Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд олон чухал санаа оноо, тодорхой саналууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон нэр бүхий хүмүүсийн дунд өрнөж байгаа яриа, уулзалтуудаас гарч байна. Тухайлбал АНУ-ын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Т.Донохью Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ америкийн хөрөнгө оруулагчдын зүгээс монголд уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи, боловсролын чиглэлд хөрөнгө оруулах сонирхол улам бүр нэмэгдэж байгааг илэрхийлж, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжуудын талаар Ерөнхийлөгчтэй харилцан ярилцлаа.

Үнэхээр ч хөрөнгө оруулах сонирхол эрс нэмэгдсэн болохыг Вашингтон хот дахь АНУ-ын Худалдааны танхимд болсон хүндэтгэлийн зоогийн арга хэмжээнээс харж болохоор байлаа. Энд америкийн томоохон компаниудын удирдах албан тушаалтнууд, монголын бизнесийн төлөөлөгчид нийлсэн 300 орчим хүн ирсэн. Тэдний дунд “Peabody Energy” ,“General Electric”, “Microsoft”,  “United Global Resources” зэрэг компанийн удирдлагууд ирсэн байв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зоогийг нээж үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, арав хорин жилийн өмнө бил бид хэрхэн хөрөнгө оруулагчдыг монгол руу татах вэ гэдэг тухай ярьдаг байсан бол одоо хөрөнгө оруулах энэ их сонирхол хүсэлтийг хэрхэн “зохицуулах” тухай ярьдаг болж байна. Уул уурхайн асар их баялагтай, ардчилсан нээлттэй тогтолцоотой, татварын тааламжтай нөхцөлтэй, хоёр том “аварга” зах зээлийн дунд оршиж байгаа гэхчилэн давуу талууд бидэнд олон байна. Бид байгалд ээлтэй өндөр технологитой, ил тод ажиллах бизнесийн ёсзүйтэй хэн боловч хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Дараа нь Монгол Банкны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргал, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дэд дарга Н.Очирхуяг нар илтгэл тавьж, монголын эдийн засгийн өнөөгийн байдал,  хөрөнгө оруулах боломжуудын талаар ярилаа.

Дараа нь монгол америкийн бизнес эрхлэгчдийн дунд хамтран ажиллах талаар сонирхолтой яриа өрнөв.

 Монголд АНУ-ын хөрөнгө оруулалттай 200 гаруй аж ажуйн нэгж бүртгэлтэй байдаг Тэдгээр нь геологийн хайгуул, олборлолт, аялал жуулчлал, банк санхүү, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд АНУ-тай хийсэн худалдааны хэмжээ 164.1 сая долларт хүрчээ. 

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж