Ерөнхийлөгч, Мянганы Сорилтын Сангаас үзүүлж буй АНУ-ын тусламж дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлж, төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улсад тогтвортой өсөлтийг эрчимжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой болохыг хэллээ.
Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Ж.Бейнер Америк-Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар чармайн дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын нэгдсэн хорооны дарга, Адмирал М.Мулленыг хүлээн авч уулзлаа.
Манай Улс энхийг сахиулах ажиллагаанд тууштай оролцож байгаад талархаж байгаагаа Адмирал М.Муллен илэрхийлэв. “Монгол цэрэг эрс эртнээс дайчин, чин зоригтой, үүргээ сайн биелүүлдэг. Монголын дайчид үүргээ нэр төртэй биелүүлж байгааг бид харж сонсч байгаа” гэж тэрээр хэлэв. Монгол Улсын Батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх, офицер ахлагч нарыг сургах, техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Адмирал М.Муллентэй санал солилцлоо.
Энэхүү уулзалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нар оролцлоо. Адмирал М.Муллен эдгээр офицеруудыг Иракт алба хааж байхдаа гарамгай гавьяа байгуулсанд нь баяр хүргэж амжилт хүслээ.