Ойрмогхоноос нөгөө олон нэрт чинь бас л нэг будилаан хийгээд яваа бололтой. Тэрбээр Багануурын уурхайд “баруун гар”- аа томилуулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамаар гүйдэлтэй болсон гэнэ. Эрдэнэтийн үйлдвэрт ажилладаг, нүүрсний уурхайн талаар “а”-гүй нөхрийг “Багануур” хувьцаат компанийн дарга болгохоор наашаа, цаашаа гүйгээд байгаа нь учиртай бололтой. Өмнөх УИХ-д нэр дэвших сонгуулийнхаа мөнгийг Лүнгийн замаас “хуссан” тэрбээр ирэх сонгуульд Багануурын мөнгийг цацахаар энд тэнд харайж эхэлсэн бололтой. Үнэндээ өч төчнөөн тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг энэ компанийг өөд татах хүсэл эрхэм гишүүнд өчүүхэн төдий ч байгаа гэж найдъя.
Магадгүй нүүрс үнэд орж эхэлсэн нь мань хүний шуналыг ч өдөөсөн байж болох. Багануурын уурхай хэрвээ Д.Дамба-Очирын гарт орчихвол Монгол Улс гал алдахад хүрнэ хэмээн уурхайчид эмзэглэж байгаа. Аргагүй биз. Лүнгийн замыг там болгочихсон түүнийг яаж Багануурын уурхайг өөрчилнө гэж итгэх билээ. Тэр тусмаа Монгол Улсын тулга нь болсон Багануурын уурхай башир аргатнуудын гарт орвол монголчууд сүйрлээ гэсэн үг. Юун Лүнгийн зам манатай л болох биз. Монгол Улс тэр чигээрээ хөлдүүс болчихоор саарал ордон түүнээс ангид яаж байх вэ. Бас л хөлдүүс болох нь ойлгомжтой. Тэгэхээр Д.Дамба-Очирын гуншин нэмэгдэж Хөлдүүс-Очир нэртэй болох вий дээ. Ер нь тэгээд ч улсын ажилд хоноцын сэтгэлээр ханддаг түүний гууль аль хэдийн илэрчихээд байхад аман мэхэнд нь өртөж суугаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд болон Төрийн өмчийн хорооны дарга өрөвдөлтэй юм даа. Хэдийгээр Лүнгийн замтай холбоотой тендерийн асуудал цайрсан ч гэлээ хэрэг хуучирдаггүй гэдэг шүү дээ.
Даажигнаад байгаа ч юм биш үү, таныг Дамба-Очир гэх үү, Зам-Очир уу гэх үү. Эсвэл бүүр Там-Очир гэх юм уу. Ингэхэд бүр толгой эргэчихлээ. Энэ олон нэрний аль нь танд таалагддаг юм дээ.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин