиэс гаргах эсвэл энэ талаар Конгресстай ярилцахад нэг сар байгааг сануулсан байв.
Төлөөлөгчдийн танхимынхан үүгээр зогссонгүй ““Одиссея” ажиллагааны зардлыг зогсооно” гэв. Үүний дараа зохих баримтыг хоёр намын төлөөлөгчид дэмжин батлаад Сенатад илгээсэн байна. Дараагийн өдөр нь Ливийн ажиллагааг хууль бус гээд ардчилсан намын Деннис Кусиничийн толгойлсон конгрессменүүд Обамаг шүүхэд өгчээ. Обама хугацааны сүүчийн өдөр 30 хуудас тайлангаа Конгресст явуулсан ба өөрсдийнх нь дэмжлэггүйгээр ажиллагааг үргэлжлүүлэх болно гэх утгатай өгүүлбэрийг бичсэн байв. Цагаан ордны шинжээчдийн тооцоогоор Ливийн ажиллагаанд 716 сая доллар зарцуулаад байна.
Обамагийн тайланд конгрессменүүд ажил хэрэгч хандлагаа харуулаагүй л байна. Өмнөх илгээлт шиг нь залигаад өнгөрөх бололтой. Тэд 44 дэх ерөнхийлөгчид нөлөөлөх чадалгүй. Албан бусаар бол тэр хууль зөрчөөгүй. Америкийн хуурай замын цэрэг Ливид байхгүй, онгоцнууд нь бөмбөгдөлтөд оролцоогүй. Ажиллагааг НАТО удирдаж байгаа. Тиймээс Африкийн энэ орны үйл явдлыг Конгресстой зөвшилцөхөөр дайн гэхгүй. Хуулийн цэгийг энд сенат тавих байх. Хэрэв сенаторууд Обамаг дэмжсэн тогтоолоо баталчих юм бол түүнийг дараа нь Доод танхимдаа лоббидоод Каддафийн хүчнийг бөмбөгдөхөд албан ёсоор “ногоон гэрэл” асаана. Тогтоолын төслийг Маккейн, Керри нар хийсэн гэхээр байдал ингэж өнгөрөхөд гайхах зүйлгүй. Сайтар эргэцүүлбэл Обамад ээдрээтэй хэрэг байхгүй. Америкийн Конгрессийн гишүүд дургүйцэж байгаа ч НАТО Ливийг бөмбөгдсөнөөрөө бөмбөгдөж, хурандаа Каддафи өмнөхийн адил Жамахирийн лидер хэвээр л байна.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин