Ц.Шинэбаяр: Сонгуулийн будилаан системдээ байгаа юм биш
-Ер нь Монголд сонгуулийн ямар ч систем байсан хамаагүй шүү дээ. Улс төрд улиг болсон хэсэг нөхдүүд л сонгуулийг будлиантуулдаг.Тэд л “ажлаа” хийхгүй бол сонгууль пропорциональ байна уу, мажоритар байна уу хамаагүй. Сонгуулийн будилаан системдээ байгаа юм биш. Хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг л зүйл.
С.Эрдэнэ: өнөөдөр энэ тогтолцоог шийдэх цаг мөн үү гэдэгт эргэлзэж байна
-Одоо яригдаж байгаа сонгуулийн тогтолцоог дэмжихгүй байгаа. Бараг л пропорциональ тогтолцоог баталчих юм бол сонгууль шударга явагдах юм шиг яриад байх юм. Энэ худлаа. Харин ч пропорциональ тогтолцоо батлагдсанаар намуудын дарга нарын эрх мэдэл улам өргөжнө. Олон удаа парламентад сонгогдсон, сонгогчдод эл дол болсон нөхөд намын нэрийн ард нуугдаж дахин сонгогдох боломж бүрдэнэ. Гэхдээ хувь тэнцүүлсэн пропорциональ тогтолцоогоор шийдэх нь нэг алхам юм. Зөв зүйтэй гэж үзэж байгаа ч гэсэн өнөөдөр энэ тогтолцоог шийдэх цаг мөн үү, биш үү гэдэгт эргэлзэж байна.
Р.БУД: пропорциональ элементийг түлхүү хэрэглэх нь зүйтэй
-Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш олон хувилбарыг сонгуулийн хуульд тусгаж, хэрэгжүүлж ирсэн. Нэг үеэ бодвол Монголын эдийн засаг сайжирлаа. Эдийн засгийн өсөлт жил ирэх тусам нэмэгдэх төлөв харагдаж, иргэдийн амьжиргаа дээшилж байна. Одоо жалга, довны асуудал ярихаас илүү улс орны том эрх ашиг, хөгжлийн тухай ярих хэрэгтэй болж байна. Ийм үед сонгуулийн холимог тогтолцоо, пропорциональ систем зайлшгүй хэрэгтэй болr байна.Тэгэхгүй бол томсгосон болон жижиг мажоритар ялгаагүй шууд сонголт хийдгээрээ давуу талтай ч, нөгөө талаас тухайн тойргоос нэр дэвшиж сонгогч УИХ дахь төлөөллийн хувьд тойргийнхоо эрх ашгийг ярихаас аргагүй болчихдог. Улс орны том эрх ашгийн үүднээс сонгуулийн холимог тогтолцоог сонгож, пропорциналь элементийг түлхүү хэрэглэх нь зүйтэй.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин