Ми-8 онгоцны осолд орсон 10 алба хаагчийн нэг нь Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Харин бусад есөн өвчтөний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан юм. Нэг өвчтөний хувьд өвдөгний ясны бяцралттайгаар эмчлүүлж байна. Биеийн байдал сайн, харин бяцарсан ясны эдгэрэлт удаан байдаг учраас хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэдгийг тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд мэдээллээ.
Сануулахад, 12 дугаар сарын 24-нд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сургалтын Ми-8 нисдэг тэрэг осолдсон билээ. Улмаар нэг хүн амиа алдаж, 10 хүнийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн юм. Осол болсон даруйд Батлан хамгаалах яамнаас холбогдох ажлын хэсэг гаргаж, ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн. Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах талаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад, одоогоор тодорхойгүй байгаа гэв.
Гэхдээ нөгөөдөр буюу нэгпдүгээр сарын 21-ний пүрэв гаригт Сайдын цаг уулзалтад Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцох юм байна. Энэ үеэр Ми-8 нисдэг тэрэгний ослын талаар мэдээлж магадгүй гэж таамаглаж байгаа юм.
Б.ЗАЯА
Холбоотой мэдээ