Улсын Прокурорын ерөнхий газарт орон нутгийн прокурорууд өнгөрсөн оны ажлаа тайлагнасан, Прокурорын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын тухайд өнгөрсөн онд нийт 833 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ. Харин 2015 онд 633 эрүүгийн гэмт хэрэг бүртгэгдэж, шалгагдсан байна. Гарсан эрүү хэргийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг байжээ. Жишээлбэл бурхны соёлын үнэт өвүүдийг хулгайлж, бусдад нууцаар худалдан, борлуулах хэрэг тав бүртгэгдсэн байх юм. Өнгөрсөн хавар Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах “Эрдэн зуу” хийдээс соёлын үнэт өвүүд болох бурхад алдагдсан. Уг хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газар шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэхээр шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байгаа гэнэ. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард тус аймгийн ерөнхий боловсролын IV сургуулийн аравдугаар ангийн сурагч амиа алдсан хэрэгт эрүү үүсгэн, нэг иргэнийг сэжигтнээр татан мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Ц.Ариунболд прокурор ярилаа. Одоогоор талийгаачийн цогцост хийсэн шүүх, эмнэлгийн шинжилгээний хариу гараагүй байгаа юм.
Баян-Өлгий аймгийн тухайд ОХУ-ын иргэд, цөөн тооны Монгол иргэдтэй хамтран тус аймгийн малчдын малыг хилээр хууль бусаар гаргах, хулгайлах хэрэг нэмэгджээ.
Өнөөдрийн байдлаар 120 гаруй адууг ОХУ-ын хилээр хэн хулгайгаар гаргасан бэ гэдгийг тус аймгийн хуулийн байгууллагынхан илрүүлж чадаагүй байна. Мөн өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн харьяалалтай бүлэг иргэд 16 идлэг шонхор шувууг ОХУ-руу хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Баян-Өлгий аймгийн хуулийнхан илрүүлж, эрүү үүсгэн шалгажээ.
Харин Сэлэнгэ аймгийн тухайд хууль бусаар буюу гар аргаар ашигт малтмал олборлох хэрэг даамжирсан байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён ууланд хулгайгаар алт олборлож байсан гурван иргэн шороонд дарагдаж нас баржээ.
Сэлэнгэ аймагт гарсан гэмт хэргийн тоо өнгөрсөн жилийнхээс 3.8 дахин өсчээ. Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноор Алтанбулагийн боомтоор хууль бусаар архи, эм, ургамлын тос, тоо хэмжээ заан хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг ихээр оруулж ирэх болжээ. Мөн согтуугаар, ахуйн хүрээнд үйлдсэн хүн амины хэрэг 2.5 хувиар өсчээ.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД