Ээжүүд нойр муутай хоновол өрх гэрийн амьдралд таагүй уур амьсгал үүсдэгийг судлаачид баталж байна. Харин аавуудын дутуу нойртой хонох тийм ч сүртэй нөлөө үзүүлэхгүй. 35 хосын 10 шөнө хэрхэн унтсаныг дараа өдрийнх нь байр байдалтай харьцуулан Питсбургийн их сургуулийн эрдэмтэд судалжээ. Тэдний үзэж буйгаар ээжийн нойр айлын амьдрал, эхнэр нөхрийн харилцаанд шууд бөгөөд сөрөг нөлөөтэй гэнэ.
“Эмэгтэй хүн сэтгэл хөдлөлөө илүүтэй гаргадаг. Тэд нойргүй хоносон үедээ стрессдэж, түүнийгээ юм бүхэн дээр илэрхийлдэг. Үг яриа, үйл хөдөлгөөнд нь энэ нь тов тодорхой харагддаг. Үүнээс үүдэлтэй эхнэр, нөхрийн халуун дулаан харилцаа хөрч, хамтын амьдралд асуудал тулгарна. Тиймээс хэрэв бүсгүй та ядаргаа, сэтгэл хямрал болон аль нэг шалтгаанаар нойрондоо муудсан бол эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Таны эрүүл мэндээс гадна гэр бүлийн амьдралд тун чухал нөлөөтэй учраас тэр. Хэрэв гэр бүлийн харилцаа иймэрхүү асуудлаас болж хол хөндий болж эхэлсэн бол сэтгэл заслын эмчилгээ ч шаардлагатай.