Барууны орнууд Ираны эсрэг хоригоо албан ёсоор бямба гаригт цуцалснаар Иран газрын тосны зах зээлд эргэн ирлээ. Нефть экспортлогч орнуудад Иран нэмэгдсэнээр өчигдөр нэг баррель түүхий нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр 29 ам.доллар болж буурсан байна.
Ираны хувьд удаан хүлээсэн энэ өдөр харамсалтай нь хахаж, цацаад буй дэлхийн зах зээл дэх түүхий нефтийн нийлүүлэлтийг улам ихэсгэж, үр дүнд нь 2014 оны дунд үед нэг баррель нь 100 ам.доллар байсан түүхий нефтийн үнийг 30 ам.доллар ч хүрэхгүй болгож байгаа юм.
Өчигдөр 2015 оны нэгдүгээр сарын 17-нд нэг баррель түүхий нефтийн үнэ 29 ам.доллар болж буурсан нь 2003 оноос хойш түүхий нефтийн үнэ анх удаа ингэж унасан нь энэ юм.
"Иран ОПЕК-т ирж байгаа нь зах зээлд түүхий эдийн үнийг бууруулахаас өөр нэмэргүй. Үүнээс дор зүйл гэж байхгүй” гэж ClipperData –гийн түүхий эдийн судалгааны Мэтью Смит ярьж байна.
Иран одоо газрын тосны экспортоо хурдхан нэмэгдүүлэхийн тулд өдөрт л 500,000 баррель гаргаж, нэг жилийн дотор өдрийн экспортоо нэг сая баррельд хүргэхийг зорьж байгаа. Ираны эрх баригчид цаашдаа нэг өдрийн экспортоо 1.5 сая баррель болгох амбицтай төлөвлөгөөтэй.
Гэхдээ Иран энэ амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь Иран газрын тосны салбартаа хөрөнгө оруулаагүй олон жил болсноос техник, технологиор хоцрогдсон юм.
Газрын тосны үнэ хямд байгааг ч үл тоон, экспортоо нэмэгдүүлэхээр улайрч буй Ираны өмнө нийлүүлэлтдээ хахсан зах зээл сөхрөхөд ойрхон байгаа юм. Нөгөө талаар барууныхны тавьсан хоригоос болж олон жил ганцаардаж, хоцрогдсон улсынхаа эдийн засгийг хөл дээр нь босгоход Иранд газрын тосоо хурдан экспортолж, орлогоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа билээ.
Ираны хувьд нэг баррель ч байсан орлого болно. Учир нь Иранд хориг тавьснаас хойш газрын тосны экспортын орлого нь тэг болсон билээ. Харин Ираны эдийн засгийн хоригийг цуцлах тухай яриа гарснаас хойш газрын тосны зах зээлийн хямрал хөрөнгө оруулагчдад аюулын харанга дэлдэж эхэлсэн. Үүний нэг жишээ нь, Доу Жонсын индекс энэ жил 1.437 нэгжээр буурсан юм.
Хэдийгээр шатахууны үнэ хямд байгаа нь хэрэглэгчдэд ашигтай ч нөгөө талаар газрын тосны үнэ ингэж их буурах нь эрчим хүчний зах зээлд эмх замбараагүй байдал үүсгэж байна. Газрын тосны зах зээлээс орж ирэх ашиг багассанаар ажлын байр цөөрч, ажилгүйдэл газар авч, олон арван компани дампуурал зарлаад байна. Газрын тосны үнэ буурахад гарах бас нэг сөрөг үр дагавар нь дэлхийн эдийн засаг дахь эмгэг буюу дэлхийн хамгийн том эдийн засагтай Хятадын эдийн засгийн өсөлт саарах үзэгдэл болж байна.
Газрын тосны салбарт хөрөнгө оруулагчид учраа олохгүй сандарч байхад Ойрхи Дорнодод хөрөнгийн зах зээл хямрах шинжтэй болж байна. Ням гаригаас Саудын Арабын хөрөнгийн зах зээл 5 хувиар огцом буурчээ.
Н.ЭНХ