Ирэх жил ингэн тэмээг цалинжуулах уу

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Ирэх жил ингэн тэмээг цалинжуулах уу

Хөдөөгүүр зуншлага сайхан байгаа гэнэ. Хур бороо элбэгтэй,өвс ногооны гарц ихтэй, малын тарга тэвээрэгт сайтай  сайхан зун болж байгаа гэлцэнэ.  Малчид хүртэл төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлэх болсонд сэтгэл тэнэгэр, ханагар гэгчийн сууж байгаа юм байх.  Хонио ноосолж, ноосоо тушаагаад багагүй мөнгө өвөртөлчихөөд сайхан наадахаар бэлтгэж байгаа бололтой.  УИХ-аас 300 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Хууль батлагчдын шийдвэрийн дагуу Засгийн газраас 300 тэрбум төгрөгийн бондыг Хөгжлийн банкаар дамжуулан гаргах бөгөөд үүнд задаргаа хийвэл, ноосны урамшуулалд 50 тэрбум, ноолуурын үйлдвэрүүдэд 100 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлд 150 тэрбумыг нь зарцуулах юм.

2008 онд УИХ-аас дотоодын зах зээлд ноолуурын үнэ багагүй буурсантай холбогдуулж, малчдыг дэмжих үүднээс  килограмм ноолуурт  5000 мянган төгрөгийн урамшуулал олгож, ямаанд зориулж 30 тэрбум хөрөнгийг Засгийн газраас гаргаж байв. УИХ-аас ямаанд олгосон 30 тэрбум төгрөг тухайн үед малчдын амьдралд бага зэрэгхэн дэм болсноос дэмжлэг болж чадаагүй юм. Үү илрэл нь 2009 оны зуд. Хамаг малаа зудад алдаж хотоо харлуулсан малчдын хувьд улсын халамжинд бялуурч найр наадам хэссэн шигээ л зуныг үдэж, өвлийн их цаснаар өлдсөн хэрэг шүү дээ. Килограмм ноолуурт  төрөөс 5000 төгрөгийн урамшуулал олголоо гээд малчид ч баяжаагүй, үндэсний үйлдвэрүүд нь ч хөгжөөгүй. 

УИХ-аас малчдыг халамжлах, малыг хайрлах шийдвэр зөвхөн үүгээр дууссангүй. Өнөөдөр хонинд “хайр” зарлаж  төрөөс халамжлахаар болсон нь килограмм ноосонд 2000 төгрөгийн урамшуулал олгох явдал. Хэдийгээр Засгийн газраас ноосны салбарыг  хөгжүүлэх, малчдын амьдралыг дээшлүүлэх үүднээс 50 тэрбум төгрөгийн бонд гаргахаар  болсон ч энэ мөнгө эдийн засагт үр өгөөж авчрахгүй гэдгийг эдийн засагчид анхааруулж байгаа. Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэгийн хэлснээр Монголд ноосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр цөөхөн, түүхий эд боловсруулах бааз муу байж  жилд 50 тэрбумыг зарцуулах шийдвэр эдийн засгийг хөгжүүлэх биш хөлийг нь тушихад хүрч болзошгүй гэнэ. Тиймдээ ч эдийн засагчид УИХ-аас гаргасан дээрх шийдвэр Монгол Улсын олон үргүй зардлын нэг болно хэмээн үзэж байгаа юм. Харин ноолуурын үйлдвэрүүд болон, жижиг дунд үйлдвэрлэлд зориулан гаргаж байгаа 250 тэрбумын бонд эргээд төсөвт 900 тэрбум төгрөг авчирна гэсэн тооцоог ч тэд аль хэдийн гаргачихаж.

УИХ-аас гарсан шийдвэрийг харахад  ирэх 2013 оны долдугаар сараас малчид ноосоо заа­вал хоршоонд тушаах шаардлагатай  бөгөөд хор­­­шоогоор нь дамжуулж дээрх урамшууллыг хүртэх ажээ.  Энэ нь малчдыг хөдөлмөрөө хоршин, хор­шоо байгуулж ажиллах боломжийг бүрдүүлж буй хэлбэр юм байх. Гэхдээ 2013 он болтол малчид ноосоо тушаагаад урамшуулал болгож килограмм ноосондоо 2000 төгрөг хүртээд сууж байх нь. Малчин Баярынх жилдээ 200 килограмм ноос тушаасан гэдгийг хэн баталгаажуулж, хэн тэр хэмжээний ноос авах бололцоотой айл гэдгийг нь нотлох юм бэ. Үүнийг далимдуулан төрийн мөнгөнөөс идэж, уухгүй гэсэн баталгаа хаана байна. Төрөөс судалгаа, нотолгоогүйгээр өгч байгаа мөнгийг аль болох ахиухан хүртэх аргыг малчин нөхөр ч хайна. Тэр мөнгийг малчдад тараах нөхөр ч хайна. Тэгэхээр яаж бодсон дээрх 50 тэрбум төгрөгийг Засгийн газар “гээж” байгаа юм. Гээж байгаад шалтгаанд нь ч учир бий. Учир нь малчдаас саналыг нь зулгаах ирэх сонгуулийн нүүр будалт юм шүү дээ, энэ чинь. Улсын мөнгө үр өнгөрнө үү, үгүй юу гэдэг нь улстөрчдөд огтхон ч хамаагүй. Төрхөмдөө буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдэгтэй л адилхан юм даа. 

Үнэгүй юм үнэгүй л байдаг. Хүн гэгч амьтны нэг шинж нь энэ. Тэгэхээр зовлонгүйгээр олдсон 2000 төгрөгийг малчид “зовлонгүйхэн” үрэх нь тодорхой.  Ядаж байхад янз бүрийн түүхт ойн баярууд тохиож байгаа болохоор. Нар хур ээлжлэх энэ зуны эерэг боломжид найдсан малчид хониныхоо “цалин”-г найр наадамд зарцуулж, хоол ундандаа нэмэрлэх нь бүр ч ойлгомжтой. Эргэж нөхөгдөхгүй, эдийн засагт үргүй энэ 50 тэрбумын зээлийг эргээд хэн төлөх юм бэ. Энэ асуултад хариулт өгөөч, эрхэм гишүүд ээ. Идэж уусан малчид уу, эсвэл энэ шийдвэрийг гаргасан эрхэм гишүүд үү. Зургаан хувийн хүүтэй энэхүү бондыг эцсийн бүлэгтээ татвар төлөгчид л төлдөг байх даа.

Яргуйн дэлбээг ямаа зулгаана. Үлдсэн хэсгийг нь үхэр зулгаана, адаг сүүлийг нь адуу мушгина хэмээн дүү маань хаанаас сурч ирсэн юм, хачин үгтэй дууг өдөржингөө дуулсансан. Өнөөдөр гэнэт тэр дуу санаад орчихлоо. Тэгэхээр үхэр, тэмээ, адууг хэзээ цалинжуулах вэ, УИХ-ын гишүүд ээ. Адилхан хуваарилахгүй бол хуваарилалт нь шог байна гээд бог малтай барьцсан бод малын жагсаал гарвал яана. Хэ хэ хэ.

Ж.ЭРХЭС

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж