Ноён уулд дөрвөн хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Ноён уулд дөрвөн хүн нас баржээ

Ноён ууланд нөхцөл байдал ямар байгааг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваагаас тодрууллаа.

-Гацууртын ордыг ашиглах тал дээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд ямар байр суурьтай байна вэ?

-Гацууртын ордыг ашиглах тал дээр иргэд олон янзын байр суурьтай байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед уурхай ашиглалтад орвол хэдэн хүн ажилтай болох юм, нутаг орондоо ашгаа хэрхэн өгөх вэ, эргээд нөхөн сэргээлт хийх юм уу гэж асуусан хүмүүс ч бий. Зарим хэсэг нь тахилгатай уул усаа хэзээ ч ухуулахгүй гэж эсэргүүцэж байна. Мэдээж нутгийнхан бид чинь дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг л дагах байх.

-Одоогоор Ноён уулын нөхцөл байдал ямар байна вэ?

-Нөхцөл байдал нэлээд хүнд байсан. Хүйтэн сэрүүн улирал болсон учир зарим хүмүүс явсан. Ер нь нинжа нар орж ирснээс хойш бид 50 гаруй удаа тараасан, зургаан сая төгрөгийн торгууль оногдуулсан. Улсын төсөвт Ноён уулыг хамгаалах хөрөнгө хуваарилаагүй. Орон нутгаас тодорхой зардал гаргаад дөрвөн сарын хугацаанд хамгаалах ажил зохион байгуулаад, хууль хүчнийхэн, орон нутгийн байгаль хамгаалагчид өдөр шөнөгүй харж, сахиад сууж байна. Үнэхээр 80 тонн алт байгаа юм бол амьжиргаагаа залгуулчих юмсан гэсэн бодолтой хүмүүс ирж байна. Цаашид энэ байдал удаан үргэлжлэх юм бол бидэнд төсөв хөрөнгө байхгүй. Улс хамгаалалтад авна уу эсвэл ашиглуулна уу аль нэг шийдвэрээ яаралтай гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол орон нутгийн байгууллага дээр маш том ачаалал ирээд байна.

-Ноён ууланд алт ухаж байгаа нинжа нар амь насаа алдаж байна, гэмт хэрэг цөөнгүй гарлаа гэж ярьж байсан. Энэ асуудал юу болж байна вэ?

-Нийтдээ дөрвөн хүн нас барсан. Нэг хүний биеийн байдал анхнаасаа тааруу байснаас болоод нас барсан. Хоёр нь нүхэнд дарагдсан, нөгөө нэг нь хүний гарт амиа алдсан. Бид чадлаараа арга хэмжээ авах гэж хичээж байгаа. Нинжа нар ирснээс хойш манай суманд гэмт хэргийн гаралт 15 хувиар өссөн. Энэ тооноос л асуудал ямар байгаа нь тодорхой байгаа  байх. Нөгөө талаас алт ухах гэсэн нинжа нар дандаа шөнөөр очиж байна. Тэгээд мод хөрөөдөөд гал түлдэг. Энэ үйлдэлд нь торгууль тавих ямар ч аргагүй. Байгаль хамгаалагчид очоод шаардлага тавихаар би огтлоогүй тэнд уначихсан байсан модыг авсан гэдэг. Байгаль хамгаалагчдад ямар ч баримт байхгүй учир хариуцлага тооцох эрх байдаггүй. Үүнээс гадна хамгаалалтын хүмүүс рүү харуй бүрийд чулуу шидэж гэмтээдэг. Ингээд өглөө хөөгөөд явуулахаар шөнө давхиад ирдэг. Ийм л зовлонтой нөхцөл байдал үүсчихээд байна.       

-Гацууртын ордыг ашиглах тухай хуулийн төсөл явагдаж байна. Энэхүү төсөлд ямар асуудлыг онцгойлон тусгах шаардлагатай вэ?

-Яг ашиглах дээрээ тулах юм бол ажлын байрнаас эхлээд, орон нутагт наалдах ашиг нь өндөр байлгахыг эрмэлзэнэ. Мөн нөхөн сэргээлт хийх эсэх гээд олон асуудал бий. Эхлээд хуулийн төсөлтэй танилцаж байж нутгийн иргэд шийдвэр гаргана.

-Иргэний нийгмийн байгууллагууд зорилтод байдлаар очиж иргэдийн толгойг угааж байна гэсэн мэдээлэл бий. Энэ тал дээр та юу гэмээр байна вэ?

-Тийм асуудал байхгүй. Харин ч ашиглуулахгүй байя. Бидний хамгаалалт сул байна гэх мэтээр асуудалд хандаж байгаа шүү. 

Т.ДАВААНЯМ

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж