“Бостон балет”-ын уран бүтээлчдийн сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг бид хүргэж байна. “Бостон балет”-ын уран бүтээлчид бүгд Монголд анх удаагаа ирж байгаа бөгөөд хамгийн холоос ирсэн нь Өмнөд Африкийн бүгд найрамдах улсаас ирсэн бүжигчин Андилье Ндлову байсан юм.
-Монгол орны талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Андилье Ндлову: “Би Монгол орныг маш хүйтэн орон гэж төсөөлж байсан. Зун болдог талаар ч ямар төсөөлөл байгаагүй. Харин онгоцноос буусан хойн маш халуун дулаан, тааламжтай уур амьсгал, найрсаг хүмүүс хүлээж авсан” гэж ярьсан юм. Харин хамтран бүжиглэгч Д. Алтанхуягийн талаар “Бид хэд хэдэн удаа хамтран тоглож байсан. Тэр надаас Өмнөд Африкийн тухай асуухад нь би харин Монголын талаар сонирхдог байсан “ гэв.
-Гала тоглолтыг Монголчууд тэсэн ядан хүлээж байгаа. Гайхалтай тоглолт болох бололтой?
Аргентины балетчин, “Бостон балет”-ын гоцлол бүжигчин Эрика Корнехо:
– Тиймээ, бид их найдаж байгаа. Хоёр үдэш үргэлжлэх гала тоглолтоор бид эрч хүч, шинэ өнгө аясыг мэдрүүлэх болно.
-Та “Хунт нуур”-ын ямар дүрд тоглох вэ?
– Би нөхөртэйгээ хамт ирсэн. Тэр бас бүжигчин. Бид хоёр “Хунт нуур”-т биш, Гала тоглолтод оролцоно. Харин “Хунт нуур”-т Японы балетчин Миса Куранага тоглоно. Гала тоглолт дөрвөн үндсэн хэсгээс бүрдэнэ.
Амжилт хүсье. Баярлалаа.