“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум өнөөдөр Төрийн ордонд болж байна. Форумын нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ өнөөгийн байдлаар манай санхүүгийн салбар ДНБ-ий 4.7 хувийг эзэлж байгааг онцоллоо. Гэхдээ дөрвөн хувийг банк, үлдсэн 0.7 хувийг банкнаас бусад санхүүгийн салбар эзэлж байгаа нь санхүүгийн салбарын гүнзгийрэлт олон улсын жишгээр хангалтгүй байгааг илэрхийлж байна гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт "Монгол шуудан" ХК-ийн төрийн мэдлийн 34 хувь Монголын хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалагдсаныг нааштай үйл явдал гэж УИХ-ын дарга тэмдэглэлээ. “Энэ нь үндэсний компаниуд үнэт цаасны зах зээлээс хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэрийг татах замаар үйл ажиллагаагаа өргөтгөх, техник технологио шинэчлэх өргөн боломж байгааг харуулж байна. Хэдийгээр дотоод, гадаад эдийн засгийн нөхцөл хүнд байсан ч, өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийгдээгүй үнийн дүн бүхий арилжааг 2015 онд хийснийг онцлон хэлж болж байна” хэмээн З.Энхболд хэллээ.
Цаашид хувьцаат компаниудын эдийн засагт эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, нийтийн ашиг сонирхолд тулгуурласан бизнесийн байгууллагууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих илүү таатай нөхцлийг бүрдүүлэх, татварын бодлогыг оновчтой болгоx, үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар хийх ажил их байгааг хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
А.ШАРАВ