АЖИЛД ЗУУЧЛУУЛАХ ИРГЭНЭЭС ТӨЛБӨР АВАХГҮЙ
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдааны хамгийн эхэнд хэлэлцэж, бараг л батлагдах гэж байгаад буцаагдсан хуулийн төсөл байсан нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байлаа. Уг хууль хөдөлмөр эрхэлж буй иргэнийг дэмжих ёстой болохоос ажил хийхгүй байгаа хүнийг халамжлах ёсгүй хэмээгдэн өмнө нь хэд хэдэн удаа буцаагдаж байсан билээ. Харин энэ удаагийн төслөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй хөдөлмөрийн биржийг дэмжих, малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд таван сая хүртэл, нөхөрлөл, хоршоо байгуулан ажиллах хүмүүст 10 сая хүртэл төгрөгийн зээлийг олгох зэрэг зохицуулалт агуулан чуулганы хуралдаанд ороод байгаа юм. Уг хуулийн төслөөр хөдөлмөрийн хувийн бирж иргэдийг ажилд зуучилсны төлөө тодорхой хэмжээний урамшууллыг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас авах учир иргэнээс хураамж авахыг хориглож байгаа юм байна. Иргэд, хоршоологчдод итгэлийн зээл олгох бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хүүгийн хувийг багасгаж өгсөн байгаа аж. Гэвч хуулийн төсөл буцаагдах болсон шалтгаан нь зуучлагч байгууллагад олгох урамшууллыг хэрхэн дүгнэх талаар маргаан гарснаас үүдсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Хувийн хөдөлмөрийн биржүүд хүн ажилд оруулсныхаа төлөө мөнгө авах нь. Оруулсан хүн нь хоёр сар болоод ажлаасаа гараад байвал яах вэ. Биржүүд урамшууллаа аваад л яваад байх уу” гэв. Хуулийн төсөл санаачлагчид зургаан сар ба түүнээс дээш хугацаагаар ажил хайж байсан иргэнийг ажилд авсан газрыг, мөн тэр ажлын байрандаа жил болоод түүнээс дээш хугацаагаар ажиллаж байгаа хүнийг ч урамшуулах талаар хуулийн төсөлд тусгасан гэнэ. Ийнхүү энэ тооцоолол оновчтой эсэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг явуулах байгууллагын талаар хэлэлцэх асуудал байгаа гэдгийг ярилцаад ирэх долоо хоногт нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байж шийдэхээр хойшлуулсан байна. Гэвч хуралдаанд оролцсон гишүүд ажилд зуучлуулж буй иргэнээс төлбөр гаргуулахгүй байх зарчмийг хэвээр хадгалахаар тогтсон байна.
Жолооний үнэмлэхтэй хүн бүрийг жолоочийн хариуцлагын даатгалд хамруулна хэмээн хэдэн долоо хоногийн өмнө “бужигнуулж” байсан. Тэр үед 750 мянган жолоочийг даатгалд хамруулах нь 250 мянга орчим машиныг даатгаснаас илүү ашигтай гэж боловсруулагдсан уг хуулийн төслийг цөөн гишүүд эсэргүүцсэний дүнд машинд нь даатгал ногдуулахаар болсон. Ийнхүү өөрчлөгдсөн Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл чуулганы анхны хэлэлцүүлэгтээ орсон юм.
Анхны хувилбар орж ирэхтэй зэрэгцэн даатгалын байгууллагуудыг дэмжих лоббитой хуулийн төсөл биш биз гэх болгоомжлолыг төрүүлж байсан нь энэ үеэр ч мөн хэд хэдэн гишүүний үгнээс цухалзав. УИХ-ын гишүүн Х.Баделхан “Авто тээврийн хэрэгслийг даатгадаг 15 компани үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэдний талаар гаргасан тоо баримтыг харахад их ашигтай ажилладаг нь илэрхий. Хоёр тэрбум төгрөгийн хураамжийг даатгуулагчдаас авсан байна. Харин жолооч нарт олгосон нөхөн олговрын хэмжээ нь 775 сая төгрөг гэж байна. Эдгээр компаниудад иргэд, жолооч нар “сайн дураараа” даатгуулж байгаа. Үүнийг “заавал” болгох шаардлага байгаа юм уу” хэмээн хууль санаачлагчдаас асуув. Хариулт нь тодорхой байсан бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодож яваад бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан хүмүүс тэр бүр бусдын хохирлыг барагдуулж чаддаггүй. Тиймээс бусдын хохирлыг барагдуулахын тулд заавал даатгал болгож өөрчлөх шаардлага байгаа гэдгийг тайлбарлав.
Энд анхаарал хандуулах нэг зүйл байсан нь хууль боловсруулагчид анхны хувилбараасаа тийм ч амархан 100 хувь татгалзахгүй гэдгээ харуулсанд байв. Учир юу гэвэл, хуулийн төсөлд мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцогч нь тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамааран жолоочийн даатгалд хамрагдан хуульд заасан хураамжийг төлөх зохицуулалт үйлчлэх аж.
Мөн хэлэлцүүлгийн үеэр шуурхай алба нь даатгалын байгууллагын мөнгөөр санхүүжиж байгаа болохоор иргэдэд нөхөн төлбөр аль болох гаргахгүйн төлөө ажиллах вий гэх мэт анхаарууштай саналууд гарсан байна.
Өмнөх хуулийн төслөөс өөрчлөгдөөгүй үлдсэн зарчмийн заалтууд дотор даатгуулагчийн итгэлийн түүх буюу хувийн хэргийн талаар заалт байв. Үүнийг тодруулбал, жолооч нарын гаргаж байгаа бүх зөрчил Замын цагдаагийн газрын мэдээллийн санд байрлах жолооч нарын хувийн хэрэгт нэмэгдэн бүртгэгдээд явах ба түүнийг харгалзан хураамжийг хэмжээг өөрчлөх юм. Ингэснээр зөрчил олон гаргасан жолоочийн хураамжийн хэмжээ өндөр, гаргаагүй жолоочийнхыг багасгах гэх мэтийн зохицуулалт үйлчлэх аж.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ төрлийн харилцааг зохицуулах хууль нь арваад жилийн өмнө батлагдаж байсан тул ийнхүү шинэчлэн өөрчлөхөөр болсон аж. Уг хуулийн төсөл нь олон улсын хадгаламж, зээлийн хоршооны загвар хуулийг үндэслэл болгосон, мөн хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, хоршоог үүсгэн байгуулахад тавигдах нөхцөл, шаардлага, үйл ажиллагааны чиглэл, хориглох үйл ажиллагаа, хоршооны гишүүнчлэлийн тухай зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгасанаараа давуу талтай хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа гэнэ.
Ингээд чуулганы хуралдааны үеэр гарсан горимын санал ёсоор уг хуулийн төслийг хэлэлцэхээр болсон байна.
Ерөнхийлөгчийн зүгээс санаачлаад байгаа хуулийн төслүүдийн нэг нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд юм. Өргөн мэдүүлсэн төслөөр “Хээл хахууль өгөх, хээл хахууль зуучлах гэмт хэрэг үйлдсэн этгээд сайн дураараа хэргээ илчилж ирсэн, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн нь өс хонзон, шунахай сэдэлт агуулаагүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” хэмээсэн ч Хууль зүйн байнгын хорооноос арай өөр санал гаргасан аж. Тодруулбал “хээл хахууль өгсөн, зуучилсан этгээд сайн дураараа хэргээ илчилж ирсэн тохиолдол бүрт эрүүгийн хариуцлагаас бүрэн чөлөөлөх бус, харин ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзан үзэх ёстой” гэжээ. Хуралдаанаар байнгын хорооны энэ саналыг сонсоод ямартаа ч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье хэмээн шийдвэрлэсэн байна.
Өнгөрөгч онд өргөн баригдаж, улмаар анхны хэлэлцүүлгийн шатандаа дахин боловсруулагдахаар болж, Засгийн газарт буцаагдаж байсан хуулийн төслийг дахин чуулганы хэлэлцүүлэгт орууллаа. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын энэхүү төслөөр ус хангамж, ариутгах татуургын талаарх төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, орон нутгийн байгууллагын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, хүн амыг ундны усаар хангах үйлчилгээний үнэ, төлбөрийг тогтоох механизмыг боловсронгуй болгох зорилгоор ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийг шинээр байгуулах, ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, төвлөрсөн системд холболгүйгээр өөрийн эх үүсвэрийг шинээр бий болгох, байгалийн нөөц ашигласны төлбөрийг төлөхөөс зайлсхийвэл хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж байх зэрэг өөрчлөлт, нэмэлтүүдийг тусгасан юм байна.
Чуулганаар хэлэлцүүлэх явцад “шинээр барьж буй барилга байгууламжид тавигдах стандартын шаардлагад саарал усны схемийн асуудлыг заавал оруулж байх” зэрэг нийт 40 гаруй саналуудыг хэлэлцсэн бөгөөд гишүүд дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн байна.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин