Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ 2004 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа баррель нь 30 ам.доллараас доош уналаа. “Brent” нефтийн үнэ өчигдөр /I.13/ баррель нь 29.96 ам.доллар хүрч унасан боловч дараа нь 30.22 ам.доллар болж эргэн өссөн байна. Түүхий нефтийн үнэ сүүлийн 15 сарын хугацаанд 70 хувиар унаад байгаа юм.
Нефтийн унаснаас ОХУ энэ 2016 оны баталсан төсвөө засварлах шаардлагатай болж магадгүй тухай ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр хэрэв нефтийн үнэ цаашид унасаар байвал ОХУ эдийн засгийн хамгийн таагүй нөхцөл байдалд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэсэн байна. Нефть, байгалийн хийн худалдаа, боловсруулалтын татвар нь ОХУ-ын засгийн газрын орлогын бараг тал хувийг бүрдүүлдэг аж. ОХУ нь нефтийн үнийг баррель нь 50 ам.доллар байхаар тооцож энэ 2016 оны улсын төсвөө өнгөрсөн аравдугаар сард баталсан байна. Улмаар ОХУ-ын засгийн газраас төсвийн зардлаа 10 хувиар танахыг үүрэгджээ. Таналтад тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалин хөлсийг оруулаагүй байна. ОХУ-ын сангийн сайд Антон Силуановын мэдээлснээр баррель нефтийн үнэ 82 ам.долларт байж төсөв тогтворжино гэжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС