Яруу найргийн үзэсгэлэнт аралд зорчсон тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Яруу найргийн үзэсгэлэнт аралд зорчсон тэмдэглэл

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Тайваньд Дэлхийн Яруу найрагчдын 35 дугаар Их хурал болж, Монголоос Зохиолчдын хорооны Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, Соёл, яруу найргийн академийн Ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо тэргүүтэй манай 15 яруу найрагч оролцсон юм. Дэлхийн Яруу найрагчдын  Их хурал хэмээх энэ байгууллага нь 1969 онд байгуулагдсан, өдгөө дэлхийн 65 орны 1500 шахам яруу найрагч, уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн олон улсын нэр хүндтэй байгууллага ажээ. Жил бүр аль нэг гишүүн орондоо хуран чуулдаг тус байгууллагын ээлжит Их хурал Тайвань арал дээр амжилттай болж өндөрлөв. 2006 онд 26 дахь Их хурлаа Улаанбаатарт хийснийг манайхан, ялангуяа утга зохиолын хүрээнийхэн санаж байгаа буй заа.

Тайвань бол 36 мянган хав.дөр.км газар нутагтай, 23 сая хүн амтай. Газар нутгийн хувьд манай хамгийн жижиг Сэлэнгэ аймагтай дүйцэх агаад арлын хойд үзүүрээс өмнөд үзүүр хүртэл 380 км байдаг нь Улаанбаатараас умард хилийн Алтанбулаг хот хүртэл 324 км байдгаас уртхан ажгуу. 23 сая хүн амтай Тайвань нь өнөөдөр нийгэм, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд дээгүүр жагсч, валютын нөөц, дэлхийн хамгийн өндөр 101 давхар барилга зэрэг олон үзүүлэлтээр нэг үе тэргүүлж явсан, өнөө ч дээгүүр байр хадгалсан хэвээр. Тайвань нь өндөр технологи, нано технологи эрчимтэй хөгжиж байгаа, анагаах ухаан, боловсрол, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийн салбар нь Азидаа тэргүүлж, дэлхийд дээгүүрт ордог, нийгэм нь ихэд ардчилагдаж баруунжсан, бас японжсон гэмээр. Учир нь 1895 онд Японы колони болж тавин жил замнаад 1945 онд чөлөөлөгдсөн Тайванийн нийгэмд Японы нөлөө маш их. Хот суурин, барилга байгууламжийн дүр төрх, амьдрал ахуйн хэвшил, идэж уух, өмсөж зүүх нь бүгд японыг санагдуулна. Манайхан нэг үе Орос гэдэг байсан шиг тайваньчууд Японд элэгтэй, Японд сургууль соёлд их суралцана, амралтаараа байнга Япон явна, тэр байтугай Тайвань-Японы хооронд тогтмол явж бизнес хийнэ. 

Энэ удаад Унгар, Чех, Америк, Мексик, Герман, Монгол, Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг дэлхийн 29 орны 300 шахам яруу найрагч, орчуулагч, уран бүтээлчид оролцлоо. Тэдний дунд олон улсад алдар нь түгсэн нэртэй хүмүүс цөөнгүй байв. Жишээлбэл, Нобелийн шагналт, Израилын яруу найрагч Эрнесто Кахан, тус байгууллагын Ерөнхийлөгч, Францын иргэн Маурис Ян, Японы хайкуч, Мексикийн сонет хэлхэгч, Энэтхэгийн шлока(шүлэг гэдэг нь эртний самгарди хэлний үг болой) бүтээгч, Монголын Г.Аким, Д.Гэндэндарам, Ү.Хүрэлбаатар, О.Содномпил, А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх, Ч.Дагмидмаа, Б.Сарантуяа, Г.Бямбажав гээд манай уран үгийн инжаан дархчуулын төлөөлөгчид байсан юм. Дэлхийн яруу найрагчдын Их хурлын хөтөлбөр баялаг агуулгатай байв. Тус байгууллагын идэвхтэй гишүүн орны тоонд Монгол Улс багтдаг аж. Монгол бол яах аргагүй яруу найргийн, утга зохиолын орон гэдэг нь илт. Тийм ч учраас хурлын зочид төлөөлөгчдийн дотор манайхан ямагт хүндтэй зиндаанд байсан юм. Их хурлын дэд Ерөнхийлөгчөөр зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо дахин сонгогдож, шилдэг яруу найраг туурвисны төлөө шагналыг А.Эрдэнэ-Очир, яруу найргийн уралдаанд тэргүүлэгсдийн шагналыг М.Уянсүх нар хүртсэн нь үүнийг илтгэнэ. Г.Мэнд-Ооёо Монгол төрийн дээд шагнал “Чингис хааны алтан од”-оор шагнагдсан тухай баярт мэдээг хурлын зочид төлөөлөгчдөд танилцуулахад бүгд халуун дотноор баяр хүргэж байлаа. Тэрээр шагналаа гардахаар хурлын дундаас Монгол руугаа ниссэн юм.

Яруу найргийн уншлагад манайхан идэвхтэй оролцож, аялгуу сайхан монгол хэлнийхээ яруу увьдас, найралт шинжийг гадныханд хүргэцгээв. Тайбэй хотын төв номын санд болсон Монгол-Тайванийн яруу найргийн өдөрлөг Монголын утга соёлыг сурталчилсан сайхан арга хэмжээ болсон. Бүгд л шүлэг найргаасаа уншицгааж, бас Тайваньд суралцаж байгаа монгол оюутнуудын дунд шүлгийн уралдаан зарласан болохоор оюутан залуучууд ирж хөгжилтэй, гунигтай, гүн ухаан шингэсэн шүлэг бадгууд цангинуулж сонсогчдыг байлдан дагуулж байв. Энэ арга хэмжээний нэг хүндтэй зочин Тайванийн нэрт яруу найрагч, зураач, монгол үндэстэн Ши.Мөрөн хатагтай өөрийн уран бүтээлээсээ, бас манай эмэгтэй найрагчдын шилдэг төлөөлөл Л.Өлзийтөгсийн шүлгээс дээжлэн уншиж олны сонорыг мялаасан юм.  

Дэлхийн дөрвөн их усны нэг Номхон дөлгөөн далайн баруун эрэг хөвөөнд халуун дулаан бүсэд орших Тайвань арал дээр хөл тавихад хүйтэн сэрүүн бүсийн монголчууд бидний хувьд төдийлөн танил дасал биш, анх удаагаа үзэж тольдон буй сонин сайхан, байгаль эхийн гоо үзэсгэлэнг илтгэсэн гайхамшиг цөөнгүй. Тайванийн түүхийг сөхөхөд ч сонин жигтэй зүйл өчнөөн таарна. Барууны ертөнцөд Тайвань арлыг Формоза гэж нэрлэдэг. Энэ нь португали хэлээр “Үзэсгэлэнт арал” гэсэн утгатай. XVI зууны үед тэнгис далайн хүчирхэг гүрэн асан Португалийн далайчид анх арлыг нээж хөл тавихдаа үзэсгэлэнтэй сайхныг нь шагшин ийн дуун алдацгаасан гэнэм. Ер нь зүүн өмнөд Азийн энэ бүс нутагт Формоза, Сентоза… гэсэн нэртэй газар орон цөөнгүй байдаг нь Португалийн колоничлогчидтой холбоотой авай.

Их хурлын хөтөлбөрийн дагуу хоёр өдөр хуралдаж, найргийн наадам хийцгээсэн албан ёсны арга хэмжээ өндөрлөж, үлдэх хоногуудад бид арлыг тойрон аялж, байгалийн үзэсгэлэнт болоод түүх, соёлын дурсгалт газруудыг үзэж найргийн онгодоо хөглөн хур буулгах зүгт алхсан билээ. Манай нөхөд ч онгодоо хөглөн арвин их аршаан хур буулгасан нь лавтай. Үгийн урлагийн урчуул дархчуул яваа хойно, онгод хөглөсөн, үйл явдлыг мөнхөлсөн үг яриа, хошин шог, наргиа хөөрөө яахин гарахгүй байх билээ. Жуулчны хоёр давхар автобусаар арлыг тойрон, далайг хөвөөлөн явахад өглөөний наран, их усны мандалд тусахуйяа аварга том толь мэт нүд гялбаан алсрана. Тайвань арлын зүүн хэсэг нь далай руу түрж тогтсон өндөр уулс ихтэй агаад хяр, энгэрээр нь тавьсан эргэж мушгирсан замаар тэртээ өндөрт гарч хэжин явахдаа цонхоор доош харахуй тээр доор далайн ус номин өнгөөр тунаран цэлэлзэх нь өнгө будгийн гайхамшиг гэлтэй. Тэр дүр зураг нөхдийн дуранбай болоод сэтгэлийн толинд буй аснаараа үлдсэн нь лавтай. Тайвань бол далдуу, хуайс, дал модод, хан боргоцой, туулайн бөөр, наргил жимсний орон. Үзэсгэлэнт моддыг харан сэтгэл баясгаж, амтат жимсийг нь амтлан хүртэж явахдаа найрагч нөхөд нэрийг асуун лавлах нь үг хэлхэн бадаг тэрлэж буй нь лавтай.   

Хорь гаруй жилийн өмнө 1993 онд Монгол-Тайванийн хооронд харилцаа тогтож, анхны хэдэн оюутан солилцоход миний бие тэдний тоонд багтан ирж суралцсан юм. Өвлийн амралтаар арлыг тойрон аялах завшаан гарч, жуулчны хоёр давхар автобусанд анх удаа суун хэдэн зуун км явсан минь санагдана. Автобусны зурагтаар Холивуудын “Гэртээ ганцаараа” киног үзээд ёстой ангайж “Үгүй ер, ийм амьдрал бас байдаг аа! Энэ чинь өөр ертөнц юм биш үү?” хэмээн гайхаж, атаархаж явсан билээ. Тэртээх наяад оны сүүлээр Монгол-Хятадын харилцаа уясан зөөлөрч оюутан солилцож эхлэхэд аанай л анхны оюутнуудын нэг болж Хятадын Мүгдэн хотод суралцаж байхад тэндэхийн өвөр монголчууд манай “Би чамд хайртай” киног үзээд “Чухам сайхан амьдрал тэнд байна аа!” хэмээн дуу алдацгааж байсан шиг л юм болсон хэрэг.

Их хурлын сүүлчийн үдэш далайн эрэг орчмын аялал зугаалгын газарт Яруу найргийн олон улсын уншлага болж, орон орны шүлэгч найрагчид уран бүтээлээсээ толилуулцгаав. Дэргэдхэн эртний түүхтэй гэрэлт цамхаг оройн наранд цайрах нь бас л зөгнөл мөрөөдлийн ертөнцөд хөтлөх агаад зуун зууны туршид энэхүү гэрэлт цамхаг алс холын аянаас ирж буй хөлөг онгоцонд түүдэг асаан дохио өгч, “Энд газар байна!” хэмээн сар жилийн урт аянд туйлдаж ядарсан усчид далайчдын сэтгэлд нар ургуулан гэрэлтдэг байсан буй заа. Тэр л гайхамшигт агшинг бидэнд үзүүлж наран жаргах алдад гэрэлт цамхгийн гэрлийг асаав. Өнөө цагт цахилгаан гэрлээр алсад буй хөлөг онгоцонд дохио өгдөг болсон тул бүгд цаг харж байгаад ам амандаа тоолон хашгиралдсаар гэрлийг асаах тэр агшин зочид төлөөлөгчдийн сэтгэлд хоногшиж онгодын хурыг шаагиулсан дурсамж үлдээсэн болой.    

Жаргаж байгаа нар

Зосон өнгөтэй дүрэлзэнэ.

Зэгэл саарал манан дунд 

Эгээ л хүж шиг улалзана.

Далай, манан хоёр

Нэг л юм шиг харагдана.

Буцалж байх шиг санагдана.

Гал улаан бөмбөлөг

Манан дунд өнхөрнө. 

Галзуу цагаан давалгаа  

Залгих гэсэн шиг өндөлзөнө.

Газрын хаа нэгтээд

Луу хүрхрэх шиг болно.

Гадаад их далайн гүнд

Галав юүлэх шиг аядана.

Лууны ганц нүд шиг         

Сүрлэг улаан нар   

Лааны дөлнөөс ч илчгүй

Сүүмийж байх шиг жихүүцнэ.

Аяа, энэ их ус… 

Аяа, энэ өтгөн манан…     

Аяа, энэ улаан наран…  

Энэ бол сая энд бичсэн шүлэг биш, тэртээ наяад оны сүүлээр Хятадад сурч байхдаа гадаад оюутнуудын хамт аяллаар явж Дальный, Порт-Артур хүрч Номхон далайн эрэг хөвөөнд очихдоо бичсэн шүлэг минь билээ. Залуу ч байж, шүлэг тэрлэн найрагч болох дэврүүн хүслээр өвчилж явахдаа их усны агуу гайхамшгийг нүдээр үзэж бишрэн бахдаж, бас сүрдэн аюуж зогсохдоо нүдний өмнө үзэгдэх байгалийн гайхамшигт нэгэн агшин сэтгэлийн толинд хэрхэн буусныг үгээр илэрхийлэх гэж оролдсон минь энэ болой. Их далай, их усан гэгч, уул талын хүмүн бидний хувьд үнэнхүү гайхамшигт орчин агаад өдөр нь цэлмэг сайхан байсан тэнгэр нар жаргахын алдад бүрхэж, бараан үүлсээр битүү хучигдан, их далайн дээгүүр нөмрөн нүүгэлтээд, жарган буй нар тэр зузаан үүлсийг нэвтэлж ядан туйлдах мэт гэрэл туяа нь бүдэгрэн бүдгэрсээр, эгээ л асч буй зул мэт дүрэлзэн сүүмэлзсээр, улмаа цогшин бөхөх хүжсийн үзүүр дэх өчүүхэн улаан цог мэт болох нь төсөөлөн бодохул үлгэрийн аварга амьтан лууны нүд л тэгж гэрэлтэх байх даа гэмээр эгэл атлаан эгэл бус, жир бусын гайхалтай мэдрэмж төрүүлж байсан авай.

Тэр их ус ай савдаа багтаж ядан, тэртээ холоос аварга том давалгаа долгис түрэн хуйлран эрчилсээр, түмэн цагаан адуу дэл сүүлээ хийсгэн довтолгох мэт наашлан ирж, асар хүчтэй давлан долгисч эрэг хөвөөний хад хясааг хайр найргүй мөргөн балбаж, их хөөс сахруулан цацлах нь их далай, эс бөгөөс мөнөөх үлгэрийн аварга луу давчдан цухалдахдаа тэнгэрт газарт цамнан тонгочих мэт сүрдэм агаад агуу гайхамшигтай ажгуу. Энэ удаа ч бид тийм л дүр төрхийг олж харж, тал нутгийн хүмүүнд тэр бүр тохиохгүй тэр гайхамшигт дүр төрхийг нүд үл салган, найргийн тэнгэр, сэтгэл оюундаа үг хэлхэн шүлэг тэрлэж зогссон билээ. Г.Аким гуай, А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх бид тийн онгод юугаан хөглөн “лууны ганц нүд”-тэй хөрөг зургаа татуулан мөнхөлж зогсохдоо энэхэн цэнхэр дэлхий, ганцхан гариг ертөнц маань жижигхэн юм даа, цөөхөн монголчууд л энэ их усны зах, хорвоогийн дайд хязгаарт учран золгож, хөөрөлдөн явж байна гэдэг дэлхий ээж маань угаас жижигхэн, улам л жижигхэн болж буй бус уу гэлтэй.  

Би бээр Бээжин дэх Монголын Элчин сайдын яам, Хөх хот дахь Ерөнхий Консулын газарт арван жил ажиллахдаа Монголын Зохиолчдын байгууллагын төлөөлөгчөөр бас томилогдож, хоёр улсын зохиолчдын байгууллагын харилцааг идэвхжүүлэх үүрэг хүлээн хэрэндээ л зүтгэсэн. Тэр он жилүүдэд хоёр талын уран бүтээлчид жил бүр харилцан айлчилж, биесийн утга зохиолын ертөнцтэй танилцан, судалж, орчуулж ирсэн юм. Тэгэхэд хоёр талын уран бүтээлчид энэ мэтээр байгаль, түүх, соёлын дурсгалт газруудаар аялж, онгод авьяас, бүтээлч идэвхээ өрнүүлж явсан билээ. 2001 оны намар Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Т.Галсан, Бөхийн холбооны Р.Нямдорж тэргүүтэй егзөр ахмадууд, дараа жил нь Ц.Энхбат, Х.Чилаажав нар, дараа нь Төрийн шагналт зохиолч Ц.Доржготов, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэнд-Аюуш, Утга зохиолын судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар, Дарханы Д.Цэнд тэргүүтнүүд, бас Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч Г.Аюурзана, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр гээд тоочоод байвал ихээ урт жагсаалт гарах олон уран бүтээлчид Хятадын Зохиолчдын байгууллагын урилгаар урд хөршид айлчилж, аялцгаасан. Түүнчлэн Өвөр Монголын зохиолчдын байгууллагатай харилцаж, хэдэнтээ айлчлан зочилсон нь сэтгэлд тодхон. Тэд “Нангиад найргийн уул” гэгдсэн их хайрхад болох тэнгэрт нартай зэрэгцэн үүлсийн чанад оршдог Эмэй, Хуаншань ууланд авирцгааж, нангиад найргийн тэнгэр, дөрвөн их одны нэг гэгддэг VIII зууны Тан улсын их шүлэгч Дү Фүгийн өвсөн гэрт саатаж, алс холын Вьетнамтай хил залгадаг “Мөнх хаврын орон” гэгдсэн Юньнанийн цэнхэр уулсад зорчин, хэдэн зууны тэртээх Монголын их цэргийн жанжин Базарбарам вангийн охин Агай гүнжийн агаараар амьсгалан найргийн хур буулгаж, гүнжийн эмгэнэлт амьдрал, хувь заяаг халаглан сонсч явсан болой.

Төрийн албанаа зүтгэж, эх орноосоо хол, хүний нутагт суухуйд үзэг нэгт нөхөд зорин ирж морилон саатах нь юутай сайхан. Их далайн мандалд хөвөх бяцхан навч мэт жижигхэн арал дээр нар цөөн үзэж, тэнгэрт ч, сэтгэлд ч ямагт бүрхэг байх миний сэтгэлд ёстой л наран ургаж тэнгэр цэлмэх мэт хэдэн өдөр өнгөрснийг үгээр илэрхийлье гэвч үг дутаж, ая дуугаар илтгэе хэмээвч эгшиг аялгуу хомсодсон бөлгөө. Уран бүтээлчид л болсон хойно, биднээс дуу хуур салаагүй, дууны дугараа дутаагүй, наадам наргиа, хошин шог ч дундраагүй билээ. Их гүүш Г.Аким гуайтай буудлын нэг өрөөнд тухалж хэд хонохдоо юу эсийг хүүрнэж, хуучилсан гэхэв. Бичиг номын бидэнд амьд бурхан мэт хүндэлж, даган дуурайх учиртай тэр мэт их хүмүүсийн явдлыг хэдхэн өдөр боловч нүдээр харж, ухаандаа хадаж авах нь олдошгүй хувь, оройгүй заяа буй.

Монголын их утга зохиолын хоймрын хүндтэй өвгөчүүлийн нэгэн болох нэрт дипломатч, орчуулагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гэндэндарам гуай л гэхэд, өдгөө ная гарсан насандаа хөнгөн шингэн, ануухан энэ буурайн амнаас унах үг бүрийг алтан шумуул ниссэн мэт араас нь хөөцөлдөн тэмдэглэж авууштай. Энэ мэтчилэн нутгийн ах Ү.Хүрэлбаатар, наяад оны дунд үеийн найргийн “багш” О.Содномпил, галтай цогтой шүлэгч А.Эрдэнэ-Очир, “Зүс бүгэг андууд”-ын цөс ихт дөрвөд М.Уянсүх нартай найраг шүлэг, хайку дуулал, бөх, ном гээд ярихгүй юм үлдээгүй ээ. Г.Мөнхцэцэг тэргүүт Монгол найргийн гал цогтой бүсгүйчүүл ч шүлэг уянгалуулан, онигоо хангинуулж, сөн түшихдээ эрчүүлтэй эгнэнэ үү гэхээс дутах нь үгүй явлаа. 

Алс газраас анд нөхөр морилон ирж

Үзмээр нэрсэн дарсыг

Үхрийн нүдэн жүнзээр хүрэхэд

Мянган хундага ч багадмуй…

хэмээсэн дорнын сэцэн үг сэтгэлд бууна. Сайхан монгол дээл, малгайтай Г.Аким гуай, Ү.Хүрэлбаатар нарыг гадныхан хаана л бол хаана тойрон бүчиж, “Чингис хаан” хэмээн шаагилдаж хамт зургаа авахуулах гэж зүүгдэцгээх нь бахдалтай. Хаа газрын үндэсний юм гэдэг тэр чигээрээ “брэнд” буюу улс үндэстнийхээ нэрийн хуудас болж байдгийн тод жишээ энэ юм. Ийнхүү Дэлхийн яруу найрагчдын их хуралд манайхан оролцож, Монголын утга соёлыг олон улсад сурталчилсан сайхан үйл явдал болсон юм.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,

зохиолч, орчуулагч Я.ГАНБААТАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж