Энэ сарын 20-г хүртэл хүйтний эрч буурахгүй

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Энэ сарын 20-г хүртэл хүйтний эрч буурахгүй

Энэ сарын 20-г хүртэл хүйтний эрч буурахгүй

-Яармаг, Сонгинод 40 хэм хүрч хүйтэрчээ-

Идэр гурван есийн хүйтэн ид дундаа үргэлжилж байна. Ойрын хэдэн жилд гурав, дөрвөн есөд ч төдий л хүйтрээгүй. Харин энэ жилийн хувьд олон жилийн дунджаас давж хүйтэрч байна. Өнгөрсөн даваа гарагаас эхлээд ихэнх нутгаар хүйтэрчээ. Нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт л гэхэд шөнөдөө 35 хэм хүйтэрч, Яармаг, Сонгинын орчимд 40 хэм хүртэл хүйтэрснийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн хэлж байна. Цаашид цаг агаар ямар байх вэ?

-Энэ сарын 16-наас эхлэн хүйтний эрч эрс чангарч, цас ихээр орох төлөвтэй байгаа аж. Баруун, Төв Сибирээс манайх руу хүйтэн агаарын масс чиглээд ирэх үед хүйтний эрч эрс чангардаг. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 15, зарим нутгаар 16-20-ныг дуустал хүйтний эрч эрс нэмэгдэж, цас орох юм байна. Нэгдүгээр сарын 15-16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-19-нд зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 15-17-нд салхи Алтайн уулс, говь талын нутгаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүсэх төлөвтэй. 15-нд нутгийн хойд хэсгээр 16-наас бүх нутгаар хүйтний эрч эрс чангарна. Идэр, Тэс, Отгон голын сав, Дархадын хотгороор шөнөдөө 43-48 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын сав, Хүрэн бэлчир, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн зэрэг томоохон голуудын сав, хонхор газруудаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн өвөр говь болон өмнөд говиор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна гэж цаг уурчид мэдээллээ.

Агаарын температур нийт нутгаар энэ сарын 20-ныг дуустал эрс чангарах нөхцөл бүрдэж байгаа тул зам талбайд халтиргаа гулгаа үүсэх, малын хэвтэр бууц хөлдөх, мал бэлчээрт гарч чадахгүй болох, хот, суурин газрын төвлөрсөн халаалтад таагүй нөлөө үзүүлж болзошгүйг онцгойлон анхаарууллаа.

Д.ЦЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж