Д.Эрдэнэбат: Монголдоо бүтээхэд бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.17-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Монголдоо бүтээхэд бэлэн болжээ

“Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” өнгөрсөн баасан гаригт “Туушин”–д болж амжилттай өндөрлөсөн. Төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий тус зөвлөгөөнийг Монгол Улсын  Ерөнхийлөгчийн тамгын газар, Аж үйлдвэрийн яам  хамтран зохион байгуулсан бөгөөд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм  Ерөнхийлөгч өө,

Эрхэм Үйлдвэрлэгчид ээ,

Өнөөдөр Аж үйлдвэрийн яам та бүхэнтэйгээ Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн үндэс суурь болсон Үйлдвэржилтийн талаар тэр дундаа дотоодын үйлдвэрлэл, борлуулалтын асуудлаар зөвлөлдөхөөр хуран цуглаад байна.

Монголын төр өнгөрсөн онд Аж үйлдвэрийн яамтай болж, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үндэсний үйлдвэржилтийг дэмжих эрхзүйн шинэчлэлийн эхлэлийг тавилаа.

Өнгөрсөн 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үйлдвэржилтийг эрчимжүүлэх” чиглэлээр зарлиг гаргасан нь Аж үйлдвэрийн яамнаас үйлдвэрлэлийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дотоодын худалдан авалтыг дэмжих үндсэн чиглэл болсныг онцолж байна.

Бид 2015-2030 оны богино, дунд, урт хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулан УИХ-аар батлуулсан.

 Бодлогын эхний үе шат буюу 2015-2020 онд үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, түүхий эдийг дотооддоо боловсруулж, техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилгоор Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” хөтөлбөрийг Засгийн газрын түвшинд хэлэлцүүлэн батлуулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улстай хамтын ажиллагаатай дэлхийн улс орнуудтай эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн “Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр” ийг Улсын Их Хурлаар соёрхон батлууллаа.

Экспортод чиглэсэн, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль” –ийг дагалдах хуулиудын хамт боловсруулан батлуулсан.

Хөрш болон бусад оронтой тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнээр чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлж, “Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулан, “Худалдааны тухай хууль” –ийн төслийг УИХ-д өргөн барьж, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэхүү дунд болон урт хугацааны төрийн тодорхой бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд  үйлдвэрлэл  идэвхжиж, нийгмийн уур амьсгалд дотоодын бараа бүтээгдэхүүнээ хэрэглэх дадал хэвшиж, эх оронч худалдан авалт хийх хандлага өсч, ялангуяа үндэсний хөрөнгө оруулагчдын тоо, үйлдвэрлэлийн шинэчлэл нэмэгдсэн жил болсныг онцлон тэмдэглэж байна.

Үйлдвэржилт бол зөвхөн ажлын байр нэмэгдүүлэх ойлголт бус эд баялагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, нийтээрээ хөдөлмөрлөж бүтээх, хэрэглэх, экспортлох эх орны хөгжлийн түлхүүр ойлголт юм.

Өнөөдөр олон зуун үндэсний үйлдвэрлэгчид Монгол оронд буй болжээ.

Өөрийнхөө итгэл, сэтгэл, хөрөнгө санхүүгээ ЗОРИУЛЖ, БҮТЭЭЖ, , БАЙГУУЛЖ, ҮЙЛДВЭРЛЭЖ байгаа хэнд ч  болов Монголын төр, ард иргэд хүндэтгэлтэй хандаж дэмжих боллоо.

Энэ бүхний тод илрэл нь баялаг бүтээгчид хүсэл эрмэлзлээрээ нэгдэн холбоо байгуулан “Монголд үйлдвэрлэв – Миний хэрэглээ” уриалга гаргаж,  түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  дэмжин ажиллаж байгаа явдал юм.

Аж үйлдвэрийн салбарын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 2.3   тэр бум ам.доллар буюу 4.6 их наяд төгрөгийн 4 төсөл хэрэгжиж, үндэсний хөрөнгө  оруулагчдын оруулсан бодит хөрөнгө оруулалт 963.1 сая ам.доллар буюу 1.9 их наяд хүрсэн байна.

Эдгээр төслийг хэрэгжүүлж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох “ Кью Эф Си” ХХК, “МАК” ХХК,  “Монполимет” ХХК-ийн хамт олонд амжилт хүсье.

Энэ онд Европын техник, технологийг Монголд нутагшуулах зорилгоор 398 тэрбум төгрөгийн 5 төслийг эхлүүлэхээр ажиллаж байна.

Аж үйлдвэрийн яамны хэмжээнд:

-Хүнд үйлдвэрийн салбарт 718 тэрбум төгрөгийн 32 төсөл,

-Хөнгөн үйлдвэрийн салбарт 334 тэрбум төгрөгийн 37 төсөл,

-Чингис бондын санхүүжилтээр 154.9 тэрбум төгрөгийн 89 төсөл,

-ЖДҮ-ийн салбарт сүүлийн 3 жилд 154.4 тэрбум төгрөгийн 917 төсөл,

-Үйлчилгээний салбарт 49.6 тэрбум төгрөгийн 409 төсөл,

-Чингис бондын санхүүжилтээр 100 тэрбум төгрөгийн төсөл,ЖДҮ-ийн 538 төсөл, Үйлчилгээний 117 төсөл хэрэгжиж байна.

Үндэсний үйлдвэрлэгчдийн өөрсдийн хөрөнгө болох 2.4 их наяд төгрөгийг үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулсан байна.

   Дүгнэж хэлэхэд  үндэсний үйлдвэрлэгчид нийт 6.2 их наяд  төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа нь манай улсын төсөвтэй дүйцэж байгаа том тоо мөн.

Үүнээс үзэхэд Уул уурхай дагасан гадаадын хөрөнгө оруулалт татарсан ч олон салбарт шингэсэн дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдсэн онцлог жил байлаа.

Монголчууд  бид Монголдоо бүтээхэд  бэлэн болжээ

Гадаад улс орнуудын эдийн засгийн хямрал, уул уурхайн хараат манай орны эдийн засагт шууд сөргөөр нөлөөлж байна.

Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал  хүндэрч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн уналт эрчимтэй явагдаж байна.

2013 онд 1 баррель нь 108 ам.доллар байсан нефть  өнөөдөр 32 ам.доллар.

1 тонн нь 7.332 ам.доллар байсан зэсийн үнэ 3.938 ам.доллар.

1 тонн нь 84 ам.доллар байсан нүүрс 57 ам.долларын үнэтэй болж ирэх 3 жилд энэхүү уналт үргэлжлэн 2020 он хүртэл өсөх төлөвгүй байна.

  1 тонн нь 135 ам.доллар байсан төмрийн хүдэр 58 ам.доллар болтол унажээ.

 Дэлхийн металлын хагасыг эзэлдэг хөрш БНХАУ-ын металлын зах зээл уналтаас үүдэн  манай түүхий эдийн экспортын хэмжээ ч огцом унаж байна.

Энэ бол дэлхийн зах зээлийн бодит байдал юм.

2015 онд худалдааны нийт эргэлт 8.5 тэрбум ам.доллар үүнээс Экспорт 4.7 тэрбум ам.доллар импорт: 3.8 тэрбум ам.долларт  хүрч гадаад худалдааны тэнцэл 872 сая ам.доллар  болж нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байна.

Уул уурхайн түүхий эдийн уналт байгаа  хэдий ч манай улсын  боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний экспортод эерэг хандлага ажиглагдсан анхны жил боллоо.

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэн. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд экспортын чиг баримжаатай, импортыг орлох бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор импортын мах, махан бүтээгдэхүүн, цемент, зөгийн бал, зэрэг зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортын тарифын зохицуулалт хийснээр эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөлсөн байна.

Тухайлбал:

Энэ онд цементийн импорт 46 хувь буюу 42 сая ам.доллар /82 тэрбум төгрөг/-аар буурч, харин 638 мян.ам.доллар /1.2 тэрбум төгрөг/-ийн цементийн экспортыг анх удаа хийсэн байна.

Үхрийн махны импорт 40 хүртэл хувь буюу 43 мян.ам.доллар /84 сая төгрөг/-аар буурч, экспорт 65 хувь буюу 1 сая ам.доллар /2 тэрбум төгрөг/-аар нэмэгдсэн байна.

Зөгийн балны импорт 16 хувь буюу 233 мян.ам.доллар /460 сая төгрөг/-аар буурч, экспорт 10 дахин буюу 21 мян.ам.доллар /41 сая төгрөг/-аар нэмэгдсэн

үзүүлэлттэй байна.

Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балд тогтоосон импортын тарифын зохицуулалтад дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагш урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулсан байна.

Түүнчлэн савхин эдлэл, нэхий, хивс, үслэг эдлэл, сүлжмэл, оёмол хувцас, нэхмэл бүтээгдэхүүн, эсгий гутлын экспорт огцом нэмэгдэж 56 тэрбум төгрөг буюу 28 сая ам.долларын экспорт хийжээ.

Цаашид дотоодын үйлдвэрлэл эх орны зах зээлийг хангаж чадах бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн импортын бараанд гаалийн тарифын зохицуулалт хийнэ.

Үүний зэрэгцээ уул уурхайн хаягдал овоолгоос дахин боловсруулсан катодын зэсийн үйлдвэрлэлээс Монгол Улс экспортод 108.5 мян.ам.доллар буюу 217 тэрбум төгрөгийг сүүлийн 2 жилд экспортолсон байна. Түүнийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл эрчимжиж,  2015 онд 212 мян.ам.доллар буюу 424 сая төгрөгийн зэсийн бараа бүтээгдэхүүн экспортолсон.

Уул уурхайн хоёрдогч ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн эрхзүйн зохицуулалтыг Засгийн газраар саяхан  хэлэлцэж дэмжсэн бөгөөд үүнийг ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах болно.

Мөн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан түүхийгээрээ болон өртөг бага шингэсэн бүтээгдэхүүний гадагш чиглэсэн урсгалыг бага боловч хааж, дотоодын үйлдвэрүүдийг түүхий эдээр бүрэн хангах улмаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг экпортлохыг дэмжиж буй бодлогын зохицуулалтын үр дүнд боловсруулаагүй болон хагас боловсруулсан арьс шир /5.2 хувь/, ноос, ноолуур /16.4 хувь/-ын экспорт буурч, нэхмэл, үйлдвэрлэл, арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл нэмэгджээ.

Төр бол Монгол Улсын хамгийн том худалдан авагчийн нэг.

Иймээс Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглох” заалтыг оруулж өгсөн нь бүтээж буй Монголчуудаа дэмжсэн чухал зохицуулалт болсон.

Салбарын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээр хангах талаар АҮЯ, БХЯ-ны хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсны хүрээнд батлан хамгаалах яамны салбар нэгж дотоодын үйлдвэрээс 3.3 тэрбум төгрөгийн нормын хувцас, зөөлөн эдлэл, 1 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 426,4 сая төгрөгийн эм, ороох боох материал, барилга угсралтын ажилд 463,9 сая төгрөгийн барилгын материал тус тус худалдан авсан байна.

Мөн түүнчлэн нийслэл хот, үндэсний үйлдвэрийн автобусыг худалдан авч үйлчилгээнд гаргалаа.

Аж үйлдвэрийн импортыг орлох, экспортод чиглэсэн бодлогыг өөрийн орны онцлогтой уялдуулан зохицуулж  болдогийг өнгөрсөн жил бидэнд харууллаа.

Импортыг орлох бодлогыг хэрэгжүүлэх үе шатны үргэлжлэлийг зөв тогтоох нь онцгой чухал.

Манай улс шиг нэн жижиг зах зээлтэй оронд импортыг орлуулахаас илүү экспортод чиглэсэн бодлого чухал боловч илүү их өрсөлдөх чадварыг хангаж байж уг бодлогын үр дүнд  бид хүрч чадна.

Манай үйлдвэрлэгчид шинэ зах зээлийг эрэлхийлж байна.

Улс

Шинээр гаргасан ба нэмэгдсэн гол бүтээгдэхүүн

Хэмжээ /

мөнгөн дүн

Үйлдвэрлэгч

Сингапур

Төмрийн хүдэр, баяжмал

220 мян.тонн

10.0 сая $

(19.9тэрбум.төг)

Алтай хүдэр ХХК

Болдтөмөр Ерөө гол ХХК

Коксжих нүүрс

442 мян.тонн

9,6 сая $

(19 тэрбум.төг)

Эрдэнэс таван толгой ХХК

Индонез

Ган хоолой ба өрмийн яндан хоолой

24 тонн

137мян $

(274 сая төгрөг)

Мэйжор дриллинг монгол ХХК

Тунгаасан зэс ба хайлш

99 тонн буюу

496 мян $

(988 сая төгрөг)

Ачит Ихт ХХК

Филиппин

Хивс буюу бусад нэхмэл дэвсгэрэн зүйлс

157 мян $

(309 сая төгрөг)

Эрдэнэт хивс ХХK

бусад

Тайланд

Үхэр, адууны боловсруулсан ширний экспорт

186 мян $

(366 сая төгрөг)

Дархан нэхий ХК

Монголшевро ХК 

Мон-Ирээдүй ХХК

 

Нийт экспорт:20.5 сая ам.доллар буюу 41 тэрбум төгрөг хүрсэн байна

Монгол Улс дунд орлоготой, эдийн засгийн хурдан өсөлттэй орон болж байгаа учир үйлдвэржилтийн хөгжлийн хандлага анхан шатны боловсруулалтаас илүү гүн боловсруулалтад шилжих болж, төрийн бодлогын зорилго ч энэ чиглэлд түлхүү тодорхойлогдсон.

Эрдэмтэд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн нөлөөллийн шинжилгээ хийж тооцоход олборлох салбарын бүтээгдэхүүн гаргалтыг 1 хувиар нэмэгдүүлэхэд Монгол Улсын ДНБ нь 0.34 хувь, боловсруулах салбарыг мөн адил 1 хувиар нэмэгдүүлэхэд ДНБ нь 0.59 хувиар өсөхөөр тооцоолол гаргасан.

Үүнээс дүгнэхэд, олборлох салбарын өсөлтөөс илүүгээр боловсруулах салбарын өсөлт ДНБ-д нөлөөлж байна.

Эдийн засаг олон тулгууртай байхын ач холбогдол нь аль нэг салбарын уналтад тухайн улсын эдийн засаг  өртөөд байдаггүйг ойлгодог.

Өөрөөр хэлбэл аль нэг салбар уналтыг бусад өсөлттэй салбарууд нөхөж эдийн засгийн өсөлтөө дэмжээд явахыг хэлдэг.

Бид ийм эдийн засгийн бүтцийг бий болгохын төлөө ажиллана аа .

Эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд бодит үйлдвэрлэлийн үйл   ажиллагааг эн тэргүүнд дэмжих хэрэгтэй болж байна.

Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал нь

              Төрийн зүгээс олгогдох зээл, Засгийн газрын баталгааг бодлогоор хөгжүүлэх салбар болон экспортын бараа үйлдвэрлэгч, борлуулагчдад олгох, төрийн болон дотоодын худалдан авалтыг идэвхжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг сөрөг үр дагавруудаас хамгаалах, зах зээлийн нээлттэй байдлыг дэмжих, үйлдвэрлэгчдийн зээл, татварын ачааллыг бууруулах бодит арга хэмжээ авахыг шаардаж байна.

Бидний өмнө дараах зорилтууд тавигдаж байна.

Түүхий эдийн уналтын үед бид суурь хүнд  аж үйлдвэрийн бүтээн байгуулалтаа эхлүүлэх нь улс эх орны эрх ашиг мөн.

Үүнд бид нефть боловсруулах, ган хайлах, зэс цэвэршүүлэх үйлдвэрийн тухай ойлголтыг багтааж байна.

Суурь дэд бүтэц, суурь хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр улс орныхоо үйлдвэржилт, ЖДҮ-ийн хөгжил, ажлын байрны тухай, сайхан амьдралын тухай ямар ч яриа өрнөх боломжгүй юм.

Тиймээс Хүнд үйлдвэрлэлийн талаархи төрийн бодлогоо тодорхойлж, эдгээр үйлдвэрүүдийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулан үндсэндээ дуусч, энэ жил үйлдвэрлэлийнхээ суурийг тавихаар төлөвлөж байна.

Энэхүү төслүүдэд үндэсний үйлдвэрлэгчдийн оролцоо нээлттэй байх бодлогыг Засгийн газар баримталж байна.

Монголчууд бүтээж байна, иймээс 2016 оныг Аж үйлдвэрийн яамнаас “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарлая!

Энэ хүрээнд Дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавьж байна. .

Үйлдвэрлэгчдэд үйл ажиллагааг нь илүү чөлөөтэй, зохион байгуулалтай, нийгэм улс төрийн тогтвортой орчинд явуулахад төр дэмжлэг болох ёстойг онцлон тэмдэглэж байна.

Үйлдвэрлэгчдээ аливаа ялгаварлалаас ангид байлгах, банк санхүүгийн байгууллагуудын үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого санаачлагыг  дэмжих, инженер, технологчдийг бэлтгэх, инженерингийн аж үйлдвэрийн бүтцийг буй болгох эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглүүлэх болно.

Аймаг, орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн худалдан авалтыг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаа чиглэгдэнэ.

Төр, үйлдвэрлэгчид мэргэжлийн холбоодын уялдааг идэвхжүүлж, хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэн, тавих хяналтыг өндөржүүлэх болно.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд экспортын дэмжлэгийн хөтөлбөр,ТХХ түншлэлийн тухай, мэргэжлийн холбоодын тухай, үйлдвэрлэл технологийн  паркийн тухай хуулиудыг боловсруулан УИХ, Засгийн газраар батлуулахаар төлөвлөж байна.

Эрхэм үйлдвэрлэгчдээ !

Байгаагаа хувааж идэж  хөгжихгүй, өсгөж үржүүлж хөгжинө гэдгийг үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид хамгийн түрүүнд ойлгосон гэдэгт би итгэж байна.!!!

Та бидний өмнө улс орны үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын дархлаа буюу  үйлдвэржилтийг бий болгоход  олон саад бэрхшээл тулгарч байгаа  ч,  эх орныхоо хөгжлийн төлөө хүн бүр хөдөлмөрлөж, бүтээж байж хамтдаа хөгжинө.

Улс эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө та бидний хамтын ажиллагаа амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.

 

Анхаарал хандуулсанд баярлалаа.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж