Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Б.Баатарыг өмөөрөхүй

“Hero entertainment” студийн бэлтгэдэг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар материал алдагдан шуугиан тарьсан. Хүмүүс энэ талаар янз янзын байр суурьтай байна. Хэдийгээр “Херо” студийнхэн хар материалаа хулгайд алдсан гэж албан ёсоор мэдэгдсэн ч тэднийг “өөрсдөө зориуд алдсан” гэж үзэх хүн цөөнгүй байна. Алдагдсан видеог хэсэгчлэн монтажлан фэйсбуукийн “Ил товчоо” нэртэй пэйжээр түгээсэн. Харин Youtube-д “Enkhee Enkhee” гэсэн хаягаар оруулсан байснаа төд удалгүй устгасан билээ.

“Херо" студийн найруулагч Б.Баатар энэ асуудлыг шалгуулахаар тагнуул, цагдаагийн байгууллагад хандаад байгаагаа хэлсэн. Гэсэн ч “зориуд ил гаргачихаад хулгайд алдсан гэж худал бурж байна”, “Н.Энхбаяр эсвэл Х.Баттулгын хар сурталчилгаа” гэхчлэн олон янзаар бичсээр байна. Харин үүнийг бичигч бээр Б.Баатар гэдэг хүнийг хийсэн уран бүтээлээр нь мэдэхээс бус ойр дотно биш гэдгээ шуудхан хэлье. Гэхдээ энд тэрхүү бичлэгийн агуулга, утга санааг ярих гэсэнгүй. Аливаа сэтгүүлч, сурвалжлагч яриагаа сонирхолтой болгохын тулд тухайн оролцогчоо янз бүрээр хатгах тохиолдол бишгүй байдгийг өнгөрсөн хугацаанд ажилласан туршлагаасаа мэднэ. Гэхдээ Б.Баатар гэдэг найруулагч, уран бүтээлч болохоос сэтгүүлч биш. Анужин ч ялгаагүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд ил тодоор олох боломжгүй мэдээ, материалыг эрэн сурвалжилж, шаардлагатай тохиолдолд нууцаар материал цуглуулах явдал байдаг. Харин энэ нэвтрүүлгийн хувьд эрэн сурвалжлах сэтгүүл зүй биш бөгөөд тухайн хүнтэй харилцан тохиролцож яриа авсан нь илт.

Найруулагч Б.Баатарын хэлсэнээр “Улсын архивт хүлээлгэж өгөхөөр хадгалж байсан Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бичлэг алдагдсан. Мөн манай уран бүтээлчид С.Зориг агсны тухай баримтат кино хийж байгаа. Уг кинонд хэрэглэхээр “хард” дискэнд хуулаад тусад нь хадгалж байсан файл, сонины хайчилбар алга болсон. Хавтаст байсан дүрс, бичлэгүүд маш нарийн мэргэжлийн дагуу хуулагдсан байгаагаас харахад энэ бол эртнээс судалж хийсэн хулгай. Үүнийг улс төрийн зорилгоор ч хулгайлсан байх магадлалтай” гэдгийг хэллээ.

Энд яригдахгүй байгаа нэг зүйл нь харилцаа холбооны өндөр технологид бүх зүйл суурилж, өдрөөс өдөрт байр суурь, хүрээ хязгаараа тэлж буй цахим ертөнц хамгаалалттай байна уу гэдэг асуудал. “Херо”-гийн алдагдсан материалыг чухамхүү өндөр технологи, цахим ертөнцийн шидийг мэддэг хүмүүс хулгайлсан магадлал өндөр байгааг бодолцох учиртай.

Одоогоос сар хүрэхгүй хоногийн өмнө өөрийнх нь нийгмийн даатгалын сангийн мэдээллийг зориуд өөрчилсөн тухай нийтлэлч Баабар толгой сэгсэрч, бухимдаж байлаа.

Тэгвэл 2013 онд Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл түгээдэг Засгийн газрын www.police.gov.mn сайтыг хакердаж, ажиллагаагүй болгосон тухай мэдээлж байсан. Үүнээс жилийн өмнө 2012 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал хэмжил зүйн газрын вэб сайт www.masm.gov.mn мөн хакеруудын халдлагад өртсөн юм.

Бидний эрхлэн гаргадаг www.news.mn сайтыг цагдаагийн удирдах албан тушаалтнуудын хэргийн талаар нийтлэл гаргаж байх үед хакердаж байсан. Энэ талаар ТЕГ-т хандсан ч хэргийн эзэн, хэн захиалсныг нь илрүүлээгүй.

УИХ-ын гишүүдийн гар утсанд “1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү…" гэсэн мессеж ирж байсныг саная. Энэ хэргийг хянан шалгаад Мобиком-ын утас руу Румын улсын "Водафон" үүрэн операторын сүлжээнээс, Юнител-ийн утас руу ирсэн мессежийг Мальта улсаас илгээсэн гэж байв. Гэсэн ч энэ мессэжийг яг хэн, ямар зорилгоор явуулсан бэ гэдгийг өнөө хэр нь тогтоогоогүй. Албан бус мэдээллээр нэгэн улстөрчийн хийсэн ажил гэж шуугисан ч тэгэсгээд намжсан.

Өнөөдөр архивын бичиг баримтаас эхлээд мэдээллийн хэрэгслүүдийн сан хөмрөг, төрийн албан бичиг бүгд цахим хэлбэрт шилжиж буй. Гэтэл хэн дуртай нь түүнийг хакердаж, дур зоргоороо өөрчилж байхад хэн ч хариуцлага тооцохгүй байгаа нь бид цаашид яах вэ гэсэн асуултыг тавихад хүргэж байна.

Сэтгүүлчид бид ч энэ асуудалд болгоомжтой хандах цаг болсон. Өнөөдөр хэн нэгний цахим хуудастаа оруулсан зураг, пост зэргийг шууд тавьж эрээ цээргүйгээр дүгнэлт хийх үзэгдэл ч ажиглагддаг нь нууц биш.

Өнөөдөр энэ хэрэг нэг студи, хувь улстөрчийн асуудал мэт харагдаж байгаа ч үнэндээ Монголын аль ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн архив, мэдээллийн сан руу довтолж, тэр тоолондоо эзэн, эвдэгч нь тодорхойгүй үлдэх бодит аюул нүүрлэж байна.

Хэрэвзээ ийм байдал үргэлжлээд байвал өнөөдөр нэг студи маргааш монголчуудын үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл цуглуулах эрхэнд халдах нь. Нөгөөтэйгүүр хувь хүн болоод аль ч албан байгууллагын нууцад дур зоргоороо халдаж, олон нийтэд цацаад зүгээр өнгөрдөг болох нь.

Б.Баатарын хэлээд байгаачлан Монголын хамгийн аюулгүй гэж тооцогдсон серверээс жирийн иргэн мэдээлэл хулгайлах боломж байхгүй. Нарийн мэдлэгтэй мэргэжлийн хүн гээд байгаа нь анхаарал татна. Магадгүй түүнд таамаг байгаа ч хэлэхээс айж байж болох юм.

Аргаа барахдаа “Олон нийт, нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэлээр зүтгэж уран бүтээл туурвицгааж байгаа Та бүгдэд энэ мэт зохион байгуулалттай хууль бус үйлдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, цаашид анхаарал болгоомжтой байж, бидний энэ гашуун туршлагаас сургамж аваасай гэж хүсэх байна.Би үүнийг маш том мэргэжлийн ажиллагаа гэж бодож байна. Нарийн зохион байгуулалттай гэж хэлэхийн учир нь энэ бол ганц хоёр хүний хийсэн ажил биш, энэ бол маш том бүлэглэлийн хийсэн тусгай ажиллагаа гэдгийг хэлье” гэж тэр хэлж байна.

Тиймээс л мэдээллийн аюулгүй байдал бидний аюулгүй байдалд бодитоор заналхийлж байна. Өнөөдөр энэ бүхэн ганц нэг студийн асуудал мэт боловч үнэндээ улсын аюулгүй байдалд нөлөөлөхүйц айхтар асуудал болсныг дахин сануулъя.

Өнөөдөр хэн өндөр технологи эзэмшиж байна, тэр хэн хүний нууц руу халдаад байвал юу болох вэ?

Хэрэвзээ хувь хүн, албан байгууллагын нууцад халдаж, түүнийг нь өөрсдийнх нь эсрэг ашиглаад эхэлбэл бид яах вэ? Тиймээс л энэ асуудалд өөрсдийн мэдээллээ хамгаалж чадаагүй гэж тэднийг буруутгахаас илүү аюулгүй байдлыг сайжруулж, энэ хэргийн эзэн, буруутанг олж, дараагийн дараагийн гарч болзошгүй аюулаас сэргийлэх нь чухал… Өдрөөс өдөрт өргөжиж буй цахим мэдээллийн хэрэгслүүд, хувь хүн өөрийн мэдээллээ хамгаалах, технологийг хөгжүүлэх нь хамгийн амин чухал асуудал болжээ.

Л.НАРАНТӨГС


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж