Залуу малчид Ж.Самбуугийн нэрэмжит шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

Залуу малчид Ж.Самбуугийн нэрэмжит шагнал хүртлээ

Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны нэрэмжит шагнал бий болгож, МАА-н салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа залуу малчдыг шагнадаг уламжлал хэдийнэ тогтсон.

2009-2010 оны өвөл, хаврын зуд Монгол орны ихэнх аймаг сумыг хамарсан ч Төв аймгийн зүүн, баруун урд талын сумдад илүүтэй хохирол учруулж, хотоо харлуулсан малчин өрх цөөнгүй үлдсэн билээ. Тэрхүү зудын гамшгийн үеэр эцэг дээдсээс уламжилж ирсэн малч ухаан, ажилсаг чанараа амьдрал дээр хэрэгжүүлж, гарз хохирол багатай даван туулсан, бэлчээрийн мал аж ахуйгаас фермерийн аж ахуйд шилжих гарцыг хэрэгжүүлж байгаа, аймаг орныхондоо үлгэр жишээ үзүүлж байгаа зэрэг амжилтыг нь үнэлж Төв аймгийн 15 залуу малчинд Ж.Самбуугийн нэрэмжит шагналыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд гардуулан өглөө.

Шадар сайд М.Энхболд шагнал гардуулахдаа “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу нь төр засгийн өндөр дээд албыг олон жил хашихдаа МАА-н хөгжлийг шинэ шатанд гаргах чиглэлд илүүтэй анхаарч ажиллаж байсан. Иймд түүний нэрэмжит шагналаар залуу малчдыг урамшуулж шагнадаг уламжлалтай.

Энэ эрхэм хүмүүн нь манай Төв аймгийн харъяат төдийгүй төрийн албанд ажиллаж байх хугацаандаа Төв сайхан нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байсан нэгэн. Иймд энэ шагналаар энгэрээ мялаасан залуу малчдын хувьд Ж.Самбуу агсны үйл хэргийг түүчээлэх аянд бусдыгаа уриалах хүндтэй үүргийг хүлээлээ” гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж