Сүрчгийг хэрхэн ойлгох вэ?

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Сүрчгийг хэрхэн ойлгох вэ?

Ochko's Hobby Page

Сайн байцгаана уу найзуудаа. Би ѳнѳѳдѳр та бүхэндээ үнэртнийг хэрхэн ойлгох тухай ѳѳрийн бодлоо хуваалцья. Шуудхан хэлэхэд сүрчиг гэдэг нь зүгээр ч нэг хэрэглээ бус гүн гүнзгий утга агуулгатай урлагийн бүтээл юм. Тиймээс ч үнэртний мастерууд ѳѳрсдийн уран сэтгэмж, онгоддоо хѳтлѳгдѳн бүтээлээ туурвидаг бѳгѳѳд тэдгээр сүрчигний үнэр, бүтэц, үнэрний ноотууд, бортгоны дезайн, чимэглэлээр дамжуулан бидэнд тодорхой утга агуулга, уран сэтгэмж, нууцлаг түүхийг мэдрүүлэхийг хүсдэг. Үнэртнийг ойлгох олон хэлбэр байж болно. Тэдгээрийн нэг нь тухайн үнэртнийг бүтээхэд орсон уран сэтгэмж, тухайн үеийн түүхэн цаг үеийг судлах явдал юм. Жишээ нь би алив нэгэн сүрчгийг үнэртэхээсээ ѳмнѳ аль болох тэр сүрчигний тухай уншиж ѳѳрийн үнэртэх мэдрэмжээ урьдчилан бэлддэг. Тэгэснээр тэрхүү гайхамшигт үнэртэн бидэнд юу хэлэх гээд байгааг илүү амархан ойлгоно. Ингээд энэ удаа жишээ болгож та бүхэндээ Францын алдарт "Guerlain" – ий хамгийн алдартай, хамгийн сонгодог 5 сүрчигний түүхийг дэлгэе.

1. Jicky
Энэ сүрчгийг 1889 онд "Guerlain" – ий хоёрдахь үеийн мастер Аймэ Гиэрлайн бүтээкээ. "Jicky" гэдэг нэр нь Аймэ Гиэрлайн залуудаа Англид сурж байхдаа учирч дурласан Жаклин хэмээх эмэгтэйн товч нэр ажээ. Гэвч дурлалт хосын гэрлэлтийг эцэг эхүүд нь тэдний зѳвшѳѳрѳѳгүйгээс тэд хагацсан байна. Аймэ Гиэрлайн нь хайрт Жики – дээ зориулан бүтээсэн энэ гайхамшигт сүрчгийг хүн тѳрѳлхтѳн бүтэн зуу илүү жил таашаан хэрэглэсээр байна. Мѳн энэ үнэртэн ѳѳрийн бүтэц болон хийгдсэн технологийн хувьд дэлхийн хамгийн анхны орчин үеийн сүрчиг гэж тооцогддог.

2. L'Heure Bleue
Энэ үнэртнийг 1912 онд "Guerlain" – ий гуравдахь үеийн мастер Жак Гиэрлайн бүтээжээ. Энэхүү сүрчигний нэр болох "L'Heure Bleue" гэсэн үг нь францаар хѳх цаг/мѳч/агшин гэсэн утгатай ба дѳнгѳж нар жаргасны дараа боловч одод тэнгэрт үзэгдэхээс ѳмнѳ үзэгдэх тэнгэрийн хѳх ѳнгѳ ба яг тэрхүү агшинд үзэсгэлэнт Парис хот харагдах мѳчийг бэлгэдсэн байна. Мастер Жак Гиэрлайн нь яг тийм цаг мѳчид Сиэн голын эргээр алхаж явахдаа ѳѳрт нь тѳрсѳн хүчтэй сэтгэгдэлдээ хѳтлѳгдѳн энэхүү сүрчгийг эхнэр Лили – дээ зориулан бүтээсэн байна. Үнэхээр ч энэ үнэртэн нь үнэнч хайр дурлалыг бэлгэдсэн урлагийн бүтээл бѳгѳѳд Лили нь насан туршдаа энэ сүрчгийг түрхдэг байжээ.

3. Mitsouko
Энэ үнэртнийг 1919 мастер Жак Гиэрлайн бүтээжээ. "Mitsouko" гэдэг үг нь Япон эмэгтэйн нэр буюу нэгэн гунигт хайр дурлалын романы гол дүр юм. Францын зохиолч Клод Фариэр – ийн туурвисан "La bataille" (Дайн тулаан) гэдэг романд энэхүү Митсуоко гэдэг эмэгтэй гарах ба түүнд учирсан гал халуун боловч огт ирээдүйгүй хайр дурлалын түүхийг ѳгүүлнэ. Хэдийгээр энэ бүсгүй нь Японы армийн офицер Того – ийн эхнэр боловч түүний амьдралд гэнэт гарч ирсэн Англи офицер Хэрбэрт Фэрган – д тэрээр дурлана. Энэ мѳчид (1905 оны Орос – Японы дайны үед) түүний нѳхѳр ба дурлалт залуу хоёулаа дайнд мордох ба тэрээр энэ дайнаас хэн нь эргэн ирэх бол хэмээн сэтгэл догдлон хүлээх ажээ.

4. Chamade
Энэ сүрчгийг "Guerlain" – ий дѳрѳвдэхь үеийн мастер Жон Пол Гиэрлайн нь 1969 онд Францын зохиолч Франсуаз Саган – ы туурвисан “La Chamade” романаас сэдэвлэн бүтээсэн байна. Энэхүү "chamade" гэдэг үг нь Францын арми дайн тулааны үед ухрах дохиог маш хурдан хэмнэлттэй бѳмбѳрийн чимээгээр ѳгдѳгийг илэрхийлдэг байсан ажээ. Харин энэ сүрчигний нэрээр дурласан нэгний зүрх яг тийм бѳмбѳрийн адил маш хурдан цохилдогийг бас хайртай хүнийхээ ѳмнѳ хэрхэн буулт хийн ухардагийг энэхүү үгээр илэрхийлсэн байна.

5. Nahéma
Энэ сүрчгийг мѳн мастер Жон Пол Гиэрлайн нь 1979 онд бүтээжээ. Энэ үнэртний нэр нь "Мянга нэгэн шѳнийн үлгэр" – ийн нэг хэсэгт гардаг ихэр гүнжийн нэгнийх нь нэр ажээ. Эхний гүнж Махань нь тайван, энгийн ба даруу бѳгѳѳд амьдралийг яг л байгаагаар нь хүлээн авдаг нэгэн байсан ба түүнийг "Усны охин" гэдэг байжээ. Харин нѳгѳѳ гүнж Нахэма нь маш их хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй, зоригтой бѳгѳѳд амьдралаас үргэлж илүү ихийг хүсдэг нэгэн байжээ. Тиймээс түүнийг "Галын охин" гэж нэрлэсэн ажээ. Мастер Жон Пол Гиэрлайн энэхүү Галын охиныг бэлгэдэн "Nahéma" – г бүтээсэн байна.

Хэрвээ танд боломжтой бол энэ сүрчигнүүдийг үнэртэхдээ тэдрээрийн гайхамшигт уран сэтгэмж, түүхийг нь оюун ухаандаа тунгааж, үнэрийг нь гүн гүнзгий ойлгохыг хичээгээрэй.

Анхаарал тавьсанд баярлалаа!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж