Боомоор өвчилсөн малын сүргийг хотоос гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.06.19-нд нийтлэгдсэн

Боомоор өвчилсөн малын сүргийг хотоос гаргажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо буюу Их тэнгэрийн аманд аж ахуйн  зориулалтаар маллаж байсан малчин Г. Баттөрийн  34 тоо толгой малнаас нэг тугал боом өвчний улмаас үхсэн тухай мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ.  Дээрхи малыг Төв аймгийн Эрдэнэ сум болон Тэрэлжээс зургадугаар сарын 11-нд хот руу авчирч, Их тэнгэрийн аманд аваачсан гэж байгаа юм. Холбогдох хүмүүс мал өвчилсөн тухай мэдээлэл авсан даруй Хан-Уул дүүргийн онцгой комисс хуралдаж гарч болох хор холбогдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан талаар хэлж байгаа. Хамгийн гол нь Их тэнгэрт аж ахуйн зориулалтаар авчирсан малд вакцинжуулалт хийгдээгүй байсан аж. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д. Урансүрэнгийн хэлснээр бол нийслэлд мал вакцинжуулах ажил 4, 5, 6 сард явагддаг бөгөөд энэ ажил одоогийн байдлаар 65 хувьтай байгаа гэнэ. 

Ямартай ч үхсэн мал боом өвчнөөр өвчилсөн болох нь шинжилгээгээр нотлогдсны дараа бусад малд вакцин тариад байгаа ба үлдсэн 33 мал, дөрвөн нохойг тусгай хамгаалалттай газар нутгаас болон хотоос өнгөрсөн баасан гаригт гаргасан байна. Түүнчлэн уг нутаг дэвсгэрт буюу 97,89 м кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байгаа аж.  Нэмэлт мэдээлэл өгөхөд, хамгийн сүүлд нийслэлд 2008 онд боом өвчин илэрснээс хойш энэ төрлийн өвчин гараагүй байсан аж. Боом нь малын гоц халдварт өвчин бишээс гадна үхсэн нэг туглаас бусад малд энэ өвчний шинж тэмдэг шинжилгээгээр илрээгүй тул айх сандрах зүйл байхгүй гэж албаныхан хэлж байна.
 
   
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж