“Эрдэнэт” үйлдвэр Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон билээ. Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар тус үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баттөр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын эрх ашиг болоод Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой гурван шаардлагыг удаа дараа тавьсаар ирсэн гэв. Харин шаардлага тавьсных нь төлөө “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд нэр төрд нь халдаж, хэлмэгдүүлэх болсон гэж мэдээлж байна. П.Баттөр “Ц.Даваацэрэн дарга үйлдвэрийн нэр төрд халдсан, хохирол учруулсан гэх үндэслэлээр өнгөрөгч 12 дугаар сарын 10-нд цагдаагийн газарт гомдол гаргасан. Ингээд би байцаалт өгч, дарамтлуулсан” гэв. Улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр “П.Баттөр нь “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц хамт олны нэр хүндэд халдсан, илт гүжирдсэн үйл ажиллагаа явуулж байна” гэх мэдээлэл гаргаж өөрийг нь хэлмэгдүүлсэн гэлээ.
Түүний тавьсан гурван шаардлагын нэг нь “Эрдэнэт” үйлдвэр монголчуудыг орос ажилтнуудаас доогуур үнэлдэг байдлыг зогсоож, цалинг нь нэмэх хэрэгтэй гэжээ. Тухайлбал, орос ажилтанд монголчуудаас хоёр дахин их цалин олгодог гэв. Харин цалин нэмэх асуудлын тухайд, зэсийн үнийн бууралт ашиг авчирч, цалин нэмэх бололцоог хангаж байна гэлээ.
Түүний тавьж буй дараагийн гол шаардлага нь “Эрдэнэт” үйлдвэр Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхэд оршиж байна.
П.Баттөрийн хувьд хуулийн хүрээнд энэ шаардлагаа тавьж байгаа гэдгээ илэрхийллээ. Тэгвэл энэ асуудлаар “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн Itoim.mn сайтад өгсөн яриандаа ““Төсвөөс санхүүждэг төрийн байгууллагуудын шилэн дансны хөтлөлт нэг өөр аргачлалтай. Харин төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд, хамтарсан үйлдвэрүүд, бизнесийн компаниудын шилэн дансны хөтлөлт арай хязгаарлагдмал хүрээнд, өөр аргачлалаар хөтлөх хуультай. Бид хуулийн тэр хүрээнд л хөтөлж байгаа. Гэтэл зарим залуучууд биднийг төсвөөс санхүүждэг төрийн байгууллагууд шиг хөтлөхийг, бүх юм аа ил гарга гэж шаардаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, надаас хууль бус зүйл шаардаад байгаа хэрэг. Бид хуульд юу гэж заасан, яг тэр хэм хэмжээнд нь хөтлөөд явж байгаа, цаашид ч тэгж явна. Хэн нэгэн хувь хүн, эсвэл улс төрийн шаардлагаар хууль зөрчих, хуулиас давсан эрх эдлэх эрх надад байхгүй…” хэмээн дурджээ.
Б.ЗАЯА