Бохир агаартай 10 дахь хот Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Бохир агаартай 10 дахь хот Улаанбаатар

-Гамшигт 100 хотын 70 нь Азийнх-

 

 

Агаарын бохирдлын асуудал Азид хурцадмал байна. Гэхдээ Европын зарим орнуудад ч энэ асуудал тулгарч байгаа юм. Тухайлбал, Зул сарын баярын амралтын өдрүүдэд агаарын бохирдлын улмаас Милан, Неаполь, Барселон болон Испанийн зарим хотуудад автозамын хөдөлгөөнийг хэдэн өдрөөр зогсоов. Түүнчлэн Польшийн Закопане хот саарал утаанд “замхарч”, Лондон хотын зарим хэсэгт азотын давхар исэл хэвийн хэмжээнээс давжээ. Орчин цагт хумхаа, ХДХВ/ДОХ өвчний нас баралтыг нийлбэр дүнгээс ч олон хүн агаарын бохирдлын улмаас хорвоог орхиж байна хэмээн Германы “Max Planck” химийн институтийн судлаачид хэлж байна. Хятадад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр жилд 1.4 тэрбум хүн нас бардаг гэх судалгааг гаргажээ. Түүнчлэн Энэтхэгт 650 мянга, Европт 180 мянган хүн амьсгалсныхаа төлөө нас барж байна.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага / ДЭМБ / ирэх хоёрдугаар сард дэлхийн 2000 хотын агаарын бохирдлын шинэчилсэн мэдээллийг танилцуулна. Өмнө нь 2014 оны байдлаар хамгийн их агаарын бохирдолтой 20 хотын 15 нь Энэтхэг, Хятад улсад байв. Бусад нь Пакистан, Иран, Бангладешид байжээ. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн 100 хотын 70 орчим нь Азид байна. Европт 2010 оны тооцоо судалгаагаар агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлд 1.6 их наяд ам.долларыг зарцуулжээ. Энэ нь 2013 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 10 орчим хувийг эзлэх болсон аж. Үүнийг улс орноор нь авч үзвэл Их Британи 83 тэрбум ам.доллар, Герман 145 тэрбум ам.доллар, Франц 53 тэрбум ам.долларыг зарцуулсан бол Болгар ДНБ-ий 25 хувийг агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл, үхэлд заржээ. Европт 2012 оны байдлаар агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх, амьсгалын замын өвчлөл, цусны даралт, тархинд цус харвах, уушгины хорт хавдар зэрэг өвчнөөр нас барагсдын тоо 482 мянга хэмээн тоологджээ.

 

Агаарын бохирдол нүдэнд үзэгдэж, чээжинд амтагдах бодит аюул болсны дараа дэлхийн хотууд үүний эсрэг арга хэмжээг авч эхлээд байна. Энэтхэгт том оврын суудлын тэргийг хориглож, хувийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тоогоор хязгаарлалт тогтоон хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээг авдаг. Энэ нь агаарын бохирдлыг 50 хувиар бууруулдаг хэмээн Энэтхэгийн албаныхан мэдэгджээ. Хятадын тухайд Барууны орнуудад хэрэглэсэн аргаас санаа авч үйлдвэр, станцуудыг хотоос гаргахаар ажиллаж байна.

 

Агаарын бохирдол ихтэй 10 хот

 

Бээжин: Хятадын нийслэл Бээжин хотын агаарын бохирдлын гол шалтгаан бол нүүрс шатаадаг үйлдвэр, станцууд. Бээжин 2008 онд Олимпын наадмыг цэлмэг тэнгэр дор зохион байгуулахын тулд олон тооны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, станцуудыг нүүлгэснээр бохирдлыг бууруулж байв. Гэсэн ч Бээжин хот агаарын бохирдол ихтэй хэвээр байна.

 

 

Кабул: Афганистаны нийслэл Кабул хурдацтай тэлж байгаа ч бохирдол ихтэй хот юм. Толгодын дунд оршдог Кабул хотын жолооч нар чанар муутай шатахуун хэрэглэдэг. Кабул хотын төв эмнэлгийн эмч нарын хэлж буйгаар нас баралтын гол шалтгаан нь агаарын бохирдол болсон гэнэ. Агаарын бохирдлын улмаас жилд 3000 хүн амьсгал хурааж байгаа нь дайн тулаан, терроризм, автозамын осол, ХДХВ/ДОХ-ын нас баралтыг давж гарчээ. Афганистаны Херат, Кандагар, Желалабад, Мазар зэрэг хотууд ч агаарын бохирдол ихтэй.

 

 

Тегеран: Өнгөрсөн арванхоёрдугаар сард агаарын бохирдол ихэссэнээс Ираны Тегеран хотод бүх дунд сургуулийн хааж, эмнэлгийн түргэн тусламжийг онц байдалд ажиллуулсан байна. Түүнчлэн зүрх, амьсгалын замын өвчтэй, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхдүүдийг гадагш гарахгүй байхыг хотын захиргаанаас зөвлөж байв.

 

 

Дакка: Бангладешийн нийслэл Дакка болон Нараянганж, Газипур зэрэг том хотууд хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр бохирдол ихтэй байна. Үйлдвэрт тоосго шатаах, дугуй түлэх, хуучин автомашин зэрэг нь эдгээр хотуудад агаарын бохирдлын гол шалтгаан болж буй.

 

 

Лагос: Нигерийн Лагос нь Африкийн хамгийн том хот төдийгүй агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн газар юм. Гол асуудал нь агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ дутмаг, хяналт судалгаа байхгүйд оршино. Лагос хотын агаарын бохирдлын хэмжээ Энэтхэг, Хятадынхаас өндөр байж ч магадгүй.

 

 

Бэйкерсфилд: Лос Анжелес агаарын бохирдлыг бууруулж чадсанаар Калифорни муж улсын Бэйкерсфилд АНУ-ын хамгийн “муу” хот болжээ. Уулаар хүрээлэгдсэн энэ хотод автомашины утаанаас гадна дулаан уур амьсгал нь хөдөө аж ахуйн хаягдлын задрал үүсгэж агаарын бохирдлыг бүрдүүлдэг.

 

 

Лима: Латин Америк бүс нутгийн хамгийн их бохирдолтой хот бол Перугийн нийслэл Лима. Андын нурууны зүүн, Номхон далайн баруун хэсэгт орших газар зүйн байршил болон хуучирсан тээврийн хэрэгсэл, чанар муутай түлш нь агаарын бохирдол үүсгэдэг. Лима хотноо жилд 5000 хорвоог орхидгийн 80 орчим хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас бардаг.

 

 

Каир: Долоон сая гаруй хүн амтай Каир хотын агаарын бохирдол ДЭМБ-ын зөвлөсөн хэвийн хэмжээнээс 100 дахин их. Египетийн нийслэл Каир хотын замын хөдөлгөөнд сая гаруй тээврийн хэрэгсэл оролцдогийн олонх нь хуучин. Дээр нь аж үйлдвэрийн хаягдал, тариаланчид будааны сүрэл шатаах, барилгын тоос тортог нийлээд аймшигтай агаарын бохирдол үүсгэж байгаа юм. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Египетийн байгаль орчны сайд Каир хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хэд хоногийн турш онц байдал тогтоож байв.

 

 

Дели: 25 сая хүн, есөн сая тээврийн хэрэгсэлтэй Дели хот үргэлж хорт утаан хөшиг татсан байдаг. Агаарын бохирдлыг бууруулахаар хотын удирдлагууд тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах арга хэмжээ авч, том оврын суудлын тэргийг хөдөлгөөнд оролцохыг хориглосон ч үр дүн бага байдаг аж.

 

 

Лондон: Өмнө нь нүүрс шатааснаас агаарын бохирдол үүсч байсан бол өдгөө олон мянган дизель хөдөлгүүрээс ялгарч буй азотын давхар исэл Лондон хотыг хордуулж байна. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг авч байгаа ч ирэх 2025 он хүртэл асуудлыг бүрэн шийдэж чадахгүй гэдгийг албаныхан хэлж байна.

 

 

Улаанбаатар: Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн улиралд Бээжингийн хэмжээнд дөхөж очдог боловч дээрх хотуудыг бодвол харьцангуй бага. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс шатаах болон тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн утаатай холбон тайлбарладаг. Чээж хорсгосон гашуун утааг бууруулахын тулд түлш бага зарцуулж, дулаанаа удаан хадгалдаг “утаагүй” зуух үйлдвэрлэж, шөнийн цагаар цахилгааны төлбөрийн хөнгөлөлт тогтоож, автомашины дугаарын хязгаарлалт тогтоож, гэр хорооллыг барилгажуулах зэрэг олон арга хэмжээг авч байгаа ч утаа буураагүй л байна.

 

 

Б.АНХТУЯА


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж