Өршөөлийн хуулийн дагуу суллагдсан ч дахин гэмт хэрэг үйлдээд зугтсан иргэн Г-г Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийнхэн уржигдар барьжээ. Г нь өмнө нь гэмт хэрэг үйлдэн 10 жилийн ял сонссон бөгөөд ялын хугацаагаа хараахан дуусгаагүй байхдаа Өршөөлийн хуулийн дагуу суллагдсан юм байна. Гэвч тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-04-нд шилжих шөнө бусдыг хүчирхийлж, эд зүйлийг нь дээрэмджээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVIII хороонд байрлах орон сууцны хоёрдугаар давхарт оршин суух айлын тагтаар дамжин орж, хохирогч эмэгтэйд хутга тулган айлгаж сүрдүүлэн хүчирхийлэн, гэрт байсан эд зүйлсийг авч явсан байна.
Иргэн Г суллагдсанаасаа хойш 20 гаруй хэрэг үйлдсэн гэдгээ хүлээгээд байгаа бөгөөд хэрэг үйлдэх болсон шалтгаанаа “Би энэ нийгэмд идээшиж амьдарч чадахгүйгээс бушуухан буцаад шоронд орохын тулд хэрэг үйлдсэн” гэжээ. Уг нь хэрэгтэн Г-ийн аав ээж ахан дүүс нь байдаг хэдий ч хэн ч намайг хүлээж авахгүй, ойлгохгүй байна хэмээн гомдоллосон байна.
Д.ЦЭЭНЭ