Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Энэ жилийн үндэсний их баяр наадам Хүннү гүрэн бай­гуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхэн ойтой давхцаж буй.  Тийм ч учраас өмнөх жилийн наадмуудаас өргөн дэлгэр тэмдэглэхээр  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо  ажилдаа оржээ. Нийслэлчүүдийн баяр наадамд 1.3 тэрбум төгрөг зарцуулахаар бат­луулж, эхнээсээ салбар хорооддоо хуваарилаад байгаа аж. Баяр наад­мыг зохион байгуулах хороо есөн салбар хороотой юм байна. Тус хороо энэ оны эхнээс баяр наадмыг зохион байгуулах талаар зургаан удаа хуралдаж, салбар хорооддоо үүрэг чиглэлээ өгчээ.

Түрүү бөхийн бай 15, морьд 5 сая төгрөгийн шагналтай

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын төсөв урьд өмнөхөөс  нэмэгдсэн нь үндэсний бөх, хурдан морь, сур, шагайн харвааны бай шагналын сан нэмэгдсэнтэй холбоо­той аж. Тухайлбал, өмнөх жилүүдэд түрүүлсэн бөх хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал хүртдэг байсан бол энэ жилээс  15 сая болгон нэмжээ. Цаашид ч тийм байх гэнэ. Харин түрүүлсэн морины эзнийг өмнө нь 600 мянган төгрөгөөр шагнадаг байсан бол одоо таван сая болж нэмэгджээ. Түрүүлсэн бөх, хурдан морины бай шагнал өсөхийн хэрээр бөхчүүдийн даваа­ны мөнгө, хурдан морьдын бай шаг­налын мөнгө нэмэгдэх юм байна. Харин 300 мянган төгрөгийн  урамшуулалтай байсан  сур, шагайн харваанд түрүүлсэн эрэгтэй, эмэг­тэй харваачид тус бүр дөрвөн сая төгрөгийн мөнгөн шагналтай болжээ.

500-600 иргэн, аж ахуйн нэгжид нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгнө

Баяр наадмыг зохион байгуулах хороо “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн орчин тойрныг “Нарантуул” захтай адил болгохгүйн тулд энэ жил зөвхөн нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх 500-600 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохоор хатуу тохирчээ. Өмнөх жилүүдэд  шүхэр, нүдний шил, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаанд зөвшөөрөл олгож бай­сан нь эмх замбараагүй байдал үүсгэж, худалдаачдаар дүүрэхэд хүргэдэг байсан. Тиймээс энэ жил зөвшөөрөлгүй бараа, хувцас зарсан тохиолдолд хатуу арга хэмжээ авахаа зохион байгуулагчид онцгой анхааруулж байна.

Наадмын нээлтийн ажиллагааны тасалбар 13-24 мянган төгрөгийн үнэтэй

Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мян­га 680 хүний суудалтай. Эдгээр суудлын 50 хувийг сүүдрэвчтэй хэсэг эзэлдэг. Энэ жилийн наадмын тасалбар сүүдрэвчтэй хэсэг нь 24 мянган төгрөгийн үнэтэй бол сүүдрэвчгүй хэсэг нь 13-15 мянган төгрөг байх ажээ. Жилийн жилд тасалбар авсан хэрнээ наадмын нээлтийг үзэж чадахгүй  үлдэх тохиол­дол гардаг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд энэ жилээс бүх суудлыг дугаарлах юм бай­на. Баяр наадмын нээлтийн ажил­лагааны тасалбарыг ирэх долдугаар сарын эхээр хэвлэж, зарах аж. Дашрамд дуулгахад, энэ жил Төв цэнгэлдэхэд наадам үзэхээр ирсэн 5-аас дээш насны хүүхдүүдийг заавал тасалбартай байхыг шаардаж байгаа аж. Үнийн хувьд том хүнтэй адил буюу 13-24 мянган төгрөг байх юм. Суудлын багагүй хэсгийг хүүхдүүд эзэлж, тасалбар авсан хүмүүс орох боломжгүй болдогтой холбоотойгоор Зохион байгуулагчид ийм шийдвэр гаргажээ.

Автомашины зөвшөөрөл 3000-20000 төгрөг байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд авто машины  А, Д, Ж,  Б, Ү, цэнхэр М, улаан М, Г гэсэн  найман төрлийн автомашины зогсоол ажиллуулах юм байна. Төрийн өндөр албан тушаалтнууд, жуулчид, Элчин сайдын яамдуудын машин 20 мян­ган төгрөгийн үнэтэй А, Д, Ж зог­соолд зогсох бол 15 мянган төгрөгийн Б зогсоолд төрийн болон төрийн бус байгууллагын машин орох эрхтэй аж. Харин 10 мянган төгрөгөөр зөвшөөрлийг нь авах Ү, цэнхэр М зогсоолд үйлчилгээ эрхлэгчдийн машин зогсоно. Мөн 3000-8000 төгрөгийн үнэтэй улаан М, Г зогсоолуудад наадам сонирхогч иргэдийн машиныг зог­сох боломжтой гэж үзсэн байна. Улаан М зогсоолын зөвшөөрлөөр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн ойролцоох талбайд орохгүй бөгөөд зөвхөн Хүй долоо худаг явах машинд олгох ажээ. Автомашины зогсоолын зөвшөөрлийг ирэх сарын эхээр хэвлэж,  Замын цагдаагийн газ­раар дамжуулан тараахаар төлөв­лөж байна. Гэхдээ тухайн үед ЗЦГ болон дүүрэг гэхчлэн хаанаас авах боломжтойг нь илүү тодорхой бол­гон, нийтэд зарлах ажээ.

1000 морин хуурч хуурдана

Энэ онд Хүннү гүрэн байгуу­лагдсаны 2220, Үндэсний хувьс­галын 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ой давхцаж байгаа  учир Үндэсний их баяр наадмыг өргөн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэж байна. Үндэсний баяр наад­мын комисс хэдэнтээ хуралдан, зохион байгуулалтын асуудлаа хэлэл­цээд, Ардын хувьсгалын 90 жилийн төрийн их баяр наад­мын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, ҮДБЭЧ-ийн ерөнхий найруулагч Б.Ганболд, хүндэтгэлийн тоглолтыг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар найруулан тавихаар болжээ. Мөн баярын үдэш Сүхбаатарын талбайд болдог “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг өнгөрсөн жил наадмын нээлт, хаал­тын тоглолтыг найруулан тавьсан найруулагч С.Ононбат зохион бай­гуу­­лах юм байна. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтод 1000 морин хуурч, 100 уртын дууч оролцох аж.

Жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарна

Улсын их баяр наадмаар гадаа­дын жуулчдын аюулгүй байдлыг ханган ажиллахад нийслэлийн Цаг­даагийн газраас онцгой анхаарч ажиллах юм байна. Авто тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран жуулчдад үйлчилж бай­гаа тээврийн хэрэгслүүдийн аюул­гүй байдалд шалгалт хийж, байнгын хяналт тавьж ажиллах юм. Цагдаагийн эргүүл, тасаг, хэс­гийн жижүүрүүд гадаадын ир­гэд, жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ба  жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулж, жуулчид ихээр явдаг газар оюут­нууд, иргэдийн сайн дурын эргүү­лээр ажиллуулахаар болжээ.

Гадаадын сурвалжлагчид 100 ам.долларын тасалбар авна

Үндэсний их баяр наадмыг сур­валжлах гадаад, дотоодын сэт­гүүлч, сурвалжлагчдын мандат­ны үнэ өмнөх жилээс өсөөгүй байна. Дотоодын хэвлэлийнхэн  баяр наад­­­мыг сурвалжлахын тулд 15 мян­ган төгрөг төлөх бол гадаадын сур­валж­лагчид 100 ам.доллараар эрхийн бичиг авч, Монголын үндэс­ний их баяр наадмыг сурвалжлах ажээ. Одоогийн байдлаар нэг бай­гуул­ла­гаас хэдэн сэтгүүлч, зу­раг­­чин, зураг­лаач баяр наадмыг сурвалжлах нь тодорхойгүй байна.

Баяр наадмыг тойрсон асуудал үүгээр дуусахгүй. Нийтийн бие засах газар  шинээр байрлуулах, Төв цэнгэлдэх хүрээлэн хүрэх шууд чиг­лэлийн нийтийн тээврийн үйл­чилгээний хуваарь гаргах зэрэг ший­дэх ёстой олон ажлууд бий. Эдгээр асуудалд хариуцлагатайгаар бэлтгэхийг хариуцсан салбар хороо­дод нь даалгасан гэж Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэллээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж