Элсэлтийн шалгалт “найраагаар” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Элсэлтийн шалгалт “найраагаар” эхэллээ

­Өнгөрсөн өдрүүдэд эл­сэл­тийн ерөнхий шал­галт буюу ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн их, дээд сургуульд элсэн орох шалгалт болж өндөрлөлөө. Энэ сарын 17-ны 10.00 цагт эхэлсэн шалгалт өчигдрийн 18.20 цагт орон даяар дуусгавар болсон. Нийт 39 мянга 40 сурагч элсэлтийн шалгалтад орохоор бүртгүүлжээ. Гурван өдрийн турш эцэг эх, сурагчдыг шалгасан элсэлтийн шалгалтын дүн ирэх сарын 1-нд гарах аж. Эцэг эхчүүдэд хүүхдүүдийх нь амьдралаа сонгох чухал мөч учраас шалгалт өгсөнөөс ялгаагүй байсан байх. Баянзүрх дүүргийн хувьд төгсөгчдийг дөрвөн хэсэгт хуваан “Их засаг”, Батлан хамгаалах их сургууль, “Зохиомж”, “Газарчин” дээд сургуулиудад шалгалт авахаар зохион байгуулж, нийт 2847 сурагч шалгалтанд орохоор бүртгүүлсэн аж. Их, дээд сургуульд элсэхийн тулд сурагчид сонгосон хичээлээрээ 800 хүртэлх оноог авах ёстой. 800 онооноос буурах дараалалтайгаар сонголтоо хийнэ. Шалгалт өндөрлөсөн. Харин хэн нь эцэг эхийнхээ авъяасаар, хэн нь өөрсдийн чадлаар сургуульд орох нь ирэх сарын 1-нд тодорхой болно.

Зургадугаар сарын 17-ны 08.00 цаг. Батлан хамгаалахын их сургууль. Энэ өдрийн эхний шалгалт Физикийн хичээлээр эхэлсэн. Үүний дараа Математик, Биологийн шалгалт цагийн хуваарийн дагуу авсан. Орон даяар нэгэн зэрэг нэг цагт эхэлж байгаа учраас хоцорсон, бичиг баримт дутуу хүүхдүүд шалгалтанд орох боломжгүй. Сурагчдыг цагтаа ирэхийг анхааруулсан байсан ч нэг хүүхэд цагаасаа хоцорч ирсэнээс шалгалтандаа орж чадсангүй. Харин бичиг баримт нь дутуу сурагчдыг шалгалт эхлэхээс өмнө оруулж  эцэг эхээр бичиг баримтыг авчруулж шалгагч багшаар дамжуулан бичиг баримтыг өгч байв. Шалгалт эхэлсэн л бол хоцорсон  сурагч шалгалтанд орох боломжгүй. Хэдийгээр сурагчид олон хичээлээр шалгалт өгч байгаа ч гол хичээлийн шалгалтаас хоцорсон тохиолдолд тухайн сурагч хүссэн мэргэжлээ эзэмшихээр их, дээд сургуульд орох боломжгүй болох юм. Хоцорсон сурагч “Би уг нь ШУТИС-д орох байсан юм. Физикийн хичээл гол хичээл маань байсан. Одоо би яах вэ” гэж уйлсаар нэрээ ч хэлэлгүй одов. Үнэхээр харамсамаар…  Хэдхэн минутын дотор нэг хүүхдийн амьдрал орвонгоороо эргэж буй нь энэ. Энэ бол нэг сургууль дээр нэг л хичээлийн шалгалтын явц. Өөр хаана хэний хүүхэд хоцорч, хэн нь бичиг баримтгүйгээс шалгалтанд орж чадаагүйг одоогоор мэдэх боломжгүй.

Сурагчдыг шалгалтанд орсоны дараа эцэг эх сүүдэр бараадан шалгалт дуусахыг хүлээн сууна. Эцэг эхчүүд хүүхэд минь шалгалтаа сайн өгөөд гараад ирээсэй гэхээсээ илүү тэр хамаатан, энэ найз руугаа утас цохин сууна. Тэд голдуу “Манай хүүхэд тийм сургуульд орно гэсэн одоо шалгалт өгч байна. Шалгалтын дараа яах вэ” гээд л ярьж өгнө. Нэг талаар муу зан ч юм шиг эсвэл хүүхдээ шалгалтанд тэнцэхгүй гэж итгэсэн ч юм шиг. Бас сонин шүү.  Элсэлтийн ерөнхий шалгалт алдаа оноо, “но”-гүйгээр явагдана гэдгийг зохион байгуулагчид амлаж байсан. Харин утас цохин суух эцэг эхчүүдийг хараад “но”-гүй болно гэдэгт эргэлзэх шиг. “Хүүхэд маань уг нь хичээлдээ сайн л даа. Гэвч одоо арын хаалгагүй юм гэж байх биш. Хүн бүр хүүхдээ сургуульд ороосой л гэж бодож боломжтой бүгдийг л хийнэ шүү дээ. Нөхөр маань нэг найздаа хэлсэн гэсэн. Чухам юу болохыг сайн мэдэхгүй л байна. Хэрвээ өөрөө чадахгүй бол бид аргалах хүн олсон л доо” гэж нэгэн эх ярьж байсан. Тэрээр нэрийг хэлэхийг хүссэнгүй. Бас нэг хүн “Манай хүүгийн найз яаманд ажилладаг. Тэгээд элсэлтийн ерөнхий шалгалтанд бүртгүүлэхээс нь өмнө хэдэн төгрөг өгөхийг санал болгосон. Тиймээс бид хүүхдээ бодож мөнгийг өгсөн. Хүн бүр л ийм арга хэрэглэж байгаа болохоор бид ч бас хэрэглэж л байна. Одоо ч тэгээд толгойгоороо оноогоо аваад гарч ирэх хүүхэд цөөхөн байх шүү” гэж байсан. Элсэлтийн шалгалт бол амьдралд хөл тавих хүүхдүүдийн анхны алхам.  Цаашид энэ хүүхдүүд яаж амьдрах бол…

Энэ жил элсэлтийн шалгалтыг өмнө нь боловсруулан тараагдсан тестээс түүвэрлэн санамсаргүй сонголт хийж авч байгаа. Харин шалгалтанд орсон хүүхдүүдээс “Бэлдэж байсан тестнээс арай өөр зүйл ирсэн. Химийн хичээлийн тест их хүнд байсан” гэсэн яриа гарч байсан. “Сурагчид тестийн номтойгоо гүйцэт ажиллаж чадвал алзахгүй” гэж шалгалт зохион байгуулагчид өмнө нь хэлж байсан. Харин шалгалтанд орсон хүүхдүүд “Зарим нь их хэцүү. Бэлдэж байсан тестнээс нэг ч ирээгүй” гэх юм билээ. Тестийн номноос үнэхээр өөр тест ирэв үү эсвэл ойчсон бүхэнд шалтаг мундахгүй гэгч болов уу. Гэвч нэг ангийн таван хүүхэд химийн хичээлээр жил гаруй хугацаанд бэлдсэн ч “Хүнд байсан” гэсэн үгийг хэлнэ лээ. Харин  зохион байгуулагчид “Элсэлтийн шалгалтыг олон шалгуураар тестийг санамсаргүй тохиолдлоор сонгож боловсруулсан” гэх.  Ийнхүү мэддэгт нь мэргэн цоохор мэддэгүйд нь эрээн цоохор их, дээд сургуульд элсэх шалгалт болж өндөрлөлөө.  Хоцорсонд нь харуусал, хийж чадсанд нь баяр дагуулсан бас нэгэн сонголтыг сурагчид хийсэн. Харин эцэг, эхчүүдэд хэний хүүхэд тэнцэж,  хэний хүүхэд унах бол гэсэн түгшүүртэй сэтгэлээр энэ өдрүүдийг үдсэн. Чухам хэн нь бариандаа ирж, хэн нь баян ходоод болохыг ирэх сарын 1-нд харах л үлдлээ дээ.

Ш.ЧИМГЭЭ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж