Хан-Уулын Ардчилсан намынхан эвлэрэв

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Хан-Уулын Ардчилсан намынхан эвлэрэв

Ардчилсан намаас зохион байгуулсан хэвлэлийн хурал өнгөрөгч баасан гаригт болж Хан-Уул дүүргийн Ардчилсан нам нэгдэж буйгаа зарласан юм. Ийнхүү хоёр жилийн хугацааанд хоёр Ардчилсан намтай, хоёр даргатай байсан тус дүүргийн ардчилагчдын хувьд энэ асуудалд цэг тавьсан үйл явдал боллоо. Ардчилсан намын ҮЗХ-ны 2010 оны гуравдугаар сард болсон ротацийн сонгуулиар нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт зэрэгцээ сонгууль болж үндсэндээ хоёр хоёр намтай болсон. Улмаар нийслэлийн Ардчилсан нам ч хэсэг зуур хоёр даргатай болсон юм.  Ийнхүү эвлэрсэн талаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, тус дүүргийн Ардчилсан намын  дарга Б.Ариунболд нар “Энэ хугацаанд олон зүйлийг мэдэж авлаа. Туршлагажлаа. Бид ойлголцохгүй байснаар юу ч хожихгүй. Ардчил­сан намын Хяналтын ерөнхий хорооноос ч бидэнд зааж зөвлөж, учраа ол гэдэг байсан нь нөлөөллөө. Монголчууд эвтэй байх­даа хүчтэй” гээд маргаан эцэс болж Б.Ариунболд Хан-Уул дүүрэг дахь АН-ын дарга болсныг дуулгав. Ингээд Ж.Ганхуяг, Б.Ариунболд нар энэ үеэр эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж Ардчилсан намын төв байранд хамтдаа очин Хяналтын хороондоо эвлэрсэн гэдгээ мэдэгдэж баталгаажуулсан байна. Хан-Уул дүүргийн намын хурал удахгүй болно. Энэ хурлаараа даргаа баталгаажуулах юм байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж