NEWS агентлаг салбар салбарын мэргэжилтэн, шинжээчидтэй хамтран ажиллаж, тэдний дуу хоолойг хүргэдэг. Эдний нэг нь философийн ухааны доктор Б.Батчулуун юм. Бид энэ намар түүнтэй хамтран “Либертари булан”-г нээж нийт арав гаруй цувралыг хүргэсэн. Энэ удаа философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран дараагийн булан болох “Философийн булан”-г нээж байна. Энэ буланд философи гэж юу вэ, үүнийг хүмүүс хэрхэн ойлгодог вэ зэрэг сэдвийг хөндөнө. Долоо хоногийн Лхагва гариг бүр хүрэх “Философийн булан”-г та сонирхон уншаарай.
(Эргэлзээ, асуулт, маргаан)
Бид “Матрикс” кинонд гардаг шиг амьдарч буй юм биш биз?!
10 гаран жилийн өмнө байх, “Матрикс” гээд кино дэлхий нийтийг шуугиулав даа. Түүн дээр хүмүүс яг одоогийн ертөнц дээр хүмүүс яаж амьдарч байна, тэр л маягаар амьдрах аж: өглөө ажилдаа явна, орой гэртээ ирээд амрана, идэж ууна, хааяа ууж наргина, баясана, цэнгэнэ, уйтгарлаж гунина, зовж шанална, хайрлаж энхрийлнэ. Гэтэл тэр хүмүүс маань мэдэхгүй байгаа болохоос тэр бүгд хиймэл орчин, хуурамч зүйлс аж. Идэж буй мах, ногоо, гурил нь хиймэл, баяр жаргал, зовлон гуниг нь хүртэл жинхэнэ биш. Хүмүүс “би мах идэж байна; би үнэхээр жаргаж байна” хэмээн бодох авч бүх зүйл нь хуурамч учраас хиймэл орчин, зохиомол ахуйд байгаагаа үл мэднэ. Мэдэх арга ч үгүй.
“Бодит” гээд буй ертөнц маань үнэхээр ийм байвал яах вэ? Тэгэхээр бид бүх зүйлд эргэлзэж болно.
Философи нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зүйлд эргэлзэж, түүнд “асуудал” байгааг илрүүлдэгээрээ олонхийн эсрэг (индивидуалист) шинжтэй. Үнэндээ бүх танин мэдэхүй эргэлзээнээс эхэлдэг. Юу ч мэдэхгүй хүн юунд ч гайхаж эргэлздэггүй. Тийм хүн бороо, цас яагаад ордог, тэнгэр яагаад улайдаг, яагаад урт, богино өдөр байдгийн учрыг үл мэдэх атлаа гайхана, эргэлзэнэ гэж огт байхгүй. Угаасаа тийм байх ёстой мэтээр бодно.
Эргэлзэцгээе! Ертөнц эргэлзэх юмс үзэгдлээр дүүрэн.
Тэгэхээр эргэлзэх, гайхах нь мэдлэгээс гардаг байна. Физикийн талаар “А” ч үгүй хүн Их сургуулийн физикийн профессоруудын семинар дээр суучихаад ярьж буй зүйлд нь эргэлзээд байвал хачин юм болно биз дээ. Энэ санааг гаргасан хүн бол Францын философич Пьер Абеляр юм.
* * *
Францын шашны зүтгэлтэн, философич (1079-1142 он). Нотр-Дамын сүмийн сургуулийн авъяаслаг оюутан Абеляр сургуулиа төгсөөд сургуулийнхаа багш, улмаар 1115 онд Нотр-Дамын сүмийн тэргүүн болсон. Тэрээр маргааны үед үндэслэгээгээ гаргууд гаргадаг байснаараа философийн түүхэнд алдаршжээ.
* * *
Эргэлзээний ач холбогдлыг онцлон тэмдэглэж байсан хоёрдахь аугаа сэтгэгч бол мөн л Францын философич Рэнэ Декарт. Түүнийхээр эргэлзэж гайхах явдал бол философидох эхлэл.
“Эргэлзээ бол үнэний эрэлд мордох анхны алхам.” Рэнэ Декарт
Бүх зүйлд эргэлзэж болно. Ганцхан эргэлзэж байна гэдэгтээ эргэлзэж болохгүй. Учир нь “эргэлзэж байна” гэдэгтээ эргэлзэхийн тулд сэтгэх шаардлагатай. Иймд сэтгэж буйдаа эргэлзэх аргагүй. Сэтгэлгээ бол эргэлзэх аргагүй ганц зүйл. Сэтгэгчгүй сэтгэлгээ байхгүй. Иймээс “Cogito ergo sum” буюу “Би сэтгэж байна, тийм учраас оршин байна”. Декартын энэ алдарт үгийн тайлбар ердөө л энэ.
Францын философич, эрдэмтэн, математикч Рэнэ Декарт (1596-1650 он). Түүнийг “Шинэ үеийн философийн эцэг” гэж нэрлэдэг. Физикийн шинжлэх ухаанд ч том нээлт хийсэн: Гэрлийн хугарлын онол. Философи, математикийн салбарт аугаа нээлтүүд хийв. Аналитик геометрийн зарчмуудыг томъёолов. Сэрлийн хуурамч чанарын тухай. Харахад нар дэлхийг тойрч буй мэт, тал нь усны төвшнөөс дор орсон саваа хугархай мэт харагдах. Философийн түүхэнд “Декартын дуализм” хэмээх онолоороо алдаршсан: бие махбодь, оюуны дуализм.
Декарт Шведийн хатан хаан Кристинад философи зааж буй нь
Энэ шугамуудыг өнгөц харахад паралель бус мэт харагддаг ч үнэндээ паралель оршиж байна. Рационалист сэтгэгч Декартын хэлснээр “Сэрэл (энэ тохиолдолд харааны сэрэл) биднийг ямагт хуурч байдаг” ажээ.
ХҮН ХАРИУЛТААРАА БИШ АСУУЛТААРАА ТАНИГДДАГ
30-аад жилийн өмнө МУИС-ийн Философийн тэнхмийн залуухан багш бид философийн сэдвээр маргалдана гэж жигтэйхэн. “Диалектикийн талаар МГУ-ийн улаан ботиуд илүү аналитик, тиймээс сайн; Үгүй ээ, Ленинградын Их сургуулиас гаргасан цагаан ботиуд илүү. Түүн дээр ингэж, тэгэж бичсэн байна лээ”, “Нийгэм бол байгалийн үргэлжлэл мөн; Биш”, “Философид суралцах хамгийн сайн арга бол философидох; Үгүй ээ, ном унших явдал, сайн багшаар заалгах” гэх мэтээр маргалдах сэдэв мунддаггүй сэн.
Бидний дунд маргаанд нэг их оролцдоггүй, асуулт тавина гэж бүр ч байхгүй нэгэн байх (одоо ч тэндээ байсаар харагддаг). Бид эхлээд тийм байдалд нь гайхдаг байсан боловч мөд учрыг нь гадарлах болсон: “Хүн хариултаараа биш асуултаараа танигддаг”. Шал тэнэг юм асуугаад байвал доог болно биз дээ.
Үнэндээ, асуулт гэдэг бол зөвхөн асуулт биш. Асуулт нь өөрөө маш их агуулгатай илэрхийлэл юм. Ухаалаг асуултанд хариулт нь ихэнхдээ агуулагдсан байдаг (ухаалаг хүмүүсийн хоорондын асуулт хариултын тухайд яригдаж буй хэрэг шүү дээ). Тийм ч учраас асуултанд асуултаар хариулах тохиолдол ч гардаг. Энэ бүхэн бас л нэгийгээ ойлгох, тухайн сэдвээрээ хэлтэрхий төдий зүйл сонсоод утгыг нь гадарлачихдаг хүмүүсийн хувьд яригдаж буй хэрэг л дээ.
Маргаанд ялагдсан тал нь хождог
Энэ бол эртний Грект гарсан хэлц үг юм. Үнэндээ маргаанд ялагдсан тал нь хожоотой гардаг гэж маш үнэн. Жишээ нь, Бат, Чулуун гэж хоёр хүн “амьтны хэлний” (animal communication) талаарх сэдвээр маргалджээ. Бат энэ сэдвээр 2015 он хүртэл гарсан дэлхийн бараг нэр хүндтэй судлаачдын бүтээлийг харсан юм байж. Харин Чулуун болохоор Баттай адил 2015 он хүртэл гарсан номуудыг харсан боловч дээр нь энэ хугацаанд цахим ертөнцөд энэ сэдвээр нийтлэгдэж мэдээлэгдсэн мэдлэгтэй байлаа. Тэгээд Бат яах аргагүй маргаанд ялагдав. Гэхдээ энэ маргаанаас тэр л хожоотой гарчээ. Учир нь Чулуун энэ маргаанд оролцохдоо ямар мэдлэгтэй байсан тэр хэмжээндээ л үлдсэн бол Бат хуучин мэдлэг дээрээ нэмээд хамгийн сүүлийн үед гарсан цахим ертөнцийн мэдлэгийг нэмэж авчээ. “Маргаанд ялагдсан тал нь хожоотой гардаг.” (Мэдээж хэрүүлд биш.)
Ер нь философи, тэр тусмаа диалектик нь үндсэн утгаараа маргаан дээр тулгуурладаг. Диалектик нь эртний Грекийн сонгодог утгаараа “маргах урлаг”, эсрэг талын ярианаас зөрчлийг олж үнэнд хүрэх урлаг юм.
Сэргэн мандлын үеийн Италийн аугаа зураач, архитектор Санчо Рафаэль Афинын сургууль хэмээх зурагтаа эртний Грекийн мэргэдийг дүрсэлжээ. Зургийн төв хэсэгт багш, шавь нар болох Платон, Аристотель нар маргаж байна: Платон тэнгэр рүү эйдосын ертөнц рүүгээ зааж буй бол Аристотель газар дэлхий рүү зааж байх аж. Энэ зурагт майевтик арга хэрэглэн маргаж буй Сократ, тоо бодож буй Архимед, теоремээ баталж буй Евклид, одон гариг эрхсийн талаар ном бичиж буй Птолемей гээд эртний Грекийн бүх мэргэд дүрслэгдсэн гэдэг. Гэхдээ Рафаэль авторын давуу эрхээ ашиглан зарим хүний царай дүрсэнд өөрийнхөө үеийн хүмүүсийн төрхийг (өөрийнхөө болоод Микеланжэло зэрэг) оруулсан байна.
Үнэндээ философийн түүхэн дэх хамгийн сайн “профессор” бол Сократ байсан юм шүү дээ. Түүний үлдээсэн бичмэл өв гэж байхгүй боловч философийн сургаал нь голдуу шавь Платон, Ксенофан болон Аристотелийн бүтээлээр дамжин хойч үед хүрч ирсэн. Тэр зах зээл, олимп гэх мэт олон түмэн цугласан газраар явж хүмүүстэй маргаан өрнүүлдэг байж. Хүмүүс өөрсдийгөө асар их зүйл мэддэг хэмээн боддог. Гэтэл яг тэр зүйлийнх нь талаар тал бүрээс нь асууж байцаагаад ирэх үед тухайн зүйлээ мэдэхгүй байгаа нь харагддаг. Ийм аргыг нь майевтик арга хэмээнэ (“Эх барих арга”. Сократын ээж эх баригч хүн байсан бөгөөд үүнээс уламжлан шинэ мэдлэгийг эх барих гэсэн утгаар ийм нэр оноосон гэж үздэг.) Сократын сургалтын арга тун чиг өвөрмөц байв: тэрээр жирийн нэг боол хөвгүүнд (тэр хөвүүн тэр үеийн грекчүүдтэй харьцуулахад мэдлэг боловсролгүй харанхуй нэгэн байж) асуулт тавьсаар байгаад өгөгдсөн тэгш өнцөгтөөс хоёр дахин их талбайтай тэгш өнцөгт бүтээлгэж чадсан гэдэг.
Ахуйн хүрээнд Сократын “Би юу ч мэдэхгүйгээ мэдэж байна” гэсэн үгийг бүгд мэддэг. Гэхдээ утгыг нь анзаардаггүй. Сократын хийсэн дээрх дүгнэлт бол асар их мэдлэгээс гарах дүгнэлт. Үнэхээр мэдлэггүй хүн бол мэдэхгүйгээ мэдэхгүй. Хүн юм мэдсэн тохиолдолд мэдэхгүйгээ мэдэж эхэлдэг. Харин юу мэддэггүй, мэдэхгүйгээ мэддэггүй хүн бол өөрийгөө их мэдэж байна гэж бодсоор хорвоог бардаг ажээ.
Нийтлэлийг хөтлөгчийн бодлоор Эртний Грекийн хамгийн аугаа философич болох Сократ. ХТӨ 470-399 он. Эртний Грекийн сонгодог философийн хаалгыг нээж өгсөн хүн. Тиймээс ч эртний Грекийн философийн тухай ярих үед “Сократоос өмнө” ба “Сократоос хойш” гэсэн ангиллыг ашигладаг. Олон түмнийг үл тоомсорлосон хэмээн Афинын ардчилсан удирдагчид түүнд цаазлах ял оноосон бөгөөд шавь нар нь түүнийг шоронд байхад нь оргуулах гэхэд өөрөө татгалзан хор ууж амиа егүүтгэсэн. Ялын төлөвлөгөөг үндсэндээ ардчилсан маягаар гаргасан боловч гол санаачлагчид нь улс төрч Анит, эмгэнэлт сэдвээр яруу найраг бичдэг Меле, уран илтгэлийн багш Ликон хэмээх нэр хүндтэй ахмад настнууд байсан гэдэг. Шүүх хурал дээр хэдийнээ 70 хүрчихсэн Сократ өөрийгөө хуулийн хүн биш, бас тэгээд өтөл настай болсон тул хэр зэрэг логиктой ярьж чадахаа мэдэхгүй байгаа тул яриаг нь анхааралтай чагнахыг хүссэн. Гэхдээ өөрийг нь шүүх гээд байгаа дээрх хүмүүс өөрөөс нь өндөр настай, бас тэгээд бухаж булздагаараа алдартай хүмүүс тул уг шүүх хурал их “хөгжилтэй” үйл явц болно хэмээн өөрийг нь шүүх гэж буй шүүгчдийн хилэнг хөдөлгөв. Шүүх хурал дээр Сократ дээрх хүмүүст асуулт тавьж хариулт авсанаараа өөрийнхөө буруугүй, өөрийг нь шүүх гээд байгаа хүмүүс өөрсдөө буруутай болохыг далд утгаар хэлүүлж чаджээ. Гэсэн ч шүүх түүнд алах ял өгөв. Тэгэхээр нь Сократ тэднийг даапаалж намайг “Хэдхэн сохор зоосоор торгочихож болохгүй юу?” хэмээн шүүгчдийг улам улангасуулсан гэдэг.
“Ghothi seauton!” буюу “Өөрийгөө танин мэд!” Сократ
Шавь нар нь уйлан гашуудан байж Сократод хортой аяга барьж байна. Сократ хор уух үедээ шавь нартаа үхлээс огт айхгүй байгаагаа хэлж “үхэл гэдэг бол үхэж буй хүндээ биш үлдэж буй хүмүүст аймшигт зүйл; үхэл гэдэг бол зүүдгүй нойр; тэнд (нөгөө ертөнцөд) асуулт тавьж философидосны төлөө цаазаар авдаггүй” гэх мэтээр хэлсэн гэдэг. Удирдагчид түүнийг буруугаа хүлээвэл цаазаар авах ялаас хэтрүүлнэ гэсэн ч Сократ тэднийг элэглэн шоолж, шүүмжилсээр нас баржээ.
Софистууд. Эд хүмүүсийн сэтгэлгээний дутагдал дээр жаахан тоглочихдог ч гэсэн эсрэг талын хүнээ оюун санааны хувьд их хөгжүүлдэг байж. Тэд хэзээ ч эсрэг талын хүн рүүгээ царай зүс болон хувийн шинж чанараар нь дайрах довтлох (Ad Hominem – Ад хоминэм – Хүнд нь хандсан үндэслэл), худлаа номчирхох зан (Appeal to Ignorance – Мэдэхгүйг нь далимдуулан үндэслэх) гаргаж байгаагүй. Зүгээр л ярьсан зүйлээс ургуулан асуулт тавьдаг байсан. Энэ нь эсрэг талын хүнээ их зүйлийг нарийвчлан бодоход хүргэж байж.
Ингээд хэдүүлээ энэ сэдвийг орхизнож, хүмүүс хоорондоо яриад л байдаг атлаа ойлголцдоггүйн шалтгаан болох хэл ба сэтгэхүйн холбоо болон энэ хоёрын хоорондох барьертэй (саад бэрхшээлтэй) холбоотой асуудлыг дараагийн нийтлэлд авч үзэмз.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:
1. “Гахайнд л философи хэрэггүй” гэдэг сэн
3. “Бурхан амьд, харин Ницще үхчихсэн”
4. Хүн хариултаараа биш асуултаараа танигддаг
Холбоотой мэдээ