НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авах хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Зөвхөн НӨАТ-ын хувийг буцаан авах төдийгүй сар бүр сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бүрдсэн бөгөөд эхний азтангууд ч тодроод байгаа билээ.
Гэвч зарим нэг компани аж ахуйн нэгж бар код, НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа. Тэгвэл УБЦТС-аас цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажил хийгдэж байна. Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчдээс дараа сард нь тооцож авдаг тул УБЦТС-аас маргаашнаас эхлэн татвар төлөгч хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг хэвлэж өгөхөөр болжээ.
Иргэд цахилгааны төлбөрөө Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон салбар кассад бэлнээр төлсөн айл өрх, аж ахуй нэгжүүд баримтаа тэндээсээ шууд авах боломжтой. Харин банкинд бэлнээр болон, бэлэн бусаар төлсөн хэрэглэгчид тухайн банкнаасаа баримтыг авах аж.