“Төрийн мэдээлэл эмхэтгэл” шинээр хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл эмхэтгэл” шинээр хэвлэгдлээ

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдээд байна. Энэ удаагийн дугаарт Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай Монгол Улсын хууль, БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ. Энэхүү хуулиар “Эхийн алдар” одонгийн болзол болох “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй болж байгаа юм.

Мөн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. Улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 55.4 тэрбум хүртэлх төгрөгийн, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 72 тэрбум хүртэлх төгрөгийн, нийт 127.4 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2011 оны төсвийн жилд тус тус гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газарт энэхүү тогтоолоор даалгасан юм.

Нийслэлийн шүүхийн танхимын тэргүүнийг томилох тухай, Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг мөн нийтэлжээ.

Засгийн газрын тогтоолоор баталсан Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөртэй эмхтгэлийн хуудаснаас танилцах боломжтой. Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх тандалт, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах замаар халдварт өвчний тархалтыг хязгаарлахад хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Төрийн мэдээлэл”-ээс авах боломжтой.

Хоршооллын олон улсын жилийг тэмдэглэх Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Хоршооллын олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг эмхтгэлд бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж