НӨАТ-ын шинэ хууль оны эхнээс хэрэгжиж, иргэн бүр НӨАТ-ын 20 буюу нийт худалдан авалтынхаа хоёр хувийг буцааж авахын дээр сар тутам сугалаанд оролцох эрхтэй болсон. Урьд нь хаанаас хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн авч буйгаа огт тоодоггүй байсан хүмүүс одоо худалдаа хийсэн дэлгүүр бүрээсээ QR код буюу тусгайлсан бар кодтой талон нэхэх болжээ. Ингэснээр иргэд өөрсдийн халааснаас гаргаж буй зарлага бүрийг нягтлах боломжтойн дээр худалдаа наймаа эрхлэгчдийн борлуулалтын хэмжээг автоматаар татварын албанд бүртгүүлж байгаа юм. Худалдаа наймаа эрхлэгчид 100 сая төгрөгийн борлуулалт хийчихээд 10 саяыг нь татварын албанд бүртгүүлээд түүнээсээ татвар төлчихдөг байсан бол одоо ингэх боломжгүй болж байна. Учир нь тус газраас худалдаа хийсэн хүмүүсийн баримтаар борлуулалт нь татварын албанд автоматаар бүртгэгдэнэ. Ингэснээр татварын бааз суурь нэмэгдэж, улсын сан хөмрөг зузаарах юм.
Хувь иргэдийн хувьд зарлагаа нягталж хянах боломжтойн сацуу аз таарвал сугалаагаар 20 мянгаас 100 сая хүртэлх төгрөгийг хожих боломжтой юм. Хамгийн эхний сугалааны тохирлыг нэгдүгээр сарын 17-ны ням гаригт МҮОНТВ-ээр орон даяар шууд дамжуулна. Энэхүү сугалаанаас хамгийн багадаа 570 азтан тодрох магадлалтай гэдгийг Гааль, татварын ерөнхий газрын НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийнхэн хэлж байна. Иргэд сугалаанд орохын тулд тусгай зод бүхий баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлэх шаардлагагүй. Код бүхий баримт авч байгаа нь өөрөө сугалааны эрх авч байна гэсэн үг юм. Гэтэл иргэд баримтаа бүртгүүлж байж сугалаанд оролцоно гэж ташаа ойлгосноос ebarimt.mn сайтын серверт хэт ачаалал, доголдоход хүрчээ. Тус сайтад өдөрт 100 мянган иргэн, 20 гаруй мянган аж ахуйн нэгжээс холбогдож байгаа гэнэ. Тиймээс иргэд бар кодтой газраас худалдаагаа хийгээд л сугалааны эрхтэй болох юм. Харин НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтын хувьд баримтаа заавал бүртгүүлсэн байх учиртай. Гэвч жилдээ багтаагаад бүх баримтаа бүртгүүлэхэд хангалттай хугацаа байгаа тул заавал өдөр өдөрт нь бүртгүүлэх гэж өөртөө ч, татварынханд ч төвөг учруулах шаардлагагүйг дуулгах байна.
Хоёр тэрбумыг нөөц серверт зориулна
ebarimt.mn сайт руу нэвтрэхэд хүндрэлтэй байгаа талаар иргэд гомдоллох болсон. Үнэхээр ч сүүлийн хоёр хоногт тус сайтад саатал гарсан бөгөөд цаашид сааталгүй ажиллах боломж байгаа эсэх талаар бид Гааль, татварын ерөнхий газрын НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгаас тодрууллаа.
–ebarimt.mn сайтад бүртгүүлэх гэхээр болохгүй байна гэсэн гомдол иргэдээс их ирж байгаатай зэрэгцэн УИХ-аас НӨАТ-ын урамшууллын системийн түехник технологийн шинэчлэлд зориулан хоёр тэрбум төгрөг олгох шийдвэр гарлаа. Энэ нь иргэдэд урамшууллын системийг хэрэгжүүлэх бэлтгэлгүй байжээ гэсэн ойлголт төрүүлж байна. Сайтын саатал юутай холбоотой вэ. Түүнийг сайжруулахад хоёр тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа юм уу?
-Та болоод иргэд буруу ойлгосон байна. Сүүлийн хоёр хоног ebarimt.mn сайтад нэвтрэхэд саатал гарсан нь өргөтгөл хийж байгаатай холбоотой. Өнөөдрөөс сайт хэвийн ажиллаж байгаа. Харин Засгийн газраас баталсан хоёр тэрбум төгрөгийн хувьд одоогийн ажиллаж буй серверт огт хамаагүй. Тэр мөнгийг нөөц серверт зориулна. Одоогийн серверт саатал гарлаа гэхэд бүх газрууд тусгай код бүхий баримтаа хэвлэх боломжгүйд хүрнэ. Тиймээс нөөц сервертэй болох нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл системийн ачаалалд зориулсан хөрөнгө оруулалт. Түүнээс биш бид урамшууллын системийг нэвтрүүлэх бэлтгэлийг бүрэн хангасан. Гарч болох хүндрэлүүдийг ч урьдчилан тооцсон. Иргэд буруу ойлгосноос, эсвэл хэрэглэж зүгшрээгүйгээс төвөгшөөж байж магадгүй. Нөгөөтэйгүүр татвар төлж байгаагүй аж ахуйн нэгжүүдийн зүгээс иргэдэд ташаа мэдээлэл өгч байгааг ч үгүйсгэхгүй.
-Сугалаанд оролцоход үнийн дүн хамаарахгүй гэж байгаа. Тиймээс хүмүүс их хэмжээний худалдан авалтаа хэд хэд хувааж хийх нь зөв юм байна гэж ярилцах болжээ. Жишээ нь 50 мянган төгрөгөөр нэг удаа бензин хийх байсан бол тав таслаад авдаг ч юм уу, иймэрхүү хандлага ажиглагдаж байна. Ингэснээр сугалаанд азтан болох магадлал өснө гэж тооцоолж байна л даа?
-Тэр бол хүмүүсийн өөрсдийнх нь сонголт. Хүсвэл таван удаа дугаарлаад таван баримт авч сугалаандаа таван сугалаа бүртгүүлж болно. Тэглээ гээд хонжворт багтах магадлал өснө гэдэг нь юү л бол. Сугалаа бол цэвэр аз байдаг биз дээ. Тиймээс мянган төгрөгөөр талх худалдан авсан хүн 100 саяыг хожиж ч болно.
-НӨАТ-ын урамшууллын систем үр дүнгээ өгнө гэдэгт та бүхэн итгэлтэй байгаа юу. Бусад улс оронд энэ төрлийн системийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг судалж үзсэн үү?
–Олон оронд ийм туршлага бий. Иргэд нь ч бүр дасчихсан, ердийн л нэг үзэгдэл мэт болсон байдаг. Солонгост л гэхэд Lotte групп энэхүү урамшууллын системийг нь хариуцаад, LG компани технологийг нь хөгжүүлээд явж байдаг. Мөн Япон, Словак, Португали гээд тив тивийн олон оронд иргэдээ урамшуулах системээр татварын баазаа нэмэгдүүлж, эдийн засгаа авулаас аварсан байдаг. Бид ч НӨАТ-ын урамшууллын системээр дамжуулан татвар хураалтыг төгөлдөржүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Нөгөөтэйгүүр иргэдийг урамшуулснаар аж ахуйн нэгжүүдийн ч орлого нэмэгдэнэ. Иргэд сугалаанд хожихын тулд ирэх жил нь урамшуулал хүртэхийн тулд иргэдийн худалдаа хийх сонирхол нэмэгддэг. Энэ бол амьдрал дээр батлагдсан зүйл.
-Орон сууц, цахилгааны мөнгийг арилжааны банкаар дамжуулан төлдөг. Гэтэл банкууд тусгай кодтой баримт өгөхгүй байгаагийн дээр тэр урамшуулал бидэнд хамаагүй гэсэн байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Иргэд заавал орон сууцны конторт мөнгөө тушаах хэрэг үү?
-Банкууд эхнээсээ бар кодтой баримт хэвлэж байгаа. Төрийн банкны бүх салбарын 70 хувьд нь ийм баримт олгож эхэлсэн. Бусад банкууд ч өгдөг болно. Бид арилжааны 17 банкинд туршилт хийсэн. Техник, технологийн хувьд боломжтой. Харин хууль эрхзүйн хувьд зөрчил гарах магадлалтай. Тиймээс тэр бүгдийг зохицуулах, гэрээ хийх ажлыг удахгүй хийнэ гэлээ.
Д.ЦЭЭНЭ