Сүүлийн үед иргэд нийгмийн цахим сүлжээнд ихээр нэгдэж олон нийтийн анхаарлын төвд буй элдэв асуудлыг бүлгийнхээ хэмжээнд ярилцан, олон нийтэд ил болгож, шийдэх арга зам, гарцыг эрэлхийлэх болж. Түүний нэг жишээ бол Facebook дэх "Хан-Уул дүүргийн иргэд хөдөлмөрчдийн нэгдсэн групп" юм. Тэд дүүргийнхээ хэд хэдэн хороололд ус, халаалтын мөнгөнөөс конторууд хэрхэн мөнгө завшиж байгааг судалсан байна. Орон сууцны конторууд иргэдийн төлсөн дулааны мөнгөнөөс хууль бус аргаар завшдаг болохыг судалсан байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэдийн фэйсбүүк бүлгийн админ Б.Мөнхцэлмэгтэй уулзаж тодрууллаа.
-Хан-Уул дүүргийн иргэд нэгдэн сошиал бүлэг байгуулж, тулгамдсан асуудлуудаа шийдэж байгаа гэж дууллаа. Нийгмийн сүлжээг ашиглан амьдрал ахуйдаа өөрчлөлт хийж буй энэ туршлагаасаа хуваалцаач?
-Манай бүлгийн гишүүд ихэвчлэн засаг захиргааны нэгжийн ажилтнуудын хүнд суртал, утаа, хог хаягдал, халаалт дулаан зэрэг өдөр тутмын амьдралд тулгамдсан асуудлаа хэлэлцдэг л дээ. Тэр дундаа идэр ес эхэлсэн энэ үед орон сууцны айлуудын дулаантай холбоотой гомдол санал их гарч байна. Бидний олж мэдсэнээр энэ нь нэгдүгээрт халаалт муугаас, хоёрт дулааны алдагдлаас болж байна. Гэхдээ иргэд дулааны алдагдал гэдгийг байрныхаа цонх, хаалга, агааржуулагчтай л холбож ойлгодогоос орцны талаар орхигдуулаад байдаг юм байна. Байрны орц тодорхой хэмжээгээр дулаантай байх ёстой. Бид орцныхоо дулааны мөнгийг конторт төлдөг байрны мөнгөнд шингээн төлдөг. Гэтэл конторууд бидний төлсөн мөнгөн дээр заль гаргаж орцны дулааныг нь хаачихдагийг иргэд тэр бүр мэддэггүй. Ингээд орц дулаангүй, хүйтэн байдгаас айлгууд хаалгаа онгойлгох төдийд маш ихээр дулаанаа алдаж байна. Мөн иргэд автомашины дулаан гараашид сар бүр түрээсийн мөнгө төлдөг ч бас л халаалтгүй байдаг. Үүнийг контор шийдэх ёстой ч иргэдийн мэдлэггүйг далимдуулж байгаа юм. Конторууд ажлын цагаар дулааныг нь хаачихаад, ажил тарах үед нээх, шөнийн цагаар дулааныг нь хаах гэх мэтээр мөнгө завшиж байна.
-Үүнийг чинь дулаан дамжуулдаг байгууллагуудаас хянадаг биш үү?
-Дулааны шугам сүлжээнээс ердийн хэмтэй ирж байгаа дулааныг конторууд өөрсдөө зохицуулдаг учраас ийм байдлаар хэмжээг багасаж танаж иргэдийг хохироож байна. Тэглээ гээд иргэд манайх угаасаа орц нь хүйтэн, халаалтгүй гэх мэт буруу ойлголттой байж болохгүй. Та мөнгө төлснийхөө хэмжээгээр дулаан авах ёстой. Энэ асуудлаар би өчигдөрхөн дулааны шугам сүлжээтэй холбогдож яг одоо орон сууцанд өгч буй дулааны хэмийг асуухад 65-70 градусын дулаантай байгаа гэсэн юм. Гэтэл бодит байдал дээрээ манай паар 40 градуст халж байгаа нь шударга бус юм. Гэхдээ эхлээд контортойгоо ярилцаж шийдэлд хүрэх хэрэгтэй. Болохгүй бол та бүхэн манайх хүйтэн байдаг юм гээд хойш суухын оронд энэ асуудлыг ШӨХТГ-т хандах буюу 70047005 утас руу мэдэгдэж гомдол гаргаж болно.
– Контор , сууц өмчлөгчдийн холбоо хүмүүс андуурах нь бий?
-Иргэдийг төөрөгдүүлдэг асуудал нь контор болон СӨХ-г нэг гэж андуурдаг. Халаалт дулаан, ус цахилгааны асуудлыг контор хариуцдаг. Зарим тохиолдолд тухайн орон сууцны контор, СӨХ хоёр нэг байдаг учраас андуурдаг биз. Тиймээс иргэд паар халахгүй, орц хүйтэн гэх асуудлыг контор хариуцсан хүндээ хандаж, цаашилбал дараагийн шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлж болно гэсэн үг.
Жишээлбэл, “Viva City” хотхоны дулаан алдагдлын талаар бид судалж, иргэдээс гарын үсэг цуглуулж, ШӨХТГ-т хандахад тус хотхон дээр байцаагчид шалгалт хийгээд халуун дулааныг нь хэмжиж, дүгнэлт өгөөд конторт нь уламжилсан. Контор нь одоо стандарт горимоо судалж илүү түвшинд хүргэнэ гэсэн хариу өгөөд байна.
-Танай групп нээгдсэнээсээ хойш иргэдэд тулгамдсан ямар асуудлуудыг энэ мэтчилэн шийдсэн бэ?
-ТОСК-ийн “Буянт-Ухаа 1” хорооллын зарим айлд цонхноосоо дулаан алдаж, цонх нь цантах, гэр чийгтээд дулаан ирэхгүй байна зэргээр барилгын чанартай холбоотой гомдол их гаргасан. Бид “Буянт-Ухаа 1” хорооллын иргэдийн Facebook групптэй хамтран ажиллаж айлуудаар явж гарын үсэг цуглуулж , судалгаа явуулж ТОСК-д шаардах бичиг хүргүүлж, асуудлыг шийдвэрлэсэн. Уг асуудлаар бид ТОСК-д хандахад нааштайгаар хүлээн авч ажлын хэсэг байгуулж, зарим айлуын цонхны хөөсийг шахах зэргээр арга хэмжээ авсан. Гэхдээ энэ ажил 100 хувь дуусаагүй одоо ч үргэлжилж байгаа.
-Орон сууцанд амьдардаг айл өрхүүдийн хувьд, дулаан ус, бохир гэхчлэн шийдвэл зохих асуудал бэрхшээл их гардаг. Тэр болгонд танай фэйсбүүк бүлгийнхэн асуудал тавьж ажилладаг гэж ойлголоо. Дараагийн шийдэх асуудал нь юу вэ?
-Орон сууцны хорооллын хөрсний бохирдлын тухай бид хэлэлцэж байгаа. Жишээлбэл , Хан-Уул дүүргийн 120, 19-р хороолол хавиар архи уудаг гудамжны тэнэмэл хүмүүс ихээр цуглардагаас шалтгаалж, тэр хавийн орчин ялгадсаар дүүрч хөрсний бохирдлыг аюулын түвшинд хүргэж байна. Бохирдлыг газрын гадаргууд шингээх чадвартай цэцэгт ургамал, модгүйгээс агаарт дэгдэж, агаар хөрс аль алийг нь гэр хорооллоос дутахааргүй бохирдуулж байгаа юм. Энэ бол бидний дараагийн шийдвэрлэхээр барьж авсан гол ажил.
-Ундны усны асуудал аль ч орон сууцны оршин суугчдын гол асуудал байдаг. Танай бүлэг ч бас энэ талаар хөндөж байгаа байх?
-Тийм ээ, хамгийн чухал асуудал. Цэвэр ус үнэндээ хамгийн том асуудал болоод байна. Тухайлбал, орон сууцны крантнаас гоожиж буй ус олон жил ашигласан турба хоолойгоор дамжиж ирдэг тул бид заримдаа зэвтэй ус хэрэглэж байна. Үүнийг уг нь контор шийдвэрлэх ёстой бөгөөд орон сууц болгоны дор усны шүүгч ажиллаж, ус цэвэршүүлж байдаг. Үүнийг контор гурван сар тутамд солих ёстой. Гэвч оршин суугчид үүнийг мэддэггүйгээс зэвтэй ус ирсэн ч анхаарч, хэлж шавдуулдаггүй нь асуудлыг хүндрүүлэх нэг нөхцөл болжээ.
Бид орон сууцны хорооллын 600 айлаас судалгаа авахад ихэнх тохиолдолд зэвтэй ус байнга гардаг гэсэн хариулт өгсөн. Хэрэв зэвтэй ус байнга гарч, иргэд ч дуугүй өнгөрөөсөөр байх юм бол нялхсын эрүүл мэндэд муугаар нөлөөлж төрөл бүрийн хавдар үүсгэх эрсдэлтэй нөхцөл үүссэн байна.
М.СУРА