Зөрчил гаргасан жолоочийн төлөх хураамж нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Зөрчил гаргасан жолоочийн төлөх хураамж нэмэгдэнэ

ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЖОЛООЧИЙН ТӨЛӨХ ХУРААМЖ НЭМЭГДЭНЭ

АЖИЛД ЗУУЧЛУУЛАХ ИРГЭНЭЭС ТӨЛБӨР АВАХГҮЙ

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдааны хамгийн эхэнд хэлэлцэж, бараг л батлагдах гэж байгаад буцаагд­сан хуулийн төсөл байсан нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бай­лаа. Уг хууль хөдөлмөр эрхэлж буй иргэ­нийг дэмжих ёстой болохоос ажил хийхгүй байгаа хүнийг халамжлах ёс­гүй хэмээгдэн өмнө нь хэд хэдэн удаа буцаагдаж байсан билээ. Харин энэ удаагийн төслөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй хөдөлмөрийн биржийг дэмжих, малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд таван сая хүртэл, нөхөрлөл, хоршоо байгуулан ажиллах хүмүүст 10 сая хүртэл төгрөгийн зээ­лийг олгох зэрэг зохицуулалт агуулан чуулганы хуралдаанд ороод байгаа юм. Уг хуулийн төслөөр хөдөлмөрийн хувийн бирж иргэдийг ажилд зуучилсны төлөө тодорхой хэмжээний урамшууллыг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас авах учир иргэнээс хураамж авахыг хориглож байгаа юм байна. Иргэд, хоршоологчдод итгэлийн зээл олгох бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хүүгийн хувийг багасгаж өгсөн байгаа аж. Гэвч хуулийн төсөл буцаагдах болсон шалтгаан нь зуучлагч байгууллагад олгох урамшууллыг хэрхэн дүгнэх талаар маргаан гарснаас үүдсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Хувийн хөдөлмөрийн биржүүд хүн ажилд оруулсныхаа төлөө мөнгө авах нь. Оруулсан хүн нь хоёр сар болоод ажлаасаа гараад байвал яах вэ. Биржүүд урамшууллаа аваад л яваад байх уу” гэв. Хуулийн төсөл санаачлагчид зургаан сар ба түүнээс дээш хугацаагаар ажил хайж байсан иргэнийг ажилд авсан газрыг, мөн тэр ажлын байрандаа жил болоод түүнээс дээш хугацаагаар ажиллаж байгаа хүнийг ч урамшуулах талаар хуулийн төсөлд тусгасан гэнэ. Ийнхүү энэ тооцоолол оновчтой эсэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг явуулах байгууллагын талаар хэлэлцэх асуудал байгаа гэдгийг ярилцаад ирэх долоо хоногт нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байж шийдэхээр хойшлуулсан байна. Гэвч хуралдаанд оролцсон гишүүд ажилд зуучлуулж буй иргэнээс төлбөр гаргуулахгүй байх зарчмийг хэвээр хадгалахаар тогтсон байна.

ХЭН БАЙХААС ШАЛТГААЛЖ ТӨЛӨХ ХУРААМЖ ӨӨРЧЛӨГДӨНӨ

Жолооний үнэмлэхтэй хүн бү­рийг жолоочийн хариуцлагын даат­галд хамруулна хэмээн хэдэн долоо хоногийн өмнө “бужигнуулж” байсан. Тэр үед 750 мянган жолоочийг даат­галд хамруулах нь 250 мянга орчим машиныг даатгаснаас илүү ашигтай гэж боловсруулагдсан уг хуулийн төс­лийг цөөн гишүүд эсэргүүцсэний дүнд машинд нь даатгал ногдуулахаар болсон. Ийнхүү өөрчлөгдсөн Жолоо­чийн даатгалын тухай хуулийн төсөл чуулганы анхны хэлэлцүүлэгтээ орсон юм.

Анхны хувилбар орж ирэхтэй зэрэг­цэн даатгалын байгууллагуудыг дэмжих лоббитой хуулийн төсөл биш биз гэх болгоомжлолыг төрүүлж бай­сан нь энэ үеэр ч мөн хэд хэдэн гишүүний үгнээс цухалзав. УИХ-ын гишүүн Х.Баделхан “Авто тээврийн хэрэгслийг даатгадаг 15 компани үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэдний талаар гаргасан тоо баримтыг харахад их ашигтай ажилладаг нь илэрхий. Хоёр тэрбум төгрөгийн хураамжийг даатгуулагчдаас авсан байна. Харин жолооч нарт олгосон нөхөн олговрын хэмжээ нь 775 сая төгрөг гэж байна. Эдгээр компаниудад иргэд, жолооч нар “сайн дураараа” даатгуулж байгаа. Үүнийг “заавал” болгох шаардлага байгаа юм уу” хэмээн хууль санаачлагчдаас асуув. Хариулт нь тодорхой байсан бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодож яваад бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан хүмүүс тэр бүр бусдын хохирлыг барагдуулж чаддаггүй. Тиймээс бусдын хохирлыг барагдуулахын тулд заавал даатгал болгож өөрчлөх шаардлага бай­гаа гэдгийг тайлбарлав.

Энд анхаарал хандуулах нэг зүйл байсан нь хууль боловсруулагчид анх­ны хувилбараасаа тийм ч амархан 100 хувь татгалзахгүй гэдгээ харуулсанд байв. Учир юу гэвэл, хуулийн төсөлд мэргэшсэн жолооч болон “С”, “D”  ангиллын тээврийн хэрэгслийг жолоо­дон замын хөдөлгөөнд оролцогч нь тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамааран жолоочийн даатгалд хамраг­дан хуульд заасан хураамжийг төлөх зохицуулалт үйлчлэх аж.

Мөн хэлэлцүүлгийн үеэр шуурхай алба нь даатгалын байгууллагын мөн­гөөр санхүүжиж байгаа болохоор иргэ­дэд нөхөн төлбөр аль болох гаргахгүйн төлөө ажиллах вий гэх мэт анхаа­рууш­тай саналууд гарсан байна.

Өмнөх хуулийн төслөөс өөрчлөг­дөөгүй үлдсэн зарчмийн заалтууд дотор даатгуулагчийн итгэлийн түүх буюу хувийн хэргийн талаар заалт байв. Үүнийг тодруулбал, жолооч на­рын гаргаж байгаа бүх зөрчил Замын цагдаагийн газрын мэдээллийн санд байрлах жолооч нарын хувийн хэрэгт нэмэгдэн бүртгэгдээд явах ба түүнийг харгалзан хураамжийг хэмжээг өөрчлөх юм. Ингэснээр зөрчил олон гаргасан жолоочийн хураамжийн хэмжээ өндөр, гаргаагүй жолоочийнхыг багасгах гэх мэтийн зохицуулалт үйлчлэх аж.

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН ТҮҮХ ДАВТАГДАХГҮЙ

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Хадгаламж, зээлийн хор­шооны тухай хуулийн төслийг хэлэлц­лээ. Энэ төрлийн харилцааг зохи­­­­цуулах хууль нь арваад жилийн өмнө батлагдаж байсан тул ийнхүү шинэчлэн өөрчлөхөөр болсон аж. Уг хуулийн төсөл нь олон улсын хадгаламж, зээлийн хоршооны загвар хуулийг үндэслэл болгосон, мөн хад­­­­­га­ламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, хоршоог үүсгэн байгуулахад тавиг­­­дах нөхцөл, шаардлага, үйл ажил­ла­гааны чиглэл, хориглох үйл ажил­лагаа, хоршооны гишүүнчлэлийн тухай зохицуулалтыг дэлгэрэнгүй тусга­са­наа­раа давуу талтай хэмээн хууль санаач­лагчид үзэж байгаа гэнэ.

Ингээд чуулганы хуралдааны үеэр гарсан горимын санал ёсоор уг хуулийн төслийг хэлэлцэхээр болсон байна.

ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН Ч ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХГҮЙ

Ерөнхийлөгчийн зүгээс санаачлаад байгаа хуулийн төслүүдийн нэг нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд юм. Өргөн мэдүүлсэн төслөөр “Хээл хахууль өгөх, хээл хахууль зуучлах гэмт хэрэг үйлдсэн этгээд сайн дураараа хэргээ илчилж ирсэн, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн нь өс хон­­­зон, шунахай сэдэлт агуулаагүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” хэмээсэн ч Хууль зүйн байнгын хорооноос арай өөр санал гаргасан аж. Тодруулбал “хээл хахууль өгсөн, зуучилсан этгээд сайн дураараа хэргээ илчилж ирсэн тохиолдол бүрт эрүүгийн хариуцлагаас бүрэн чөлөөлөх бус, харин ял хөнгөрүүлэх нөхцөл бай­дал болгон харгалзан үзэх ёстой” гэжээ. Хуралдаанаар байнгын хорооны энэ саналыг сонсоод ямартаа ч хуулийн төс­лийг хэлэлцэхийг дэмжье хэмээн шийдвэрлэсэн байна.

УНДНЫ УСНЫ ЭХ ДЭЭР БАРИЛГА БАРИХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОНО

Өнгөрөгч онд өргөн баригдаж, улмаар анхны хэлэлцүүлгийн шатандаа дахин боловсруулагдахаар болж, Зас­гийн газарт буцаагдаж байсан хуулийн төслийг дахин чуулганы хэлэл­цүүлэгт орууллаа. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын энэ­хүү төслөөр ус хангамж, ариут­гах татуургын талаарх төрийн байгуул­лагуудын үйл ажиллагааг уял­дуу­лах, орон нутгийн байгууллагын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, хүн амыг ундны усаар хангах үйлчилгээний үнэ, төлбөрийг тогтоох механизмыг боловсронгуй болгох зорилгоор ус хан­гамж, ариутгах татуургын ашиг­­лалт, үйлчилгээг зохицуулах зөв­лө­­лийг шинээр байгуулах, ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хам­гаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, төвлөрсөн системд холболгүйгээр өөрийн эх үүсвэрийг шинээр бий болгох, байга­лийн нөөц ашигласны төлбөрийг төлө­хөөс зайлс­­­­хийвэл хүлээлгэх хариуц­лагыг чангатгах, байгаль орчинд уч­руул­сан хохирлыг нөхөн төлүүлж байх зэрэг өөрч­лөлт, нэмэлтүүдийг тусга­сан юм байна.

Чуулганаар хэлэлцүүлэх явцад “шинээр барьж буй барилга байгуу­лам­жид тавигдах стандартын шаардлагад саарал усны схемийн асуудлыг заа­вал оруулж байх” зэрэг нийт 40 гаруй саналуудыг хэлэлцсэн бөгөөд гишүүд дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хо­роонд шилжүүлсэн байна.

Б.МАНДАХ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж