Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 2014 оноос дотоодын хөрөнгө оруулалтаар буюу Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, Хөгжлийн банкны эх үүсвэрээр бүрэн шинэчлэгдэж, жилд нэг сая тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай болсон юм.
Энэхүү бүтээн байгуулалт ид өрнөж байх үеэр БНХАУ-аас импортоор орж ирдэг цементийг тойрсон хэл ам, хэлэлцүүлэг багагүй өрнөж, цаад утга гауулгаараа бол дотоодын үйлдвэрлэлээс өөрийн зах зээлийг бүрэн хангах боломжтой талаар “ухуулга” өрнөж байсан.
Мөн Хөтөлийг тойрсон чих сортойлгом мэдээллүүдийн нэг нь тус үйлдвэрийн захирал А.Шоовдор гэгчийг 38 тэрбум төгрөгийг албан тушаалаа ашиглан завшсан хэрэгт АТГ шалгаж эхэлсэн тухай байлаа. Түүнийг хоёр жилийн хугацаанд шалгаж эцэст нь гэм буруугүй хэмээн цагаатгасан. Үүний цаана чухам юу өрнөсөн юм бол?!
2013 оны наймдугаар сарын 19. Монголын хамгийн том цементийн үйлдвэрийн ерөнхий захирлыг АТГ-ынхан баривчилсан тухай мэдээ анх цацагдав. Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Шоовдорыг гэргийтэй нь хамт, мөн үйлдвэр эрхэлсэн захирал н.Баатаржав, дэд захирал н.Валяхүү нарын 10 шахам хүнийг баривчлан хорьжээ. Тухайн үеийн хэвлэл, сайтуудын мэдээллийг сөхөж үзэхэд А.Шоовдорыг өмгөөлөн хамгаалсан, эсвэл буруутай хэмээн нотлохыг оролдсон эсрэг тэсрэг мэдээллүүд гарч байжээ. Тухайлбал,
-Хөтөлийн үйлдвэр А.Шоовдорыг захирлаар ажиллаж эхэлсний дараа жилээс буюу 2005 оноос ашигтай ажилласан, 2011 онд цэвэр ашиг нь даруй 3.8 тэрбум төгрөгт хүрсэн тул үйлдвэрийн удирдлагууд нь 900 шахам ажилчин, ажилтныхаа дансанд тус бүр нэг сая төгрөг хийж өгсөн,
-Ажилчдынхаа өдрийн хоолыг үйлдвэр бүрэн хариуцаж сар бүр 57.4 сая төгрөг зарцуулдгаас гадна витаминжуулалтын мөнгө гэж хүн тус бүрт найман мянган төгрөг өгч, сувилалд амрах болон унааны зардлыг тодорхой хувиар хөнгөлж өгдөг байсан зэрэг эерэг мэдээллийг сөргүүлж;
-Үйлдвэрийн захирал нь “халаасны” хүмүүстэйгээ нийлж хувийн компани байгуулж, төрийн өмч, хөрөнгийг өөрийн компанидаа угаах замаар улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан, энэ хууль бус үйлдлээ хаацайлахын тулд ажилчдадаа тус бүр нэг сая төгрөгийн авилга өгсөн,
-Ажилчдын сарын хоолны талон хэмээн 67.200 төгрөгийн эрхийн бичиг өгдөг байснаа сүүлд 102 мянган төгрөг болгон нэмсэн, гэсэн хэдий ч хоол нь амт муутай болохоор идэх хүн цөөн байхад мөнгийг нь үйлдвэрээс гаргаж зарлагадаад байдаг,
-Ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй явж ирсэн учир 2.8 тэрбумын өртэй,
-Жилд 300 мянган тн цемент, шохойг дотоодын зах зээлд нийлүүлдэг энэ үйлдвэрт шохойн нийлүүлэлт бараг зогссон тул компани дампуурлаа зарлахад хүрч байгаа гэсэн ноцтой мэдээллүүдээс гадна захирал нь өрөөндөө супер засвар хийлгэсэн, шинэ цагийн баячуулын жишгээр худалдан авсан азарга нь хоёр ч томоохон наадамд түрүүлсэн гэх мэт “дайвар” мэдээллүүд ч хөвөрч байв.
2013 оны есдүгээр сарын 14. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Э.Амарбат “Хөтөлийн цемент, шохой компанийн удирдлагууд анхнаасаа үгсэн тохиролцож, өөрсдөө аж ахуйн нэгж үүсгэн байгуулаад тэр аж ахуйн нэгжээсээ сонгон шалгаруулалтгүйгээр бараа худалдан авч, тэр хэмжээгээр өөрсдөдөө давуу байдал үүсгэж, төрийн өмчит компанийн хөрөнгийг завшдаг байсан” гэж мэдэгдлээ.
Ингэснээр “Хөтөлийн цемент, шохой” компанийн захирал асан А.Шоовдор нарын зургаан хүнийг албан тушаалаа урвуулан мөнгө завшсан хэрэгт холбогдуулан АТГ-аас 2013 оноос эхлэн шалгасан, мөрдөн байцаагчид тэднийг улсад 38 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж байгааг олон нийт мэдэж авлаа.
2013 оны арванхоёрдугаар сарын 28. “Sonin.mn” сайтад “Хөтөлийн цемент, шохой” ХК-ийг “Алтан гадас” одонгоор шагнасан тухай мэдээлэв. Энд “Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн түүхийн шинэ хуудас эхэлж, шинэ захирал н.Батдорж ажлаа хүлээн авлаа” гэж дурдаад үйлдвэрийн 30 жилийн ойн баярын хурал дээр УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, үйлдвэрийн хуучин захирал А.Шоовдор нарын авахуулсан дурсгалын зургийг нийтэлжээ. Энэхүү мэдээний төгсгөлд сайтад хандсан зочин сэтгэгдлээ бичихдээ:
…Үйлдвэрийн даргыг шоронгоос түр гаргаж, үйлдвэрт нь одон өгч байна. Тайзан дээр өчигдөр шоронгоос гарсан Шоовдор захирал, нууц данстан Баярцогт хоёр зэрэгцэн
зогсож байхыг харлаа…
гэжээ. Шоовдор захирал хоригдсон тул ТӨХ-ноос түүнийг ажлаас нь чөлөөлж оронд нь н.Батдорж гэдэг хүнийг томилсон ажээ.
2015 оны наймдугаар сарын 17. Сэлэнгэ аймагт Шоовдор нарт холбогдох хэргийн шүүх хурал болж түүнийг цагаатгажээ…
Энэ хэрэг яагаад цагаадав? Эхнээсээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байсан уу? АТГ-ынхан хилс хэрэгт хүмүүсийг яллуулах гэв үү зэрэг олон асуулт хариултгүй үлдэж байна.
ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"