Унгарын жирийн нэг багш Ласло Полгар сод ухаантанг бэлтгэе гэдэг зарыг 1964 онд сонин хэвлэлд тавьсан нь үе тэнгийн аятайхан бүсгүйн сэтгэлд нийцсэн нь хамтын амьдралын эхлэл болж хожим дэлхийн шатрын урлагийн түүхэнд гурван алдартай эмэгтэй их мастер төрөн гарахын үүдэл сэдэл болсон гэдэг. Ласло Полгар орчин үеийн боловсролын тогтолцооны гэм согогийг яс махандаа ойлгосон нэгэн байсан болохоор гурван охиноо ерөнхий боловсролын сургуульд өгөлгүй гэрийн сургалтыг эрхэм болгосон гэдэг талаар та бүхэн дуулсан байх аа.
Тэр хожим нь Жужа, Жуфа, Юдит Полгар нэрт шатрын урлагийн түүхэнд өнө мөнхөд гэрэлтэх гурван супер одыг өөрийн боловсруулсан арга зүйн дагуу бэлтгэн гаргасныг та бүхэн юу эс андах вэ?
Финлянд боловсрол гэж сүүлийн үед ихэд шуугиах боллоо. Финляндуудыг монгол гаралтай гэж дэлхийн түүхэнд бичдэг. Унгарчуудыг Хүннү гаралтай гэдгийг хүн болгон мэдэх хойно. Ямар сайндаа Фин-Унгар хэлний овог нь Алтай язгуурын хэлэнд хамрагдана гээд хэл шинжлэлийн сурах бичигт оруулах билээ дээ.
Миний хэлэх гээд байгаа гол санаа бол бидний үндэс язгуур нэгтэй үсэрсэн цус, тасарсан мах болох Фин, унгарчууд дэлхийн тавцанд өвөг дээдсээс маань өвлөсөн Монгол ухааны үүцийг дэлгээд эхлэлээ. Тэр уламжлал дамжлагыг марталгүй өвлөн авч яваа бид нар алс холын Араб угсааны морьдыг найман зуун сая, тэрбум төгрөгөөр харамгүй авчраад уралдуулдаг хэр нь сайн оюунт төрмөл эрдэмт охид хөвгүүдээ яагаад мартаж орхигдуулаад байх учиртай юм бэ гэдгийг дээр доргүй бодолцмоор гэдэг санааг энэ бичлэгээр хэлэх гэсэн юм.
Би энэ талаар Монгол сод ухаантнаа бэлддэг Монгол сургууль байгуулъя гэж энд тэнд хэлж ярьдаг, дарга сайд нартай чамгүй олон удаа уулзаж санаа оноогоо хэлж илэрхийлдэг л дээ. Тэдний зүгээс сонсдог жасааны шахуу нэг хариулт нь "Улсад мөнгө алга" гэсэн айхтар үгс духан дээр дан хийгээд явчихдаг. Жасаа гэдэг нь "жижүүр" гэдэг орос гаралтай үгийн урьд өмнө хэрэглэгдэж асан үндсэн Монгол илэрхийлэл юм шүү.
Улс оронд маань үнэхээр мөнгө байхгүй юм уу гээд өрөвч сэтгэлийн үүднээс бодоод үзэх гэхээр "Төрөө луйвардсан томчуудын хүүхдэд" тоймгүй их мөнгө зараад байдаг янзтай. Түрүү засгийн үеэс улбаатай "Кэмбрижийн боловсролын хөтөлбөрийн" үйлчилгээний зардалд томчуудын хүүхдүүдэд зарцуулдагаас дутахгүй их мөнгө зарлагадаж байдгийг бодвол холбогдох салбарын шилэн данс энэ тэрд тусгалаа олсон байдаг байлгүй.
Алс холын Австрали тивийн Сиднейн их сургуулийн Монгол судлалын танхим байгуулах, Боннын их сургуулийн Монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд Монгол төрөөс чамгүй их мөнгө төсөвлөж хандивласан туха та бүхэн дуулсан байх аа.
Гэтэл төр маань гадаадад ийм их хөрөнгө оруулалт хийгээд байгаа хэр нь дотооддоо магадгүй хамгийн хэрэгтэй байж мэдэх зүйлд зарцуулах болохоор харамч хахир зангаа гаргаж мөнөөх л "Мөнгө алга" гэдэг шалтагаар гул барьдаг нь ямар учиртай юм бол?
Уг нь дээрхи гурван төслийн магадгүй мянганы нэг хувийг нь л Монгол сургуульд зарцуулчихад хөл дээрээ босоод ирэх юм шүү дээ. Гэхдээ энэ удаа би энэ бүхнийг тоочдог нь "Мөнгөгүй төрөөс" мөнгө шантаажлан гаргуулах санаа сэдэл огт агуулаагүй юм шүү. Гол нь энэ засгийн үед төрийн зүгээс дэмжлэг туслалцаа ирэхгүй нь бараг тодорхой нөхцөлд иргэдийн өөрсдийн санаа сэдэлд тулгуурлан хамтын хүчээр Монгол сод ухаантныг бэлдэж, Монгол шатрын дэлхийн аваргыг төрүүлэн гаргая хэмээн уриалах гэсэн хэрэг болой. Монголд тийм нөөц бололцоо хангалттай буй. Ойрын үед энэ талаар сонирхож байгаа хувь хүн, пүүс компаниудын төлөөлөгчдийг цуглуулан уг төслийг хэрэгжүүлэх аргачлал, арга замын талаар нарийвчлан хэлэлцэх бодолтой байна. Та бүхэн санаа бодлоо харамгүй хэлээрэй. Тэр үед миний бие нарийвчилсан төлөвлөгөө аргачлалаа танилцуулах болно. Бас Ласло Полгарын "Bringing up genius" номыг орчуулан та бүхний таалалд хүргэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасу.
Энэ төслийг хэрэгжүүлэхэд мөнгө хөрөнгө бага хэрэг. Тэр бол төрийн дэмжлэгтэй, дэмжлэггүй бүтнэ. Гол нь төрмөл эрдэмт сайн оюунт хөвгүүд охидыг олноор нь сонгож бэлдэх л хамгийн гол том хэрэг юм шүү.
Д.БОЛДБААТАР