Гадаадын иргэдийг галт зэвсэг ашиглахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэдийг галт зэвсэг ашиглахыг хориглоно

УИХ-ын намуудын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар орж, энэ долоо хоногт хэлэлцүүлэгт оруу­ла­хаар зэхэж, бэлдээд тавьчихсан нэгэн төсөл нь Галт зэвсгийн тухай хуулийн төсөл юм.

Энэ нь Монгол Улсын хэмжээнд буй 40 мянга 894 галт зэвсгийн эзэмшигчтэй холбоотой хууль юм. Өнгөрөгч оны байдлаар нийт иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд дээрх хэмжээний галт зэвсэг бүртгэгдсэн байна. Эдгээрийг зориулалтаар нь авч үзвэл ан агнах 35 мянга 652, харуул хамгаалалтын 1901, спорт сургалтын 156, үзмэр, урлагийн 280, цуглуулгын 59 ширхэг галт зэвсэг байгаа аж.

Улсын хэмжээнд 2005 онд 33 мянга 160, 2008 онд 38 мянга 355, 2009 онд 39 мянга 271, 2010 онд 40 мянга 894 галт зэвсэг байгаа нь  жилд дунджаар 1700 орчим галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд шинээр худал­дан авч байгаа гэсэн үг юм. Энэ нь цаашид галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэх хандлагыг харуулжээ. Мөн цагдаагийн байгууллага улсын бүртгэлд бүртгүүлээгүй нуугдмал 540 галт зэвсгийг илрүүлж, өмч­лөх эрхийн гэрчилгээгүй, хэв загва­рыг өөрчилсөн, гэмт хэрэг зөр­чил үйлдэхэд ашигласан 438 галт зэв­с­гийг түр хураан авч, хууль бусаар худалдан борлуулдаг 67 чен­жийг илрүүлэн бүртгэл хяналтад авч ажиллаж байгаа ийм нөхцөлд хуулийн төслийг санаачилжээ.

Уг төслөөр бол энэ төрлийн харилцааг нилээдгүй хяналттай нөх­цөлд оруулж, хэд хэдэн хориг­лосон заалтыг багтаасан байна.
Одоогийн хүчин төгөлдөр хууль тогтоомжоор галт зэвсэг худалдаалах аж ахуйн нэгжүүдээс сонгон шалга­руулж, тусгай зөвшөөрөл олго­дог. Харин энэ хуулийн төслөөр улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг л байлгахаар төлөвлөжээ.

Мөн гадаадын иргэн, харъяа­лалгүй этгээд Монгол Улсад галт зэвсэг өмчлөх, ашиглах нь Монгол Улсын иргэний эрх чөлөөнд халдах магадлалтайг үгүйсгэх аргагүй тул гадаадын иргэн, харъяалалгүй этгээ­дэд галт зэвсэг өмчлөх, ашиглахийг хориглохоор тусгасан байна.

Хуулиар хуулийн этгээд нь галт зэвсэг өмчлөх, эзэмших эрхтэй байгаа нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, бусад хуулийн этгээд, байгууллага галт зэвсгийг өмчлөн уг байгууллагын ажилтан, албан тушаалтан галт зэвсгийг чөлөөтэй эзэмших, ашиглах эрхтэй байх нөх­цөлийг бий болгох юм. Иймд иргэнийг хориглосон ч хуулийн эт­гээ­дэд хязгаарлалт тогтоохгүй бол энэ заалт хэрэгжихгүй гэдгийг хууль тогтоогчид ч мөн тооцжээ.

Ингээд хуульд зааснаас бусад тохиолдолд хуулийн этгээд нь галт зэвсэг өмчлөхгүй байх талаар зохи­цуулалт тусгаж зөвхөн харуул хам­гаа­лалтын эрх бүхий хуулийн этгээд, түүнчлэн спорт сургалтын үйл ажил­­лагаа явуулж байгаа төрийн бус байгууллага  хязгаарлагдмал хү­рээнд, тодорхой хяналтын дор галт зэвсэг өмчлөх эрхийг нь үлдээх гар­гал­гааг хийсэн аж.

Түүнчлэн уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Бууны албан татварын тухай хуулийг өөрчлөн найруулж Галт зэвсгийн албан татварын тухай хууль болгон шинэчлэн найруулсан байна. Энэ хуулийн төсөлд иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд байгаа галт зэвсгийн татвар нь ойролцоогоор жилд 4000 төгрөг байсныг ихэсгэн 10000 төгрөгөөс 35000 төгрөг бай­хаар ялгамжтай тогтоожээ.

Ийнхүү УИХ-аас арван жилийн өмнө батлагдаж, гурван удаа нэмэлт, өөрчлөлт орсон Галт зэвсгийн тухай хуулийн хэлэлцүүлэгт орох цаг ойрт­­­­соор байна. Хууль тогтоогчид хариуцлагын “олс”-ыг чангалах, сул­ла­хаа удахгүй шийдэх болно.

Б.МАНДАХ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж