Chevrolet компани АНУ-ын Невада мужийн Лас-Вегест саяхан болж өнгөрсөн Consumer Electronics Show (CES) үзэсгэлэн дээр үйлдвэрийн дамжлагад орохын өмнөх бүрэн хэмжээний цахилгаан машины 2017 Bolt EV загварыг үзүүлэн ард түмний гэх тодотголыг өгсөн байлаа.
Ард түмний цахилгаан машин Bolt EV нь аккумляторын зайн блокоо нэг удаа цэнэглээд 320 гаруй км замыг туулдаг. Жолооч нь засмал зам, хотын гудамж зэргээс хамааран хөдөлгүүрийнхээ ажиллагааны хэд хэдэн үзүүлэлтийг тохируулж болдог.
Уг машиныг мультимедиагийн сенсорын 10,2 инчийн диагональтай дэлгэц бүхий MyLink системээр тоногложээ. Арын болон эргэн тойрны зураглалыг өгөх камертайгаас гадна Surround Vision системээр машиныг өндөрөөс харж байх боломжтой.
OnStar 4G LTE сервис нь машиныг Wi-Fi-д орох утасгүй цэг болгодог. Смартфоны хавсралт MyChevrolet Mobile App программаар автомобилийн тухай бүрэн мэдээллийг авч зарим нэг удирдлагыг хийх боломжтой.
Цахилгаан машины үйлдвэрлэлийг Мичиган мужийн Детройтоос холгүй байдаг Orion Assembly заводод энэ жилийн сүүлчээс гаргаж эхэлнэ. Зах зээлд Bolt EV загвар 2017 оны эхээр гарах аж. Эхлээд үйлдвэрийн дамжлагаас жилдээ 25-30 мянган машиныг гаргаж байхаар төлөвлөжээ. Үнэ нь ойролцоогоор 30 мянган ам.доллар болох ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР