МХБХ энэ жилийн “АЙМГИЙН ЦОМ-2011”-ыг аймгуудын хөлбөмбөгийн шигшээ багийн чансааг үндэслэн урьдчилсан болон шигшээ тоглолтуудаар явуулахаар шийдвэрлэсэн билээ. Нийт 21 аймгаас энэ жил 10 аймгийн шигшээ баг оролцохоор мэдүүлгээ өгсөн болно.
Энэхүү 10 багийн 3 нь буюу Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ багууд өнгөрсөн жилийн эхний 3 байранд орсон үзүүлэлттэй тул үлдсэн 7 баг нь шигшээ тоглолтонд оролцох эрхийн төлөө хүч үзлээ. Хоёр хэсэгт тойргоор тоглосны үр дүнд A хэсгээс Ховд 1-ээр шалгарсан бол 2 дугаар байраар Дорнод, 3 дугаар байраар Сүхбаатар шалгарч, Өвөрхангайн шигшээ баг анхны тэмцээндээ оролцон, анхныхаа гоолыг хийснээр энэ жилийн тэмцээнээ дуусгасан байна.
Б хэсгээс Дорноговь 1 дүгээр байраар төвөггүй шалгарсан бол 2 дугаар байраар анх удаагаа тэмцээнд оролцож байгаа Баянхонгор 2 дугаар байраар шалгарч, Өлгийн хөлбөмбөгчид 3 дугаар байраар шалгарлаа. Хожвол шигшээ тоглолтод оролцох тун хариуцлагатай тоглолтыг Сүхбаатарын залуучууд алдсангүй 3:1-ээр хожин Өлгийн залуучуудыг нутгийн зүг хөлгийн жолоо залууллаа. Хагас шигшээд Дорнодчууд Баянхонгорынхонд хичээл зааснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон бол Дорнод, Дорноговьчууд үнэхээр гал гарсан тулааныг өрнүүлэн үндсэн цагт тэнцсэн байна. Торгуулийн цохилт Дорнодчуудад эергээр тусаж, тэд 5:4 харьцаатайгаар аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.
3 дугаар байрын төлөө Дорноговийнхон боломжийг алдсангүй, Хонгор нутгийн залуучуудыг 6:1-ээр хожин 300,000 төгрөгний эзэн боллоо.
Аваргын төлөө үнэхээр гайхалтай тоглолтыг Монгол нутгийн зүүн, баруун аймгийнхан үзүүллээ. Энэ удаагийн тэмцээнд Дорнод аймгийн шигшээ багийг анх удаагаа “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатар ивээн тэтгэн, оролцох бүх зардал, бэлтгэлийн болон тоглолтын хувцсыг гаргаж өгсөн нь тамирчдад ихээхэн урам зүриг хайрласан явдал боллоо. Энэ эрчээ ч тэд алдсангүй. Тоглолт дуусахаас 10 минутын өмнө тоог тэнцүүлэн торгуулийн цохилтоор Ховдынхноос илүү байж 4:3-ын харьцаатайгаар ялж, 500,000 төгрөгний эзэд боллоо. 2 дугаар байранд орсон Ховдын залууст ихээхэн боломж байсан хэдий ч 400,000 төгрөгийг халаасалсан байна.
Ийнхүү урьдчилсан тоглолт амжилттай явагдаж, шигшээ тоглолтын сугалаа явагдахад:
С хэсэгт
Ховд
Баянхонгор
Дорнод
Дархан-Уул
D хэсэгт
Дорноговь
Сэлэнгэ
Сүхбаатар
Орхон
Шигшээ тэмцээн 2011 оны 6 дугаар сарын 19-нд эхлэн 21-нд дүнгээ гаргана.
Аварга баг алтан медаль, 1,000,000 төгрөг, 2 дугаар байр мөнгөн медаль, 800,000 төгрөг, 3 дугаар байр хүрэл медаль 600,000 төгрөгний эзэн болно.
Улаанбаатарчуудыг төрсөн аймгийнхаа хөлбөмбөгчдийг хүрэлцэн ирж хөгжөөн дэмжихийг уриалж байна.