Дамба-Очир уу, зам-очир уу …

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Дамба-Очир уу, зам-очир уу …

УИХ-д Д.Дамба-Очир гэх гишүүн бий. Түүнийг тэр аймгийн, тэддүгээр тойргийн, тэр намын гэдгээс илүү Лүнгийн гэх тодотголоор нь хүмүүс сайн танина.  Муу нэрийг хусавч үл арилна гэгчээр УИХ-ын гишүүн эцэг эхээс нь заяасан нэрнээсээс гадна элдэв янзын тав зургаан нэртэй болсон. Тухайлбал, лүнгийнхэн түүнийг  Зам-Очир гэдэг бол жолооч нарын тухайд Там-Очир хэмээн дуудах нь цөөнгүй сонсогддог. Харин улс төрийн хүрээнийхэн болоод таньдаг нөхдүүд нь манай Молиго-Очир, Хулхи-Очир гэх юм билээ. Сүүлдээ ч нутгийнхан нь энэ олон алдар нэрийг нь андуурдаг болсон гэсэн шүү. Түүний “Очир төв” компани Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьсан нь явган нь бүдэрч үхмээр, машинтай нь  онхолдож уна­маар зам болсон. Авсан ажилдаа хоно­цын сэтгэлээр хандсан нь эрхэм гишүүнийг  ийнхүү олон гуншинтай болгоход хүргэсэн биз. Тухайн үед Анод банкнаас зам барих нэрийдлээр 4,2 тэрбум төгрөгийн зээл авсан түү­ний хэрэг үүгээр шувтрахгүй нь дэг.

Ойрмогхоноос нөгөө олон нэрт чинь бас л нэг будилаан хий­гээд яваа бололтой.  Тэрбээр Бага­нуу­­рын уурхайд “баруун гар”- аа томи­­­луулахаар Эрдэс баялаг, эр­­­­чим хүчний яамаар гүйдэлтэй бол­­сон гэнэ. Эрдэнэтийн үйлдвэрт ажилладаг, нүүрсний уурхайн та­лаар “а”-гүй нөхрийг “Багануур” хувьцаат компанийн дарга болгохоор наашаа, цаашаа гүйгээд байгаа нь учиртай бололтой. Өмнөх УИХ-д нэр дэвших сонгуулийнхаа мөнгийг Лүнгийн замаас “хуссан” тэрбээр ирэх сонгуульд Багануурын мөнгийг цацахаар энд тэнд харайж эхэлсэн бололтой.  Үнэндээ өч төчнөөн тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг энэ компанийг өөд татах хүсэл эрхэм гишүүнд өчүүхэн төдий ч байгаа гэж найдъя.

Магадгүй нүүрс үнэд орж эхэлсэн нь мань хүний шуналыг ч өдөөсөн байж болох. Багануурын уурхай хэр­вээ Д.Дамба-Очирын гарт орчихвол Монгол Улс гал алдахад хүрнэ хэ­мээн уурхайчид эмзэглэж байгаа. Аргагүй биз. Лүнгийн замыг там болго­чихсон түүнийг яаж Багануурын уурхайг өөрчилнө гэж итгэх билээ.  Тэр тусмаа Монгол Улсын тулга нь болсон Багануурын уурхай башир аргатнуудын гарт орвол монголчууд сүйрлээ гэсэн үг. Юун Лүнгийн зам манатай л болох биз. Монгол Улс тэр чигээрээ хөлдүүс болчихоор саарал ордон түүнээс ангид яаж байх вэ. Бас л хөлдүүс болох нь ойлгомжтой. Тэгэхээр Д.Дамба-Очирын гуншин нэмэгдэж Хөлдүүс-Очир нэртэй болох вий дээ. Ер нь тэгээд ч улсын ажилд хоноцын сэтгэлээр ханддаг түүний гууль аль хэдийн илэрчихээд байхад аман мэхэнд нь өртөж суугаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд болон Төрийн өмчийн хорооны дарга өрөвдөлтэй юм даа. Хэдийгээр Лүнгийн замтай холбоотой тендерийн асуудал цайрсан ч гэлээ хэрэг хуучир­даггүй гэдэг шүү дээ.

Даажигнаад байгаа ч юм биш үү, таныг Дамба-Очир гэх үү, Зам-Очир уу гэх үү. Эсвэл бүүр Там-Очир гэх юм уу. Ингэхэд бүр толгой эргэчихлээ. Энэ олон нэрний аль нь танд таалагддаг юм дээ. 

А.ШАРХҮҮ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж