Ю.Цэдэнбал Жоу Эньлай нар 1960 онд “Найрамдал, харилцан туслалцах гэрээ”. П.Жасрай-Ли Пэн нар 1994 онд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”, Н.Багабанди-Ху Жинтао нар 2003 онд Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоосон хамтарсан мэдэгдэл гаргаж байсан бол энэ удаад харилцааг дахин нэг шат ахиулан стратегийн түншлэлийн харилцаа тогтоож буйгаа зарлалаа. Өмнө нь бид зөвхөн сайн хөршүүд байсан бол өдгөө дэлхийн эдийн засагт томоохон тоглогч бас нөлөөлөгч болсон их луугийн улстай нэгэн зиндааны стратегийн түншүүд боллоо. Үүнийг ердөө л 20 орчим жилийн идэвхтэй харилцаатай харьцуулбал том амжилт гэж гадаад харилцааны салбарынхан үнэлж байна лээ.
АНУ, Герман, Европын холбооны улсууд гэх мэт цөөхөн хэдхэн улстай стратегийн түншийн харилцаатай байдаг Хятадуудын хувьд Монголыг ийнхүү онцгойлон авч үзэх болсон нь мөнөөх л уул уурхайн баялагтай минь холбоотой ч биз. Яриа хэлэлцээрийн үед Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийн сүүлийн шатанд тунаж үлдээд байгаа “Шиньхуа” компанийн нэр хэдэнтээ сонсогдов. Өмнөд хөршийнхэн “Шиньхуа”-даа их найдлага тавьж байгаа бололтой юм. Хонконг, Хятадын хэвлэлийнхэн ч Тавантолгойн хөрөнгө оруулагчдын тендерийн талаар адтай гэгч нь лавлан асууж байна лээ. Ерөнхий сайд аливаа асуудалд хоёр хөршийнхөө байр суурийг онцгой анхаарах бөгөөд гэхдээ хэн нэгэнд давуу эрх олгох бус, бизнесийн ердийн зарчмаар шийднэ гэдгээ илэрхийлж байв. Гэвч Ерөнхий сайдын илэрхийлж байгаа байр сууриар бол Тавантолгойн асуудал Орос+Хятад+Гуравдагч хөрш гэсэн “найрлага”-тай байх нь ерөнхийдөө тодорхой болж эхлэв. Дараагийн анхаарал татсан сэдэв буюу Оюутолгой. Оюутолгойнхон өөрсдийн эрчим хүчийг бий болготол буюу 2013 он хүртэл БНХАУ-гаас эрчим хүч авах ёстой. Энд Оюутолгой болон эрчим хүчний асуудлаар ярих зүйл их. Ямартай ч эрчим хүч, дэд бүтцийн салбарт “ок” анхаарч ажиллана гэдгээ илэрхийлжээ. Айлчлалын үеэр сонсогдсон бас нэг сайхан мэдээ нь Алтанбулаг-Улаанбаатар-Бээжингийн чиглэлд хурдан галт тэрэгний зам байгуулж болох тухай сураг. Ази Европыг холбосон хурдан галт тэрэгтэй болчихвол юутай сайхан хэрэг вэ? Албаны хүмүүсийн хэлж байгаагаар бол энэ ч бас сураг төдий асуудал биш бололтой. Мөд ажил хэрэг болох санал гэж үзэж байгаа юм байна лээ. Ерөөлөөр болох болтугай.
Айлчин ирэхэд чихэр горьддог жаал шиг манайхан гурван өндөрлөгөө гадаадад айлчлаад ирэхэд нь хэдэн төгрөгний зээл тусламж “хормойлж” ирээ бол гэдэг муу ч гэх юм уу, сайн ч гэх үү, “зантай”. Яг энэ зангаараа хүлээж суугаа хүмүүст хандан хэлэхэд энэ удаад манайд олгохоор амласан 60 сая юанийн буцалтгүй тусламж бас нэгэн түүхэн рекорд болж байгаа. Өмнө нь БНХАУ манайд 30-40 сая юанийн тусламж өгдөг байсан юм байна. Хятадын 300 саяын хөнгөлөлттэй зээл гэж хэдэн жил яригдаж байгаа ужиг асуудал бий. Бараг л шинэ зууны эхэнд ийм зээл олгохоор болсон ч өнөө хүртэл монголчууд ганц ч юань хөдөлгөж эхлээгүй байгаа. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг Буман нарны гэрэл хөтөлбөр, багш нарыг компьютержуулах аян гээд олон л төсөл “санаачилсан”. Харин энэ удаад манайхан иж бүрэн оюутны хотхон байгуулах санал гаргаж байгаа аж. Түүгээр ч барахгүй 300 саяын зээлээ бүр 500 сая ам.долларын зээл болгоод томруулаад авч. Ерөнхий сайдыг БНХАУ руу нисэхтэй зэрэгцээд л 500 сая ам.долларын маш том хэлэлцээр хийгдэнэ гэсэн мэдээлэл гараад байсан юм. Хөнгөлөлттэй буюу дээд тал нь хоёр хувийн хүүтэй зээл зах зээлээ тэлж байгаа монголчууд бидэнд хэрэгтэй л байлгүй яах вэ дээ?
Зээл авах мэдээж сайхан, дээрээс нь олоход ч хялбар биш байдаг биз. Уул уурхайгаасаа хязгааргүй их мөнгө олно гэсэн мөрөөдөлд хөлбөрч буй монголчуудын хувьд захаасаа орж ирж байгаа мөнгөний урсгалд баярлахаасаа илүүтэй авсан зээл, тусламжаа хэрхэн үр дүнтэй зүйлд зарцуулах вэ гэдгээ л бодолцох нь чухал билээ гэдгийг сануулах юун. Энэ удаагийн 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийгмийн салбарт зарцуулна гэсэн чиглэлтэй байгаа юм.
Ерөнхий сайдын зөвлөх О.Очийн хэлснээр бол өмнө нь ямарваа нэгэн хөнгөлөлттэй зээлд Хятадын компаниуд “давуу эрх” эдэлдэг байсан бол одоо монголчууд түлхүү оролцох боломжтой гэнэ. Тухайлбал, гүйцэтгэгч байгууллагаар монгол компани сонгоно ч гэдэг юм уу?
Олон жил яригдаж байж одоо л шийдэгдэж байгаа бас нэг гэрээ бол Ялтан шилжүүлэх тухай. Хуульч, гадаад харилцааны мэргэжилтнүүд манай талаас баахан хүчин чармайлт тавьж байгаа ч хятадууд гэдийгээд байдаг гэдэг юм билээ. Монголоос БНХАУ-д суугаа Элчин С.Сүхбаатарын хэлж байгаагаар бол одоо 100 гаруй монгол өмнө зүгийн шоронд буй. Эдгээрийн 30 гаруй нь хар тамхины хэрэгт орооцолдогсод. Харин Хятадаас манай шоронд 10 гаруй хүн хоригдож байгаа юм байх. Ялтан солилцох гэрээ гэнгүүт л нэг хэсэг зарим телевиз өрөвдөлт түүх өрнүүлж, монголчуудыг уйлуулж байсан Байгальмаа, цаазаар авах ял заагдаж байсан Дамдин тэргүүтэн нутагтаа ирэх нь ээ гэсэн сэтгэгдэл төрж байгаа биз.
Элчин сайдын хэлснээр бол дээд хэмжээний заалттай хэргүүдийн хувьд, ер нь л хэрэг болгонд тусгайлан авч үзэх онцлогууд байдаг гэлээ. Ямар ч гэсэн хүний нутагт мантуун хоолтой төдий байсан 100 гаруй хүн тэдний ар гэрийн хэдэн мянган хүнд энэ мэдээ гэрэл гэгээ залгуулж байгаа байх аа. Басхүү хятадууд манай 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр, Улаанбаатарын замыг сайжруулах гэх мэт олон төсөл хөтөлбөрт хамтрах санал илэрхийлсэн байна.
Энэ удаагийн айлчлалын бас нэг сонирхолтой үйл явдал БНХАУ-ын Засаг захиргааны бүсэд болсон Монголын Ерөнхий Консул болон “МИАТ”-ийн Төлөөлөгчийн газрын нээлт. Хонконгийг мэдэхгүй монгол хүн үгүй атал Хятад дахь “Англи улс”-ынхан Монголын талаар огт мэдэхгүй шахам. Хонконгод очиж үзээгүй хүн үгүй гэж дэгсдүүлж хэлж болох атал шууд нислэг, консулын газар үгүй байсан аж. Хонконг дахь консулаар томилогдсон Я.Ариунболд өмнө нь Бээжинд ажиллаж байсан аж. Харин “МИАТ” долоо хоногт хоёр удаа нислэг хийж байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард шууд нислэг хийн туршиж үзсэн “МИАТ”-ийнхэн зургадугаар сарын 4-нөөс тогтмол нислэг үйлдэж байгаа юм.
Айлчлалын үеэр гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичиг, хэлэлцээрүүд
• Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл
• БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр
• Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
• Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, соёлын дурсгалт газар хууль бусаар малтлага хийх, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдагдахаас сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
• Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ хоорондын гэрээ
• Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээр
• Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын Зам, тээврийн яам хоорондын протокол
• Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2011-2016 онд хэрэгжүүлэх Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө
• Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд хамтран ажиллах тухай гэрээ
• Монгол Улсын Сангийн яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Экспорт, импорт банктай хамтран ажиллах тухай санамж бичиг
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин